Friday, October 9, 2009

С.Баяр: Оюутолгойн төслөөс Монголын талд ногдох үр өгөөжийг нэрлэсэн үнэ цэнээр 53 хувьд хүргэхээр тохиролцоонд хүрлээ

5

-Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Оюу толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна-

Монгол Улсын эрхэм Ерөнхийлөгч өө,

Монгол Улсын Их Хурлын эрхэм дарга, гишүүд ээ,

Монгол Улсын нийт ард иргэдээ,

Эрхэм хөрөнгө оруулагчид аа,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Өнөөдөр Монголчууд бидний олон мянган жилийн туршид мөрдөж ирсэн цаг тооллоор шороон үхэр жилийн намрын дунд сарын арван долооны билигт сайн өдөр тохиож байна.

Энэ өлзий төгөлдөр, билигт сайн өдөр нийт Монголчууд бидний хувьд олон жилийн туршид хүсэн хүлээж байсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгойн алт-зэсийн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах түүхэн цаг мөч сая тохиолоо.

Монгол орон ашигт малтмалын арвин их нөөц баялагтай гэдгийг бид олон жилийн туршид ярьж ирсэн боловч өнөөгийн байдлаар илрээд байгаа ашигт малтмалын нөөцтэй харьцуулбал эдийн засгийн эргэлтэд оруулж, үр ашгийг нь хүртэж байгаа ашигт малтмалын томоохон орд газар чамламаар цөөн байгаа билээ.

Газрын хөрсөн доорх баялаг бол эцэг, өвгөдийн маань үеэс хойч үеийн бидэндээ өвлөж үлдээсэн арвин их баялагийн нэг хэсэг юм. Бидэнд зөвхөн газрын баялаг бус түүнээс ч илүү үнэ цэнтэй буурал түүхийн маань бахархалт өв, зуун зууны хур шингэсэн оюуны асар их баялаг, монгол хүний золбоо хийморь, авъяас билиг цогцолж байгаа гэдгийг бид мартах учиргүй бөгөөд байгалийн баялгаа монгол хүнийхээ, Монгол Улсынхаа хөгжлийн хурдасгуур болгоход эдгээр хүч нөөцөө бүрэн ашиглах ёстой билээ.

Оюу толгойн алт-зэсийн орд газрын Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах үйл явц сүүлийн 4 жил гаруй хугацаанд үргэлжилж, өнгөрсөн жилүүдэд 2 удаагийн УИХ, 3 удаагийн Засгийн газрыг дамжин хэлэлцэгдэж, хэлэлцэх хирээр улам бүр чамбайрч, сайжирсаар өнөөдрийг ийнхүү хүрлээ.

УИХ-аас хөрөнгө оруулагчидтай гэрээний төслийг хэлэлцэн тохирох талаар Засгийн газарт 2008 оны 12 дугаар сарын 40 дугаар тогтоолоор өгсөн үүрэг, удирдамж, мөн түүнчлэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор удаа дараа гэрээний төслийг хэлэлцээд өгсөн удирдамж, чиглэлүүд, УИХ-ын гишүүдийн гаргасан санал, зөвлөгөө нь гэрээг байгуулах үйл явцыг эрчимжүүлж, монголын талаас тавих шаардлага, шалгуурыг тодорхой болгож өгснөөс гадна хэлэлцээр хийж буй Засгийн газрын ажлын хэсэгт найдвартай ар тал, өмөг түшиг болж ирсэнийг онцлон тэмдэглэж байна. Эрхэм гишүүд Та бүхний гэрээний төслийн талаар гаргасан санал, зөвлөгөөнд Засгийн газар онцгой анхаарал тавьж, гэрээний зүйл, заалтуудад тусгаж ажилласан гэдгийг хэлэхэд таатай байна.

Монгол Улсын Их Хурлаас бидэнд итгэн даалгасан үүргийн дагуу манай хамтарсан Засгийн газар Оюу толгойн бүтээн байгуулалтыг ажил хэрэг болгон эхлүүлж байна. Улс үндэстний хөгжил дэвшилд шинэ ундарга нэмэн ирж буй Оюу толгойн эрин зууны бүтээн байгуулалтыг өлгийдөлцөх түүхэн үүрэг хариуцлага, хувь заяа бидэнд ногдсонд бахархаж байна.

Гэрээний төслийг эцэслэх явцад Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр удаа дараа нухацтай хэлэлцэж, гэрээг боловсруулах, чамбайруулах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Танд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

Гэрээний төслийг боловсруулах, хэлэлцэх явцад УИХ, Засгийн газрын байгууллагуудаас гадна манай ард иргэд, төрийн бус байгууллагууд, эрдэмтэн мэргэд, судлаачид үнэ цэнтэй олон сайхан санал боловсруулж ирүүлж байсан нь гэрээний төслийг илүү оновчтой, илүү ул суурьтай болоход ихээхэн хувь нэмэр оруулсаныг онцлон тэмдэглэе.

Оюу толгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар Монголын ард түмэн, төр засаг энэхүү гэрээнээс хэдий хэмжээний үр ашиг, өгөөж хүртэх вэ гэсэн гол асуудал олон нийтийн анхаарлын төвд байх нь зүй ёсны хэрэг юм.

Хөрөнгө оруулагчидтай хийсэн олон удаагийн яриа хэлэлцээний үр дүнд бид Оюутолгойн төслөөс Монголын талд ногдох үр өгөөжийг нэрлэсэн үнэ цэнээр 53 хувьд хүргэхээр тохиролцоонд хүрч чадлаа.

Үүнээс гадна Монголын талд буюу манай нийт эдийн засаг, ард иргэдэд ногдох үр ашгийн талаар зарим цөөн жишээг дурьдвал:

  • Оюу толгойн төслийн бэлтгэл ажлын үе шатанд 4000-5000 хүн ажиллаж, шууд болон шууд бус байдлаар 10000 ажлын байр шинээр бий болох юм. Төслийн ашиглалтын шатанд 2500-3500 хүн ажиллах бөгөөд эдгээрийн 90 хувь нь монголчууд байх юм;
  • Уурхайн үйл ажиллагаа эхэлснээр манай улсын экспортын хэмжээ 2- 2,5 тэрбум ам доллараар нэмэгдэж, гадаад валютын маань улсын нөөц арвижина;
  • Жилд дунджаар 580 гаруй сая ам долларын татварын орлого улсын төсөвт орж, төслийн үргэлжлэх хугацаанд нийт татвар, орлого 29 гаруй тэрбум ам долларт хүрч, төсвийн орлогын найдвартай эх үүсвэр буй болж, эдийн засаг, нийгмийн олон чухал асуудлыг шийдвэрлэх таатай нөхцөл бидэнд бүрдэнэ;
  • Уурхайг дагалдан говийн бүсэд авто зам, төмөр зам, эрчим хүч гэх мэт улс орны нийт эдийн засагт ач холбогдол бүхий дэд бүтэц байгууламжууд баригдаж, говийн бүсийн эрчимтэй хөгжлийн эхлэл ийнхүү тавигдана;
  • Уурхайн цаашдын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх зэрэг бизнес шинээр бий болж, манай олон арван аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагаа, ашиг орлогод сайнаар нэн нөлөөлөх юм.

Гэвч гэрээнд гарын үсэг зурснаар газар дор байгаа эрдэс баялаг өөрөө хөрсөн дээр гарч ирэхгүй, хөрөнгө мөнгө болон хувирахгүй нь дэндүү тодорхой юм. Цаашид Оюу толгойн орд газрын олборлолтын өмнөх бэлтгэл ажлыг хангах, уурхайг байгуулах, олборлолтыг явуулж эхлэхэд цаг хугацаа, хөрөнгө хүч шаардагдах болно. Энэ бүх үйл ажиллагаанд манай иргэд, үүний дотор ажил эрж хайж байгаа залуучууд өөрсдөө гар бие оролцох, ажлын байртай, цалин орлоготой болох өргөн боломж, үүний хажуугаар бас үүрэг хариуцлага ирж байна.

Хөрөнгө бэл, хангалуун амьдрал өөрөө аяндаа бүрдэхгүй. Ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд л амьдрал цогцолдог. Ийм л жамтай эрээн хорвоо. Ажил хийсэн хүн ам тосдоно гэж бидний монголчууд ярьдаг. Иймээс бид өнөөдөр хэрэгжүүлж эхлэх гэж байгаа энэ томоохон төслийг бодит ажил хэрэг болгон, улс орныхоо эдийн засаг, улмаар айл өрх бүрийн аж амьдралд илүү ахиц дэвшил гаргахын төлөө шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай болж байна.

Монгол улс одоогоос 10 жилийн өмнө буюу 1998 онд 150 орчим сая долларын эрдэс бүтээгдэхүүнийг экспортод гаргаж байсан байна. Харин өнгөрсөн 2008 оны байдлаар эрдэс бүтээгдэхүүний экспорт үүнээс яг 10 дахин нэмэгдэж 1,5 тэрбум ам долларын эрдэс бүтээгдэхүүнийг Монгол улс экспортод гаргажээ. Тэгвэл Оюу толгой төслийн олборлолтын ажил эхлэмэгц буюу 2014 он гэхэд ашигт малтмалын экспортын орлогын хэмжээ 2008 оны түвшнээс 2 дахин нэмэгдэж, 3,0 тэрбум гаруй ам долларт хүрэхээр төлөвлөгдөж байна.

Оюутолгой энэ төсөл нь дор хаяж 50 жилийн хугацаанд хэрэгжих урт хугацааны төсөл учир төслийн өгөөжийг нь зөвхөн өнөөгийн бидний үеийнхэн хүртэх бус, өнөөдөр цэцэрлэг, яслид хүмүүжиж аав ээжийнхээ хайранд өсч торниж байгаа та бидний үр хойч үеийнхэн ч гэсэн энэхүү төслийн үр өгөөжийг хойшид ч хүртсээр байх юм.

Оюу толгой болон уул уурхайн бусад томоохон төслийг Монгол улсын эдийн засгийн хөгжилд илүү урт удаан хугацаанд, тогтвортой үр өгөөж өгдөг төсөл болгохын тулд эдгээр төслөөс орж ирж буй орлогыг Монгол улсын хөгжлийн, хөрөнгө оруулалтын, тогтворжуулалтын зэрэг сангуудад байршуулан ашиглах замаар улам арвижуулан, үр өгөөжтэй ашиглах тогтолцоог буй болгохыг хамтарсан Засгийн газар, бид бүгд зорьж байна.

Миний бие 2007 оны 11 дүгээр сард Монгол улсын Ерөнхий сайдаар анх томилогдсоны дараа УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ улс орны хөгжлийн үндэс суурийг улам бэхжүүлж, хөгжүүлэхэд чиглэгдсэн таван гол тулгуур буюу таван төгөлдөршлийн талаар тодорхой зорилт дэвшүүлж байсныг та бүхэн санаж байгаа байх.

Өнөөдөр байгуулж байгаа Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын энэхүү гэрээ нь байгалийн баялагийн ашиглалтыг төгөлдөршүүлэх ажлын гарааны торгон зурвас болж байна. Гэрээ байгуулагдсаны дараа Монгол улсад орж ирэх урьдчилгаа төлбөрийн хөрөнгийг юуны өмнө хүн амынхаа бүртгэлийг боловсронгуй болгон төгөлдөршүүлэх зорилго, чиглэлээр ашиглах нь зүйтэй юм. Монголын төрийг Монгол Улсын иргэнтэй нь нягт холбосон бүртгэлээ төгөлдөршүүлэх нь байгалийн баялгаасаа олох ашгаа ард иргэддээ эх орны хишиг, эрдэнийн хувь хэлбэрээр хүртээхдээ чухамдаа тэгш, шударга байх үндсэн зарчим, ажлын арга хэлбэрээ төгөлдөршүүлэх гол үндэс суурь болно гэж үзэж байна.

Ийнхүү Оюу толгойн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, цаашдын үйл ажиллагааг шуурхай өрнүүлснээр бидний дэвшүүлж, хэрэгжүүлж ирсэн таван төгөлдөршлийн зорилтын эдийн засаг-нийгмийн чиглэлтэй эхний гурав нь биелж эхэлж байгаад Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хязгааргүй их баяртай байна.

Хэдэн жилийн дараа Монгол улсын эдийн засаг илүү төрөлжсөн, олон тулгуур бүхий хөгжингүй бүтэцтэй, ашигт малтмалыг боловсруулах эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл үлэмж хөгжсөн, өрсөлдөх чадвар сайтай улс орон болно гэдэгт би Ерөнхий сайдын хувьд огт эргэлзэхгүй байна.

Саяхан манай Засгийн газар Монгол Улсыг үйлдвэржүүлэх Хөтөлбөр баталж, зэсийн баяжмалаас цэвэр зэс ялгах цогцолборыг ойрын хугацаанд багтаан байгуулахаар шийдвэрлэснийг билигт сайн энэ өдөр монгол түмэндээ сонордуулах нь зүйтэй гэж үзэж байна. Ийнхүү Монгол улс зөвхөн түүхий эд бэлтгэн нийлүүлэгч бус нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болох зорилтот хөтөлбөрөө ханган биелүүлэх болно. Түүнчлэн төмөрлөгийн болон газрын тосны эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг улс орны хөгжил, дэвшилтэй холбоотой олон чухал асуудлууд тус Хөтөлбөрт тусгагдасныг энэ дашрамд бас дуулгая.

Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахын төлөө хүчин чармайлт гарган ажилласан манай УИХ, Засгийн газрын алс хэтийн хүсэл эрмэлзлэл, зорилго нь чухамхүү ирээдүйн энэ сайн сайхан хөгжлийн төлөө чиглэгдэж ирсэн юм шүү гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол улсынхаа нийт ард иргэддээ, хойч үеийнхэндээ хандаж хэлэхийг хүсч байна.

Монгол Улсад ойрын жилүүдэд хэрэгжих уул уурхайн олон томоохон төслүүдийн эхлэл болж байгаа Оюу-толгой төслийн үйл ажиллагаанд амжилт хүсч, Монгол улсын сан хөмрөг цаашид улам арвижин баяжиж, ард иргэдийн маань аж амьдрал улам бүр өөдлөн дээшлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол Улс маань үүрд мандан бадрах болтугай!
Т.Очирхvv: Оюутолгойн гэрээг Монголын ард тvмэн дэмжиж буйг мэдэрч байна

2009-10-09 18:02:12 , Мэдээний дугаар: #1161655

Сангийн дэд сайд Т.Очирхvvтэй ярилцлаа. -Олон жил хvлээгдсэн Оюутолгойн гэрээг vзэглэлээ. Энэ гэрээ Монгол Улс, ард тvмэнд ямар vр єгєєж єгєх вэ?



сурталчилгаа »

-Оюутолгойн гэрээг Монголын ард тvмний 51-ээс дээш хувь нь дэмжиж байгаа. Бvр 99 хувь нь ч дэмжиж байж магад. Учир нь Оюутолгойн ордыг ашигласнаар Монгол Улсын хєгжил, ард тvмний ирээдvйн амьдрал баталгаатай болж байна. Ард тvмэн “Оюутолгой бидний амьдралд маш том хувь нэмэр оруулна” гэж итгэж, хvсэн хvлээж байгаа. Зvгээр л 1.5 сая тєгрєг авах тухай бодоогvй юм шvv. Яагаад гэвэл, 1990 онд дэлгvvрийн лангуун дээр давснаас єєр зvйлгvй байхад Эрдэнэт монголчуудыг єлсгєлєнгєєс аварсан. Тиймээс Эрдэнэтээс дєрєв дахин их нєєцтэй Оюутолгойн ордыг ашигласнаар ирээдvй нь баталгаатай боллоо гэж олон тvмэн бодож байгаа. Vvнийгээ ил гаргаж илэрхийлээгvй байж болно. Гэхдээ дотоод мэдрэмжээрээ Оюутолгойг ашиглах нь Монгол Улсын эдийн засагт ямар их ач тустай, бидний амьдралд ямар их єгєєжтэйг ойлгож, мэдэрч, дэмжиж байгаа. Оюутолгой Эрдэнэтээс том, Эрдэнэтээс илvv их орлого, єгєєжийг монголчуудад єгнє. Энэ ордоос жил бvр улсын тєсєвт 580 гаруй сая ам.доллар буюу 700 орчим тэрбум тєгрєгийн орлого оруулах тооцоог хийсэн байгаа. Би сонгогчиддоо хэлдэг юм. Монголчууд нэг гэр бvлийн хvvхдvvд, улсын тєсєв бол гэр бvлийн тєсєв гэж. Тэгвэл Оюутолгойгоос Монгол гэдэг айлын тєсєвт 700 тэрбум тєгрєгийн орлого орж ирэх нь. Энэ орлогын хэмжээ цаашид єснє. Тэр хэрээр тєрийн албан хаагчдын цалин нэмэгдэнэ, хvvхэд, ахмадуудад чиглэсэн нийгмийн бодлого сайжирна. Боловсрол, эрvvл мэндийн салбарт оруулах хєрєнгє оруулалт нэмэгдэнэ, ажлын байрууд бий болно. Монгол залуус харийг зорих шаардлагагvй болж, эх орондоо дор хаяж 1500 ам.долларын цалинтай ажил хийнэ. Говийн бvсийг хєгжvvлэх боломж нээгдэнэ. Гэрээнд гарын vсэг зурах vед хvмvvс зэс хайлуулах vйлдвэр байгуулах хэрэгтэй гэсэн санааг нэлээн хэлж байсан. Энэ зєв. Гэхдээ минийхээр говийн бvсэд Оюутолгойд тvшиглэсэн 100 мянган хvн амтай Эрдэнэт шиг сайхан хот босгох хэрэгтэй. Хотыг дагаад боловсруулах vйлдвэр барьж байгуулж болно. Єнєєдєр говь цєлжилтєєс vvдээд уламжлалт мал аж ахуйд хvндрэл учирч эхэлсэн. Тиймээс мал аж ахуйгаа тэтгэх, хvчтэй vйлдвэрийн бvтэцтэй болох нь чухал. Vvнийг хєрєнгє оруулагчид бус харин Монголын Засгийн газар хийх ёстой юм.

-Иргэний хєдєлгєєнийнхєн гэрээг эсэргvvцэж буй. Ордыг 30 жил ашиглах, Монголын талын эзэмших хувь 34 дээр тогтсоныг буруутгаж байгаа. Тэдний дvгнээд байгаачлан гэрээг байгуулснаар бид эх орноо худалдаж, Оюутолгойн гэрээ монголчууд хохирсон гэх юм?
-Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Хэн юу ярьж, vзэл бодлоо илэрхийлэх нь эрхийн асуудал. Vvнийг хєрєнгє оруулагчид анхаарах учиртай. Монгол Улсын нийт ард тvмний эрх ашгийн тєлєєх аливаа зvйл дээр сєрєг дуу хоолой байх нь зvй. Би иргэний хєдєлгєєнийнхєн, тєрийн бус байгууллагуудыг Оюутолгойн гэрээнд нэлээн хувь нэмэр оруулсан гэж боддог. Тэдний тавьсан шаардлагаар гэрээ чамбайрсан, сайжирсан. Гэхдээ Оюутолгойн гэрээг vзэглэлээ. Нэгэнт vзэглэсэн гэрээний араас шороо цацах хэрэггvй. Энэ гэрээ эх орноо худалдсан, монгол тvмэнд хохиролтой гэрээ болоогvй. Хугацааны тухайд уул уурхайн салбарын хєрєнгє оруулалтыг 30 жилээр хийх ёстой. Vvнээс бага хугацаатай бол vр дvнгvй. Олон улсын жишигт ч 30 жил байдаг юм билээ. Монголын талын эзэмших 34 хувийн тухайд хуулийн заалт бий. Хувийн хєрєнгє оруулалтаар хайгуулын ажил хийсэн ордод Монголын талын эзэмших хувь 34 байхаар заасан. Ийм заалттай хууль єнєєдєр хvчин тєгєлдєр мєрдєгдєж байгаа. Тиймээс хуулийн хvрээнд л тогтсон хувь хэмжээ.

-Монголын тал 34 хувь эзэмшинэ гэхээр зарим хvн ордын нєєцийн 60 гаруй хувийг нь хєрєнгє оруулагчид хуу хамаад аваад явчих юм байна гэж ойлгоод байх шиг. Vvнийг ялгаж, салгаж тайлбарлах хэрэгтэй болов уу?
-Энэ талаар мєн ч олон удаа тайлбарлаж байна даа. Манайхан хvний vгэнд тєвлєрч чаддаггvй юм уу, ийм ойлголт, мэдээлэл байгаад л байх юм. Оюутолгойн орд газраас олж байгаа бvх ашгийн 53 хувь нь монголчуудад ногдож буй. Єєрєєр хэлбэл, нийт ашгийн 53 хувийг Монголын ард тvмэн хvртэнэ. Vлдсэн 47 хувь нь хєрєнгє оруулагчдад ногдож байгаа.

-Оюутолгой бvрэн хvчин чадлаараа ажиллавал жилд нэг тэрбум ам.долларын орлого Монголд орж ирэх бололцоотой гэсэн тооцооллыг Ерєнхий сайд асан Д.Содном гуай хийсэн байсан. Урьчилсан тооцоогоор 580 гаруй сая ам.долларын орлого тєвлєрvvлэхээр буй. Энэ бvхэн манай улсын тєсєвт ямар дэмжлэг vзvvлэх вэ?
-Мэдээж тєсвийн орлого нэмэгдэнэ. Єнєє жилийн тєсвєєр манай орлого хоёр их наяд байгаа. Vvгээр тооцвол улсын тєсвийн орлогыг 30 гаруй хувиар єсгєнє. Энэ хэмжээгээр тєсєв ашигтай, алдагдалгvй байна. Ард тvмэнд тєсвєєр дамжиж очих vр єгєєж нэмэгдэнэ. Тєрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэлт эх vvсвэр, хvvхдийн мєнгє, хvvхдэд очиж байгаа хєрєнгє оруулалтууд нэмэгдэнэ. Гэхдээ ухаантай улс орнууд 500 гаруй сая ам.доллараар орлого нь єсєхєєр гарын салаагаар урсгадаггvй. Бvгдийг нь идээд дуусгадаг нь гол тєлєв ядуу, сэтгэлгээний хувьд хоцрогдсон улс орон байдаг. Харин хєгжилтэй орнууд нэг хэсгийг нь идээд, нєгєє хэсгийг нь хуримтлуулдаг, хойч vедээ зориулж хєрєнгєє єсгєдєг. Оюутолгойн гэрээг vзэглэсэн энэ єдрvvдэд хvмvvсийн ярианаас би нэг зvйлийг анзаарсан. Манай улс орлогын тєвшин доогуур ч боловсрол єндєр, сэтгэлгээ сайн улсууд. Арван хvний 8-9 нь Оюутолгойгоос орж ирэх мєнгийг идээд уугаад дуусгачихмааргvй байна гэж байна. Нэг, хоёр нь л надад мєнгє хэрэгтэй гэж байна. Vнэхээр бидний ємнє Оюутолгой асар их боломжийг нээж єглєє. Vvнийг зєв, зохистой ашиглаж, Оюутолгойгоос орж ирэх хєрєнгийг Монгол Улсын хєгжлийн боломж, иргэдийн бодит орлого болгох ёстой.

-Урьдчилгаа тєлбєрийн 100 сая ам.доллар тун удахгvй орж ирнэ. Эндээс иргэн бvрт 50 мянган тєгрєгийг эх орны хишгийн дээж болгож єгєх, vvгээрээ дамжуулан бvртгэлийг тєгєлдєршvvлэхээр Засгийн газар тєлєвлєж байгаа. Vvнийг Оюутолгойгоос орж ирэх мєнгийг тараагаад цацах нь гэх шvvмжлэл бий?
-МАХН-ын мєрийн хєтєлбєрт эх орны хишгийг єгєхєєр амласан. АН эрдэнийн хувийг амласан. Монгол хvн эх орныхоо байгалийн баялгаас хишиг хvртэх нь зvй. Улстєрийн намууд ч нэгэнт амласан учраас амлалтаа биелvvлэх ёстой. Ерєнхий сайд ард тvмэндээ эх орны хишгийг єгєхийн тулд янз бvрийн эх vvсвэр хайж байгаа. Єнєєдєр эдийн засгийн хямралаас vvдээд хvмvvст мєнгє хэрэгтэй байгаа энэ vед 50 мянган тєгрєгийг эх орны хишгийн дээж болгож єгєх нь зєв. Би УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй хамт Ховд явсан. Хєдєєд малын гаралтай тvvхий эдийн vнэ унаж, малчид орлогогvй болжээ. Тэд 1.5 сая тєгрєгєє єгєєч, хvvхдийнхээ тєлбєрийг тєлье, эмчилгээндээ зориулъя гэж байна. Яахав энэ мєнгє баян чинээлэг амьдралтай хvмvvст нєлєєлєхгvй байх. Тиймээс цаашдаа яг тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хvндээ чиглэсэн бодлогыг хэрэгжvvлэх учиртай. Бас улстєрийн намууд тєсєв тогтворгvй болгох эх vvсвэргvй зvйл амлахаа болих нь чухал.

-Оюутолгойгоос жилд орж ирэх орлого зэсийн vнээс хамаарна. Уг нь єнгєрсєн жилvvдэд тонн зэс 9000 ам.долларт хvрэх vед энэ ордыг ашиглаж байсан бол гэх харамсал зарим хvмvvст байна лээ. Юутай ч сvvлийн єдрvvдийн ханшийг харж байхад дэлхийн зах зээлд зэсийн vнэ єсч байна. Цаашид яах бол?
-Одоо дэлхийн зах зээлд тонн зэсийн vнэ 6000 гаруй ам.доллар байгаа. Ер нь цаашдаа зэсийн vнэ єснє гэсэн прогноз бий. Vvнийг бодитой гэж бодож байна. Зэсийн хамгийн их хэрэглээтэй АНУ, Хятадын эдийн засаг сэргэж байгаа. Зах зээлийн эдийн засагтай орнуудад санхvvгийн хямралын vед эдийн засаг нь унаад, сэргэлт аажмаар явж байгаад, сэргэлтийн дараахь єсєлт их єндєр байдаг юм билээ. Тэгэхээр АНУ, Хятадын эдийн засгийн сэргэлт хvчтэй болоход зэсийн vнэ єснє.

Дараагийн ордуудыг ашиглахад Д.Зоригт сайдын туршлага, мэдлэг энэ тєрд хэрэгтэй

-Оюутолгойн гэрээний тухай ярихад Эрдэс баялаг, эрчим хvчний сайд Д.Зоригтын нэр vргэлж хамт явахаас аргагvй. Долоо, найман жил хэрэлдээд, хэлэлцээд vр дvнд хvрээгvй гэрээг энэ залуу сайд хєдєлгєж чадлаа. Гэрээг vзэглэсний дараа тvvнийг монгол хvн бvр таньдаг боллоо. Оюутолгойн гэрээний гавъяаг, хариуцлагыг хамт vvрэлцэх Д.Зоригт сайдын талаар Таны бодлыг сонсъё?

-Д.Зоригт сайд уул уурхайн томоохон тєслvvд дээр сvvлийн тав, зургаан жил ажиллаж байгаа. Оюутолгойн гэрээнд тэр шийдвэрлэх vvрэг гvйцэтгэсэн. Хєрєнгє оруулагчтай гэрээг байгуулах ажлын хэсгийг ахалж, олон бэрхшээлийг давж, энэ єдєрт хvрч ирсэн. Д.Зоригт эрдэс баялгийн салбарын бодлогыг барьдаг сайд. Тvvний бусад сайд нараас, бусад тєрийн албан хаагчдаас ялгарах нэг онцлог нь томоохон гэрээ хэлцлvvдийг дэлхийн нэр хvндтэй компаниудтай хийж сурсан. Би Д.Зоригт сайдтай хамт хэлэлцээрт орж байсан. Тvvний давуу тал нь англи хэлийг унаган хэл шигээ эзэмшсэн. Орос, хятад хэлтэй. Олон улсын гэрээ эрхийн актууд, олон улсын жишгийг маш сайн мэддэг. Ингэж боловсорсон хvн ховорхон.

Saturday, September 26, 2009

Тэмүүжин: М.Энхболд УИХ-ын дарга, Н.Энхбаяр Ерөнхий сайд болох юм байна
Өчигдөр 8 цаг 48 минут

 -Улс төрөөс холдуулах, ойртуулах шаардлагатай хүмүүс байдаг. Миний л хувьд ямар ч байсан тодорхой хүмүүсийг, хэсэг бүлгийг улс төрөөс холдуулж чаддаггүй юм гэхэд эрх мэдэлгүй л байлгамаар байна-

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Долдугаар сарын 1-ны асуудлаар УИХ-аас томилогдсон ажлын хэсэг энэ сарын 15-ны дотор дүгнэлтээ гаргах ёстой байсан ч ирэх сарын 15 болгож хойшлуулсан гэсэн. Яагаад?

-Хүний эрхийн дэд хорооноос гарсан ажлын хэсэг гурван үе шаттай ажиллаж байгаа. Долдугаар сарын 01-ээс наймдугаар сарын 01-ний хооронд мэдээлэл цуглуулах ёстой байсан. Гэтэл яг тэр үеэр Өршөөлийн хууль гарсан учраас иргэд түүн лүү илүү анхаараад өргөдөл гомдол гаргах ажил нэлээд сунжирсан. Өршөөлийн хууль батлагдсаны дараа иргэдээс “өргөдөл гомдол хүлээж авах хугацаагаа сунгаж өгөөч” гэдэг хүсэлт ирсэн. Бүх өргөдлийг гар дээрээ авсны дараа унших ёстой болохоор ирсэн өргөдлүүдийг урьдчилж уншиж болохгүй байсан л даа. Наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны дотор бүх өргөдлийг уншиж дуусгасан. 43 хүний өргөдөл, хүний эрхийн байгууллагуудын тайлан, олон улсын байгууллагуудаас мэдээлэл ирсэн. Тайлан гэхэд 60 гаруй хуудастай байгаа шүү дээ. Энэ сарын 05-наас өргөдөл гарсан иргэд, тайлан ирүүлсэн хүний эрхийн байгууллагууд, шүүх хуралдаанд орсон өмгөөлөгч нартай уулзах ажил эхэлсэн. Маргааш дуусна. Манай парламентын хувьд анх удаа хийж байгаа ажил учир бид туршлага багатайгаас гадна цаг их авдаг юм байна.

-Хэдүүлээ ажиллаж байна?

-Туслахтайгаа гурвуулаа. Мэдээлэл цуглуулах дээр гишүүдээс би ганцаараа ажиллаж байна. Энэ мэдээллээ түшиглээд ажлын хэсгийнхэнд танилцуулга бэлтгэхийн тулд дахиад мэдээлэл шаардлагатай. Иргэдийн мэдээлэлд дурдагдсан хууль зөрчиж ажилласан төрийн байгууллага, албан тушаалтнуудаас тайлбар шаардаж байна. Энэ тайлбараа ямар шугамаар авах, процедур нь яаж явахыг УИХ-ын хуулиар зохицуулаагүй учир хуучин зарчмаараа албан бичиг явуулдаг, хариу нь хангалттай мэдээлэл агуулж ирэхгүй байна. Тэгэхээр дахиад л нөгөө бичгээ шидэлцэх болдог, энэ ажил маань бараг сар явах юм шиг байна. Долоо хоногтоо багтаагаад хариу өгдөг төрийн байгууллага гэж алга. ҮАБЗ-ийн тухайн үед хуралдсан протоколтой танилцах шаардлага гарч байна. Гадагшаа гаргадаггүй, зөвхөн унших ёстой учраас бүтэн өдрөөр сууж байна. Механик ажил ихтэй юм. Таванд намрын чуулган эхэлнэ, тэр үед төсөв ороод ирэх учраас энэ асуудал руу анхаарах гишүүдийн анхаарал багасах байх гэж бодоод 15 гэдэг хугацааг тавьсан. Тойрогт баригдсан сонгуулийн тогтолцоотой учраас бүх гишүүд л тойрог руугаа мөнгө чирэхийг бодно. Иймэрхүү улс төрийн хүчин зүйл бас байна. Энэ мэтийг хараад ирэх сарын 15 гэхэд дэд хороон дээр сонсголоо хийж, арваннэгдүгээр сарын 01-ний дотор нэгдсэн чуулганд оруулчих байх.

-Онц байдлын үеэр цагдаагийнхан хүний эрх зөрчсөн, хэрэг тулган хүлээлгэсэн гэдэг нь нотолгоо шаардлагагүй хүлээн зөвшөөрөгдсөн зүйл. Харин Онц байдал зарласан үйл явц хуулийн дагуу болсон уу, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд нь яаж ажилласан, яагаад хүний амь хохирсон гэдэг мэдээлэл байна уу?

-Хүний эрхийн дэд хороо хүний эрхийн зөрчлийг л шалгана гэсэн учраас эрүүдэн шүүгдсэн үү, шударга шүүхээр шүүлгэх эрхээ зөрчүүлсэн үү, хууль бусаар хорьсон уу гэдэгт хариу өгөхөөр ажиллаж байна. Онц байдал зарласан нь хууль ёсны байсан уу, жагсаал цуглаантай холбоотойгоор холбогдох байгууллагууд нь ажиллаж чадсан уу гэдэг дээр өөр ажлын хэсэг гарсан. Манай ажлын хэсгээс сарын дараа УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Тэд юу хийж байгаа талаар мэдээлэл алга.

-Экс Ерөнхийлөгч маань саяхан ярилцлага өгөхдөө “Би өөрөөс шалтгаалах бүхнийг хийсэн, бусад нь ажиллаагүй” гэх маягийн зүйл хэлсэн?

-ҮАБЗ-ийн хуралдааны протоколуудыг харахад ерөнхийдөө галт зэвсэг хэрэглэх тухай асуудал хөндөгдөж л байсан юм билээ. Манай дэд хорооны шалгах ёстой бас нэг зүйл нь галт зэвсэгтэй холбоотой амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн асуудал.

-ҮАБЗ зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн гэсэн үг үү?

-Зөвшөөрсөн эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан энэ асуудлаар ярилцсан юм билээ. Өргөдөл гомдол дээрх мэдээллээр бол “Дээрээс тушаал ирсэн, та нарыг алчихсан ч яадаг юм, хэн ч амийг чинь нэхэхгүй” гэдэг ойлголт цагдаагийнханд хавтгайд нь байсан. Долдугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө, ажиллагааны үеэр шүү дээ. Тийм байдлаар иргэдийг маш ихээр зодож нүдсэн. Дээрээс тушаал ирсэн, буудах зөвшөөрөл өгчихсөн, та нарыг яасан ч яадаг юм гэсэн хандлага цагдаагийнханд хавтгайд нь байсан. Хоёрдугаарт тэр үеэр цагдаа нарт “Та нар долоон цагдаа алсан, тийм учраас” гэдэг сэтгэл зүй маш их байсан байгаа юм. Тэр мэдээллийг ямар шугамаар тараасан, дээрээс албан ёсоор өгсөн үү гэдгийг шалгах ёстой. Хэрвээ энэ мэдээллийг албан ёсоор тараагаагүй бол хариуцаж байгаа албан тушаалтан нь үүнийг таслан зогсоох үүрэгтэй байсан.

-Цагдаагийн удирдлагууд өршөөлөөр суллагдсан. Харин цагдаа нар?

-Хүн буудсан цагдаа нарын хэрэг шалгагдаад, шүүх, прокурорын шатанд явж байгаа.

-Удахгүй болох нөхөн сонгуулийн талаар юу бодож байна?

-Сонин хэвлэлээс л мэдээлэл авч байгаа. Манай намын хувьд мэдээж их ач холбогдол өгч байгаа, өөрт ноогдох суудлаа авч үлдэхийн тулд хуулиар зөвшөөрөгдсөн бүх арга хэмжээг авах болно. Хувьсгалт намын талаас бараг Н.Энхбаяр дэвших юм шиг байна.

-Эхнээсээ нөхөн сонгуулийн хугацааг хойшлуулсан нь Н.Энхбаяртай холбоотой байсан биз дээ?

-Улс төрийн янз бүрийн нүүдлүүд хийгдээд л ийм болж байх шиг байна. Тухайн үед ч хүмүүс ярьж байсан. Улс төрийн соёл талаасаа бол Ерөнхийлөгчөөс бууж байгаа хүмүүс дурдатгалаа бичээд, дараа үедээ зайгаа тавьж өгдөг. Манайд тиймэрхүү ардчиллын уламжлал байхгүй учраас эрх мэдлээс үхэн үхтлээ л зүүгдэх юм байна. Гэхдээ би энэ хүнийг буруутгахгүй, улс төрийн орчин маань л ийм байна. Улс төрд удаан явсан хүмүүс улс төрөөс гадуур амьдарч чадахгүй, өөрийнхөө амьдралыг залаад явах эдийн засгийн юм уу, сэтгэл санааны эх үүсвэр хомс байдаг юм шиг. Тэгээд улс төрдөө л байх гэж оролддог, улс төрдөө үхдэл болсон ч хамаагүй зууралдаад олон хүнд гай болдог, хамгийн гол нь бодлого нь эрүүлждэггүй.

-Их хурал дотор ч гэсэн түүнийг санасан хүмүүс цөөнгүй байгаа гэсэн?

-Улс төрийн шийдвэр гаргах түвшинд тийм нэг гинжин эргэлт бий болчихоод байна. Эрх мэдлээ гадагш нь алдахгүй, дараа үе рүүгээ шилжүүлэхгүй, авсанд ортлоо барьж байх ёстой гэсэн хатуу бодолтой, тэгж чадна гэсэн хувийн итгэл үнэмшилтэй улстөрчид олон байна. Харамсалтай нь энэ нь улс оронд хор хөнөөлтэй, бодлогын шинэчлэл орж ирэх бололцоо өгдөггүй.

-Танай намынхныг МАХН-тай тохироо хийгээд байна гэсэн, 24, 25 дугаар тойргийг нэг нэгээр нь авахаар. Тэгвэл танайхаас бие даагч ч гараад ирж магадгүй?

-Би бол тэгж харахгүй байна. Үзэл бодол, зарчим, хариуцлага гэж юм байх ёстой. Ойлгогдсон, хүлээн зөвшөөрөгдсөн дүрмээр өөрөө гарч ирж чадахгүй бие даан нэр дэвших нь намыг үгүй хийдэг. Нам гэхээсээ илүү өөрчлөлтийг бас үгүй хийдэг. Бидний олон жилийн туршлага тийм. Яагаад бид сонгууль болгоноор МАХН-д боломж олгоод, яагаад МАХН эрх мэдэлтэйгээ үлдээд байсан юм. Сонгогчдын үзэл бодол бол байнга л өөрчлөгдөж байсан. Гэтэл манайхан “шинэ баян цээж өвчтэй” гэдэг шигбүгдийг чадна гэж гэж яваад саналаа хуваах, сонгогчдыг төөрөлдүүлэх байдлаар бүх зүйлийг саармагжуулсаар, ардчилал 20 жил саармаг явлаа. Хэрвээ бид өөрчлөлтийг эхлүүлье гэж байгаа өөрсдөө нэгдэж сурах, тийм соёлд суралцах ёстой. Цувж яваа барнаас цуглаж суусан шаазгай дээр гэдэг. Бас нэг зүйл нь “Тулалдаанд шонхрууд нисдэг” гэдэг шиг сонгуульд зөвхөн хашрууд ордог гэдэг зарчмаа өөрчлөх ёстой. Одоо болтол өөрсдийгөө залуу гэж боддог, гэтэл нийгэм чинь хамаагүй залуужаад байна. Хэрвээ МАХН-аас Н.Энхбаяр гарвал Ардчилсан нам ч гэсэн “аранга”-аараа түүнтэй өрсөлдөхүйц хүнийг нэр дэвшүүлэх нь мэдээж чухал. Гэхдээ дараа дараагийн сонгуулиудад Ардчилсан нам залуусаар хүч сэлбэх хэрэгтэй. Тэгэхгүй бол МАХН залуусаар нүүр царай хийгээд гарчих гээд байна шүү. Илүү өөрийгөө залуу гэж харагдуулах гээд байна.

-Гэтэл танай намаас нэр дэвшихээр шилэгдсэн хүмүүсээс хамгийн залуу нь Б.Батбаатар. Даанч найдвар муутай…

-Манай намд маш олон чадалтай залуус байгаа. Тэднийгээ сүүдрээсээ гаргах хэрэгтэй. Л.Толстойн нэг гоё үг байдаг даа, гал аваад гэрэлтүүлж чадахгүй бол ядахдаа битгий сүүдэрлэ гэж. Манайхан МАХН шиг “кран” хийж чадахгүй. Гэхдээ битгий сүүдэрлэ л дээ. МАХН залуусаа лифтэнд суулгаад дээш нь шидчихэж байна. Ардчилсан намын залуучууд бол өөрсдөө шатаар мацаж өгсдөг. Үүндээ ч гомддоггүй, яагаад гэвэл тэр хэрээр өөрсдийгөө чадавхижуулж байдаг. Гэхдээ сүүдэр тэдэнд садаа болж байна.

-Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн асуудал олон нийтийн анхаарлыг ихээр татсан ч салбарынхнаас дэмжлэг харагдахгүй байна. Тэд “Цогцоор нь шийдэхгүй бол нэг хуулиар үүнийг хийхгүй” гэдэг шүүмжилсэн. Энэ тухайд…

-Ерөнхийлөгчийн санаачилга бол улс төрийн хүсэл эрмэлзал, би шүүхийг шинэтгэхийг хүсч байна гэсэн. Гэхдээ Ерөнхийлөгч үүнийг хийж чадахгүй. Шүүхийг шинэтгэмээр байна гэж хэлээд шинэтгэчихдэг бол гоё л доо. Тэгдэггүй. Үүний тулд зориг тэвчээр, улс төрийн хүсэл эрмэлзэл хэрэгтэйгээс гадна шүүхэд болохгүй байгаа зүйлийг зөв таньж мэдээд түүнийг өөрчлөх бодлого хэрэгтэй. Энэ бодлогыг Ерөнхийлөгчид судлаач, эрдэмтэд, энэ чиглэлийн мэргэжилтнүүд л авчирч өгнө. Тиймээс одоо Ерөнхийлөгчийн зүгээс маш хурдан энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг оруулсан ажлын хэсэг байгуулж, хуулиуд дээрээ суух ёстой. Үүнийг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх ганцаараа хийхгүй, хийж чадах ч үгүй. Бүтэн баг ажиллах ёстой. Энэ багийг ажиллуулах бололцоо нь Монголын төрийн хоёр институтэд байна. Хэд дахин илүү боломж Хууль зүй дотоод хэргийн яаманд байгаа. Төсөв мөнгө, мэргэжилтнүүд нь байна, зохион байгуулах эрх мэдэл, эрдэмтдийг татаад авах бололцоо нь байна. Ерөнхийлөгчид бол үүнээс 4-5 дахин бага боломж байгаа. Харамсалтай нь ХЗДХЯ гэж нэг мухар олгой шиг, юу ч хийдэггүй, Засгийн газраас оруулж ирсэн бичиг цаасыг засдаг л улс байна. Ерөнхийлөгчид бол хүсэл эрмэлзэл байна. Одоо үүнийгээ зохион байгуулалтанд оруулж, ажлын хэсгээ өргөтгөх ёстой. Анх Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа нэг ажлын хэсэг байгуулсан. Бодлогоо дэмжүүлэх л зорилгоор байгуулсан байх, ХЗДХ-ийн сайдаас эхлээд ихэнхдээ дарга нарыг оруулсан байна лээ. Тэд нар хуралдаж ажил хийнэ гэж байхгүй. Тэр тусмаа сонирхлын зөрчилтэй шүүх, прокурорынхон өөрсдийгөө эрүүлжүүлэх бодлогыг хийхгүй. Хараат бус, бие даасан, харьцангуй хөндлөнгийн мэргэжилтнүүдээр үүнийг хийлгэх ёстой.

-Б.Чимид гуай таныг оролцох хэрэгтэй гэсэн?

-Би тэнд орсон ороогүй ажлаа хийнэ. Жишээ нь сонирхлын зөрчлийн хууль тогтоомжгүйгээр бид цаашаа явахгүй нь, энэ хуулийн төслийг цэгцлээд өргөн барихыг бодож байна. Энэ зун бол үнэндээ шүүхийн асуудлыг барьж чадсангүй. Өөрөө ажлаа хийхийн тулд эхлээд УИХ-ын хууль тогтоомжуудийг өөрчлөх шаардлагатай байна. Парламент нь Засгийн газраа хянаад, баталсан хууль тогтоомжоо хэрэгжүүлэхийн тулд ямар гар хөл байх ёстой юм, түүнийг нь бий болгомоор байна.

-УИХ-д хоёр байнгын хороог шинээр байгуулах тухай асуудал уу?

-Энэ хуулийн төсөлд Ж.Энхбаяр, З.Алтай, З.Энхболд гээд УИХ-ын хориод гишүүн гарын үсэг зурсан. Төслийг би өөрөө боловсруулсан, санаачилж өргөн барьж байгаа хүмүүс нь үзэл бодлоо тусгасан. Бүгдээрээ дотооддоо ойлголцсон нэг зүйл бол үнэхээр энэ парламентаас гарч байгаа хууль тогтоомжууд бизнес бүлэглэл, цөөн тооны олигархийн хувийн ашиг сонирхлыг дэмжих зорилготой болж хувираад байна. Иргэдийн нийтлэг эрх ашигт очихоороо буруу болчихоод байна. Тиймээс хууль тогтоох байгууллагад олон нийтийн санаа бодлыг тусгахын тулд Өргөдөл гомдлын байнгын хороог байгуулья. Тэдний санаа бодол хэрэгцээн дээр тулгуурлаж хуулиа гаргадаг байя. УИХ-ын 76 гишүүн ч юмуу, Засгийн газар дотроос бодлого хайж олно гэвэл тэдний явцуу эрх ашгийг дэмжсэн зүйл болчихоод байна. Хоёр дахийг нь бол хуулин дээрээ “Байцаан шинжих” гэж тодорхойлсон байгаа. Засгийн газрыг хуулийн хэрэгжилт, төсөв, хүний эрхийн чиглэлээр хянадаг бүтцийг УИХ-д бий болгоё. Одоо ажлын хэсэг гэж байгааг түр хороо болгох юм. Ажлын хэсэг гэхээр парламентын эрх мэдэл нь алга болчихдог. Түр хороо парламентын бүтцэд орох учраас эрх мэдэлтэй. Эрх мэдэлтэй учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарчмаар нотлох баримт цуглуулдаг, гэрчийг дууддаг, парламентад хэлэлцүүлэг явуулдаг болно. Гэхдээ шүүх шиг шийдвэр гаргахгүй, “Энд ийм алдаа гарсан байна” гээд алдаа гаргасан албан тушаалтныг цааш нь хариуцлага тооцуулахаар явуулдаг. Тийм эрх мэдэл УИХ-д үүсэх ёстой. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүн асуулга тавьдаг, Засгийн газрын гишүүд хариулт өгсөн болдог байдлаас чинь ямар ч үр дүн гарахгүй байна.

-Түр хороо байнгын хорооноос эрх мэдэл багатай юу?

-Илүү эрх мэдэлтэй. Тийм учраас түр хороог түр л байгуулдаг. Тэгэхгүй бол парламентын эрх мэдэл хэмжээгүй тэлчих аюултай. Гэхдээ энэ эрх мэдэл байхгүйгээр Засгийн газраа хянаж чадахгүй. Одоо бол парламент нь Засгийн газраа хянаж чаддаггүй, тэгсэн мөртлөө Засгийн газартаа хэмжээ хязгааргүй нөлөөлж чаддаг гишүүдийн бүлэг л байгаа байхгүй юу. Засгийн газрын өөрсдийн дураар хөдөлгөдөг. Хэрвээ энэ хууль хэрэгжвэл Засгийн газар парламентын хяналтад орох боловч нөгөө талдаа парламентын дарамтаас гарна. Дурын гишүүн очоод “Манай тойрогт ийм юм хийсэнгүй” гэж загнахгүй. Одоо бол Засгийн газар төсвийн мөнгөөр бодлогын томоохон хөтөлбөр хэрэгжүүлэхээсээ илүү гишүүдийн тойрог руу хамаг мөнгөө цацаад хямрал дээр нэмж хямраад байна. Иймэрхүү хуулийн төсөл санаачилж, хориод гишүүн гарын үсэг зурсан. Намрын чуулганаар хэлэлцэх байх гэж найдаж байна. Эсвэл бас “Танай гишүүд шинэ байна, жул байна” гээд архагууд нь шал өөр юм яриад байх юм уу. Олон жил сонгогдсон, улс төрд хөлөө олчихсон, арай нэг хэлхээ холбоо сайжирчихсан хүмүүс нь асуудлаа 24 цагийн дотор шийдүүлдэг, бусад нь хоёр жил гүйгээд ч нэмэргүй тал бас энэ 76 дотор чинь байна шүү. Үүнийг өөрчлөхийн тулд УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийг санаачилж оруулсан. Энэ хоёр хууль батлагдчихвал парламентын засаглал яаж ажилладаг вэ, тэр жишиг рүү дөхнө гэж горьдоод байгаа. УИХ-ын гишүүн болсныхоо хэргийн бараг 50 хувийг хийчихлээ гэсэн үг.

-Залуусыг дэмжих ёстой гэл үү? Гэтэл МУГЖ, дуучин С.Жавхлан нөхөн сонгуульд бие даан нэр дэвшихээ зарласан. Яагаад Ардчилсан нам, МАХН хоёрын аль алинд нь түүний орон зай олдоогүй юм бол. Ер нь С.Жавхлан УИХ-д сонгогдоод таны хажууд зэрэгцээд суувал ямар вэ?

-Залуу хүний ард бас гурван зүйл байх ёстой. Зөвхөн насны залуу хөгшнөөр хэмжигдэхгүй. УИХ-ын гишүүний эрх мэдлийн тусламжтайгаар юу хийх юм бэ гэдэг бодлого нь тодорхой байх ёстой. Тэр бодлого нь эрүүл саруул, зөв зүйтэй, урт хугацаанд хүмүүст үр өгөөжөө өгч чадахуйц байх ёстой. Ямар ч бодлогогүй орж ирчихээд одоо юу хийх вэ гээд явж байгаа УИХ-ын гишүүд зөндөө байна. Хоёр дахь нь улс төрд үнэт зүйл, зарчим хоёр заавал үнэ цэнэтэй байх ёстой. Улстөрчид үнэт зүйл, зарчим хоёроо хэр мөрдлөг болгож, хамгаалж чадаж байна гэдгээс их олон зүйл шалтгаалдаг. Улс төрч хүнд үнэт, зарчим, бодлого байх ёстой, шинэчлэгч байх ёстой. Түүнээс биш энэ олны танил юм, тэр нь дуулдаг юм гээд чихээд байвал Монголын улс төр ямар ч эмх замбараагүй, чихрийн цуглуулга шиг л болно.

-Гэхдээ С.Жавхланг зүгээр л бухимдаад ийм мэдээлэл хийгээгүй, өөртөө хэт итгэсэндээ ч нэр дэвшээгүй байх. Ард нь ямар нэг зүйл байгаа байлгүй?

-Улс төрийг хэн ч өмчилдөггүй учраас Монгол улсын иргэн бүр сонгох сонгогдох эрхтэй, энэ эрхийг юугаар ч хязгаарлахгүй. Сонгогчид л үүнийг дүгнэж, цэгнэх ёстой. С.Жавхланг ч би буруутгахгүй. Ерөнхий улс төрийн агуулгаар нь би асуудлыг ярьж байна. Монголчууд улс төрд мэргэших цаг болсон. Сонирхогчдын улс төр Монголыг 20 жил хойш чангаалаа. Ямар салбар дээр ямар мэргэжилтнүүд байна гэдгийг олж харахгүй улс төр бол ангал руу нүд боолттой чирж байгаа муйхар хүч л гэсэн үг. Ийм муйхар хүч биш, илүү эрүүл саруул нүдтэй, зөв алхамтай, мэргэшсэн улстөрчид орж ирэх цаг нь болсон. Гэхдээ парламент хуульчдаас бүрдэх ёстой гэж хэлээгүй шүү. Ямар ч байсан мэргэжилтнүүдээс бүрдэх ёстой. Би 1996 онд “Петрийн зарчим” гэж бичиж байсан юм. Жишээ нь би хүүхдийнхээ төрсөн өдрөөр алиалагч дуудах дуртай. Яагаад гэвэл алиалагчид хүнийг хөгжөөж, аз жаргалтай болгож, баярыг чимдэг. Тэр авьясын төлөө мөнгө төлөх ёстой. Гэхдээ амьдралынхаа хамгийн чухал асуудлыг шийдэхдээ би алиалагч дуудахгүй. Эмч хүнийг эмчлэх ёстой. Эмч эмнэлгийн дарга болохоороо эмнэлгийг дампууруулдаг. Жүжигчин бол жүжигчин. Жүжигчин театрын дарга болохоор театр дампуурдаг. Түүнтэй адилхан улстөрч бол улстөрч, нийгмийг урагш нь чирж явах хүн. Манайханд нэг алдаатай бодлого бий. “Энэ хүн барилга барьдаг, ийм том мэргэжилтэн учраас одоо хүчээ улс төрд үзэх гэж байна” гэдэг. Улстөрд хүч үзэхийн тулд УИХ-ын гишүүн болдоггүй. Тэр хүн барилга барихдаа анх тоосго өрөхөөс л эхэлсэн байх. Амьдралынх нь 20 жилийн туршлага тэр хүнийг барилгын салбарт бусдад дийлдэхээргүй болгосон байх. Улс төрд бас л тэр тоосго шиг өрдөг 20 жил байдаг. Тэр тав, арван жилийг туулж байж дараа нь “Би ийм бодлоготой, ийм өөрчлөлт хийнэ” гэж явахаас биш барилга сайн барьдаг юм чинь улс төрийг сайн хийнэ гэж ярьдаггүй. Петрийн зарчим гэж энэ. Гэхдээ улстөрчийн сургуулиар бэлтгэдэггүй, амьдралаар бэлтгэгддэг.

-Тэгвэл та улстөрч үү, хуульч уу?

-Би яг дунд нь зосч байна. Яагаад гэвэл би Үндсэн хуулийн мэргэжилтэн. Хэрвээ эрүүгийн чиглэлийн мэргэжилтэн байсан бол “Би хуульч” гэж хэлнэ. Үндсэн хуулийн мэргэжилтэн учраас засаглалийн хуваарь, хүний эрх гээд улс төрийн олон асуудал надад хамаатай болдог. Үндсэн хуулийн мэргэжилтнүүдийг бодлогын хуульч гэж ярьдаг юм. Улс төр чинь өөрөө бодлого. Тийм учраас аль алинд нь хөрвөх чадвартай. Хэрвээ би эрүүгийн юм уу иргэний чиглэлийн мэргэжилтэн байсан бол улстөр ярьж чадахгүй. Гэмт хэрэг юм уу гэрээ хэлцлийн тухай л ярина. Одоо бол УИХ-ын үйл ажиллагааг яаж сайжруулах вэ, хүний эрхийг яаж хангах вэ, шүүхийг яаж шинэтгэх вэ гэж ярьж байна. Бодлогын чиглэлийн мэргэжилтэн учраас ярих бололцоо нь байна.

-Д.Эрдэнэбат дарга “Нөхөн сонгууль хувийн улс төр биш, намын бодлогоор явна” гэсэн. Гэтэл тэр намын бодлогод залуучуудын нөлөө хэр байдаг юм, Гүйцэтгэх зөвлөлд жишээ нь танай залуусаас байдаг уу?

-Манай намын залуучууд МАХН-ын лифтээр явдаг залуусаас өөр гэдгийг хэлсэн. Биднийг сонсохгүй байсан ч сонсгохын төлөө ажилладаг. Дотроо өрсөлдөөнтэй, хурц ширүүн тэмцэлтэй, заримдаа бие биенээ тэвчихийн аргагүй үзэн ядахад хүрдэг ч гэсэн ингэж байж хамгийн зөв шийдэл, хамгийн боломжит хувилбар луу улам бүр дөхдөг л нам. Энэ бол ардчиллын амьд организм ажиллаж байгаагийн шинж. Хэдийгээр бид нам доторх бүтцээ шүүмжилдэг ч гэсэн олонхиороо, зохицоод гаргаж байгаа шийдвэрийг дагах ёстой. Намын бодлого чухал, яагаад гэвэл бид өөрчлөлтийг багаараа хийдэг дүрмээр тоглож байгаа шүү дээ. Ганц хүн юу ч хийж чадахгүй. Маш сайн шүүмжилж л чадах байх, гэхдээ шүүмжилснийхээ дагуу өөрчилж чадахгүй. Багаараа хийж байгаа улстөрд намын бодлого том байр суурьтай. Гэхдээ нэг зүйлийг харахгүй өнгөрч болохгүй. Манай нийт сонгогчдод нам, эсвэл бодлогыг цогцоор нь харж, тэр хэмжээнд сонгох улс төрийн соёл, мэдлэг туршлага байгаа бил үү. Дийлэнх тохиолдолд хувь хүний хүчин зүйлийг үнэлдэг сонгогчид байхгүй юу. Одоо хүртэл бидний дунд хүн чанарын тухай ойлголт хүчтэй байна. Хүн нь өөрөө ямар вэ, манай тойрогт юу хийж чадах вэ, би таних билүү гэж хардаг. Хөдөөд бол бүр хэцүү, хэний хүүхэд вэ гэдгээс хүртэл шалтгаална. Ийм улс төрийн соёлтой байгаа нөхцөлд зөвхөн намын бодлогоор үр дүнд хүрэхгүй. Сонгогчдодоо хүрэхүйц, хүлээн зөвшөөрөгдөхүйц хүнийг санал болгох ёстой. Тийм хүнд намынхаа бодлогыг тулгаж, тэр нь намынхаа бодлогыг тээж явах чадалтай байх ёстой. Шаардлага өндөртэй байгаа биз. Энэ нөхөн сонгууль шаардлага өндөртэйгээс гадна маш их өрсөлдөөнтэй сонгууль болох байх.

-Хэрвээ Н.Энхбаяр намынхаа бага хурлаас гарч чадвал сонгуульд ялж ч магадгүй, манайхан чинь өрөвдөх дуртай улс. Муу ч гэсэн төрийн тэргүүн явсан хүн, яаж гудамжинд хаях вэ гээд л. Тэгвэл улстөрд ямар өөрчлөлт гарах бол?

-Улстөрд олон бодлого хүнээсээ шалтгаалдаг. Тэр хүн нь алга болоход бодлого алга болдог. Олон хүнтэй уулзахад “Бүх юм хаалттай, хэцүү байсан шүү. Одоо нэг жаахан хүлээс тавигдаж байна. Гэхдээ бид одоо илүү ухаалаг, хариуцлагатай байх хэрэгтэй” гэж ярьж байгаа. Би Н.Энхбаярт хувь хүнийхээ хувьд дуртай, дургүйн асуудал ярихгүй, сайн таних ч үгүй. Улс төрийн бодлогын хувьд яривал хэрвээ Н.Энхбаяр УИХ-д орж ирвэл хүссэн хүсээгүй УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг өөрчилнө. М.Энхболд УИХ-ын дарга, Н.Энхбаяр Ерөнхий сайд болох юм байна л гэж би харж байна. Тэгэхээр маш том өөрчлөлт гарна. Хүчний харьцаанд өөрчлөлт орж, МАХН дангаараа Засгийн газраа байгуулна. Цаашдаа юу болохыг сайн мэдэхгүй. Гэхдээ З.Энхболд гишүүний хэлсэн үгтэй санал нэг байна. Засаглалаа сайжруулаагүй орны уул уурхайн баялаг гэдэг өөрөө авлигын хамгийн том хөшүүрэг болдог. Бид засаглалаа сайжруулах хэрэгтэй. Сайжруулахад хамгийн том саад, тээг болж байгаа зүйл нь юу билээ. Засаглалаа сайжруулах, шүүхийн шинэтгэл гээд хийх ёстой олон алхмын туулах зам л уртсах байх даа.

-Тээг саад нь юу гэж?

-Улс төрийн орчин. Сүүлийн хэдэн жил эрх мэдлийг хэн өөртөө төвлөрүүлсэн, тэр эрх мэдлийн нөмөр нөөлөг дотор нь юу цэцэглэсэн билээ, яагаад хууль шүүхийнхэн ийм омголон байдаг юм. Шударга ёсыг тогтоочихоод омголон байгаа юм уу, хамгийн аймшигтай авлига, хүчирхийллийг цэцэглүүлчихээд омголон байна уу. Зарим тохиолдолд бодлогын шинэчлэл хүнээсээ хамаардаг гэж би хэлсэн дээ. Тийм учраас улс төрөөс холдуулах, ойртуулах хүмүүс байдаг. Миний л хувьд ямар ч байсан тодорхой хүмүүсийг, хэсэг бүлгийг улс төрөөс холдуулж чаддаггүй юм гэхэд эрх мэдэлгүй л байлгамаар байна. Харамсалтай нь эрх мэдэлтэй хүмүүс нь өөрчлөлтийнхөө эсрэг төвлөрчихөөд, өөрчлөлт хийх гэсэн хэсэг нь ярихаас өөр ид шидгүй л болчихоод байна.

Б.СЭМҮҮН

Wednesday, May 20, 2009

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна
2009 оны 5 сарын 19

 Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.


-Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэнд хүргэе.

- Монгол хүн амны билгээр гэдэг учраас сайн л гэж хариулъя даа.

- Та бүхэн “Анод” банкыг анх өөрсдийн хүчээр байгуулж байсан гэсэн. Гэтэл яагаад ийм байдалд хүрчихэв ээ?

-“Анод” банк Монгол улсын эдийн засгийн 10 хувь, банкны системд хадгаламжийн 20 хувийг эзэлдэг байсан үе байгаа бөгөөд бид энэ том аж ахуйг унагахгүйн тулд бүхий л хүчээ дайчлан ажилласан. Банкны алдагдал нь цэвэр төлөгдөөгүй зээл, зээлийн хүү, аккердативын төлбөр, үйл ажиллагааны зардал, хадгаламжийн хүү, эрсдлийн сан, ажилчдын шагнал, маркетингийн зардал зэргээс гарсан алдагдлууд юм. Нөгөө талаас дэлхийн санхүүгийн хямрал нүүрлэж Щвейцарь, Англи, Америк зэрэг банкны бизнесийн олон зуун жилийн туршлагатай орнуудын 100-150 жил оршиж байсан том том банкууд унах нь едрийн үзэгдэл болжээ. Манай банкны алдагдал нь активийн чанаргүйжүүлэлт гэдэг утгаараа олон улсын банкны хямралтай агаар нэг гэдгийг тооцох хэрэгтэй. Хэрэв эдгээр алдагдлуудыг задлан нэг бүрчлэн үзвээс тухайн үеийн Монголбанкны шалгалтанд жилд хоёроос доошгүй удаа хамрагдаж байсан учир бүх алдагдал үүсгэж байсан том зээлүүдийн түүх нь манай банкны аудит болон Монголбанкны шалгалтын материал дээр байгаа .

-Таныг найдваргүй их хэмжээний зээл олгоод үүнийхээ хариуцлагаас зугтаах гэж АНУ-ыг зорьсон гэсэн мэдээлэл байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Миний хувьд сүүлийн таван жилд хөрөнгө оруулалтын чиглэлийг хариуцан ажиллаж байгаад сүүлийн хоёр жилд АНУ дахь банкны төлөөлөгчийн газар ажиллаж байсныг олон хүн мэднэ. Хуулийн дагуу хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан юм шүү.

-Одоо саатуулагдаад байгаа та бүхнийг зохион байгуулалттай, эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн мэтээр олон нийт ойлгож байна?

-Хэдийгээр би зөвхөн хувийн банкныхаа төлөө өдөр шөнөгүй ажиллаж байсан ч 60 000 мянган хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийн хүү төлж , 6000 зээлдэгчдэд зээл олгон улс орны эдийн засагт хувь нэмэр оруулж байсныг тооцож үзэхийг холбогдох хүмүүсээс хүсч байна. Манай банкны стратеги нь уул уурхайн салбарыг түлхүү анхаарч ажиллах байсан бөгөөд 200 орчим сая долларыг уул уурхай, зам тээврийн тоног төхөөрөмж, хүнд машин механизм хэлбэрээр оруулж ирж, олон мянган ажлын байр бий болгон үндэсний тэргүүлэх компаниудыг үүсэхэд өөрийн хувь нэмрээ оруулсаныг үгүйсгэхгүй бизээ.

Дахин хэлэхэд бид банкныхаа төлөө бусад улсын жишгээр улсдаа гаднаас хөрөнгө оруулалт татан харилцагчид болон зээлдэгчидээ дэмжин ажилласнаар олон мянган ажлын байр, татвар төлөгсдийг бий болгож улсынхаа эдийн засгийн чадавхийг сайжруулахын төлөө амралт чөлөөгүй ажиллан 17 жил зүтгэхдээ, бидний гол үүрэг гэсэн хатуу бодолтой байсан. Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын өмнө хүчин мөхөсдсөнөөс биш бид зохион байгуулалттай гэмт бүлэглэл биш гэдгийг албан ёсоор мэдэгдье. Их хэмжээний мөнгө оруулж ирэх нь нөр их хөдөлмөр шаарддагаар барахгүй өндөр эрсдэл дагуулдаг билээ. Товчхон дүгнэж хэлэхэд монголын тэргүүлэх топ харилцагч компаниуд, хадгаламж эзэмшигчдийн төлөө ажиллаж яваад шоронд хоригдох боллоо. Хүний эрхийг дээдэлдэг ардчилсан орнуудад иймэрхүү эдийн засгийн шинж чанартай иргэний хэрэг байж болох хэргийг эрүүгийн хэргээс тэс өөр нөхцөл байдалд шалгадаг гэдгийг хэлмээр байна.

-Та өлсгөлөн зарлаад их удаж байна. Таныг яагаад батлан даалтад гаргадаггүй юм бэ?

-Намайг оргон зугтаана, үйлдсэн хэргээ баллах зэргээр мөрдөн байцаалтанд саад болно гэх үндэслэлээр хорьж байгаа гэж ойлгож байна.Эдгээр үндэслэлүүд бодит амьдралтай нийцэхгүй гэдгийг тайлбарлая. Би Америкт гэр бүлийн хамт хуулийн дагуу ажил эрхлэх визтэйгээр хоёр жил орчим оршин сууж байгаад 2008 оны X сарын эцсээр Монголд ирсэн. Тэгээд хэдхэн хоногийн дараа банкны Гүйцэтгэх захирлаар нэг сар хүрэхгүй хугацаанд ажиллаж байгаад хоригдсон. Оргох сэтгэлтэй байсан аваас өчнөөн зардал гарган том хүүгээ сургуулиас нь гарган нялх хүүхдээ чирэн гэр бүлээрээ эх орондоо эргэж ирэхгүй байсан биз. Бидний хувьд энэ хэлмэгдүүлэлт дуулианы дараагаар эргээд бизнесээ эрхлээд явна гэсэн хатуу итгэлтэй байгаа учраас оргон зайлсан гэсэн гэмт хэрэгт орооцолдох нь ямар ч утгагүйгээс гадна бид тийм ёс суртахуунтай улс биш билээ. Иймээс эрүүгийн хэрэг үйлдээгүй байж шүүх, прокурор, цагдаагаас оргон зайлах шаардлага байхгүй. Бидний 17 жилийн үйл ажиллагааг шалгахад ихээхэн хугацаа орох нь ойлгомжтой бөгөөд хэзээ дуусах нь тодорхой биш байгаа тул энэ хугацаанд батлан даалтанд гарах хүсэлтэй байна.

-Та гурваас гадна Л.Уламбаяр гэдэг хүний тухай яригдах боллоо. Барууны оронд улстөрийн орогнол хүссэн хүнд зөвшөөрөх тохиолдол байдаг. Мөрдөн байцаагч нарт тийм зүйл болж болзошгүй гэсэн хардлага байдаг байх?

-Манай гүйцэтгэх захирал байсан Л.Уламбаяр АНУ-д улс төрийн орогнол хүссэн учраас “та бүгд ийм үйлдэл хийнэ” гэсэн шалтгаан хэлдэг. Бид ардчилсан улсад амьдарч байгаа. Л.Уламбаяр хувийн шалтгаанаар АНУ явсан бөгөөд тэнд үлдсэн нь зөвхөн тэр хүний хувийн асуудал юм. Хэрэв хэрэг үйлдсэн нь тогтоогдвол интерпол баривчлаад аваад л ирнэ. Хэрэв Монголд хэлмэгдүүлэлт явагдаж байгаа бол хэзээ энэ үйл явдал дуусна тэгэхэд ирнэ биз. Би бодохдоо хэлмэгдүүлэлтээс зугтсан гэж бодож байна.

-Аливаа байгууллагыг удирдаж байгаа хүн эрх мэдэлтэй байдаг. Та гүйцэтгэх захирал байсан болохоор маш олон баримт бичгийг өөрийн эрх ашигт нийцүүлж ашиглаж магадгүй гэх юм билээ?

-Миний гүйцэтгэх захирал байсан үе буюу 1999-2005 оны баримтууд бүгд архивт хадгалагдаж байгаа бөгөөд үүнийг устгах ямар ч боломжгүй. Монгол банкны Бүрэн эрхт төлөөлөгч эдгээр баримтуудыг найдвартай хадгалж байгаа гэж найдаж байна. 2005-2008 онд ТУЗ-д ажиллаж байсан. ТУЗ гэдэг бол гүйцэтгэх засаглал биш зөвхөн хурлын байгууллага бөгөөд хурлын протуколууд мөн л банкны архивт хадгалагдаж байгаа. Надтай холбоотой бүхий л материалууд банкны холбогдох газрууд ТУЗ-ийн дэргэдэх дотоод хяналтын газар мөн Монголбанкны хяналт шалгалтын актан дээр байгаа бөгөөд цаг хугацааны хувьд ч гэсэн бидэнтэй холбоотой баримтууд бүгд архивт шилжсэн болно. Манай банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэлд орсон явдал нь манай банкны гадаад, дотоод орчны олон хүчин зүйлээс улбаатай. Бид банкныхаа эсрэг үйл ажиллагаа явуулах ямар ч үндэслэл байхгүй билээ. Учир нь “Анод” банк бол хувийн банк шүү дээ. Хөлс хүчээ гарган олон жилийн хөдөлмөрөө зориулсан зүйлээ уландаа гишгэдэг хүн байдаг гэдэгт итгэхгүй байна.Миний хувьд 17 жил төв банкны удирдлаган дор ажиллахдаа нэг ч удаа албан харилцааны зөрчил гаргаж байгаагүй бөгөөд мөн ийм л зарчмаар хууль мөрдөн байцаах, прокурорын байгуулагын шаардлагыг хатуу мөрдөх болно.

-Та бүхнийг саатуулахаас өмнө танай банкыг дампуурах гэж байна гэсэн яриа олны анхаарлыг татаж байсан. Гэсэн хэдий ч үүнд Монголбанк үгүй гэсэн хариулт өгөсөн. Танай банк дампуурах гэж байсан юм уу?

-Өнгөрсөн оны XII сарын 10-ны өдөр Хүний эрхийн өдөр бол манай банкинд Монгол банкны Бүрэн эрхт төлөөлөгч томилогдон, биднийг барьж, Ганцхудагт хорьсон хүнд өдөр байлаа.Манай банкны үнэлгээ бодитой байсан ба банкыг дампуурсан гэсэн дүгнэлт гараагүй байхад дампуурсан банк хэмээн олон нийтэд зарлаж байгаа нь хууль бус явдал. Банк гэдэг хүмүүсийн итгэл дээр оршин тогтнож, үйл ажиллагаа нь явагддаг тул ямар ч сайн банкийг дампууруулахад амархан. Иймд Анод банк өнөөдөр дампуураагүй. Манай харилцагч байгууллагуудын ихэнх нь уул уурхайн том том компани байсан бөгөөд уул уурхайн 68 хувийн татвар манай харилцагчдад нөлөөлснөөс зээл төлөлт удааширсан, олон улсын санхүүгийн хямрал, манай улсын дотоодын хямрал манай банкинд нөлөөлж эхэлсэн зэрэг маш олон хүчин зүйл шалтгаан байсан. Энэ дундаас хамгийн гол нь зарим хүмүүс манай банкны хадгаламж эзэмшигчдэд дампуурах гэж байна гэсэн худал мэдээлэл тарааж, тэднийг самууруулан, итгэл алдуулахад хүргэсэн тул хадгаламж эзэмшигчид нэг өдөр бөөн бөөнөөр ирэн хадгаламжаа татаж эхэлснээс болж хэдхэн өдрийн дотор банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудсан. Бид банкаа энэхүү хүнд байдлаас гаргахын тулд Монголбанкнаас “Анод” банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулж өгөөч гэж тусламж хүссэн. Хариуд нь Монгол банк манай банкинд бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Ийм л зүйл болсон болохоос бид санаатайгаар залилан мэхлэх гээгүй билээ. Харин ч бид нэн тэргүүнд банкныхаа хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийг хамгаалахын тулд бүрэн эрхт төлөөлөгч томилоход нь огт татгалзаагүй. Мөн биднийг шалгах хэрэгтэй гэж эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгуулахаар хандснаас хойш өнөөдрийг хүртэл ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй хуулийн дагуу хүндэтгэлтэй хандаж, хоригдон шалгагдаж байна. Дашрамд хэлэхэд 1999-2005 онд миний бие Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд манай банк нь системийн хамгийн хурдан өсөлттэй банк байсан бөгөөд хадгаламжийн зах зээлийн 20 хүртэлх хувь, системийн нийт зээлийн 10 хувийг эзэлж, гол үндсэн үзүүлэлтүүдээр банкны системдээ I ,II байр эзэлж байсан юм.

-Та бүхэн эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байгаа гэсэн. Эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ та тайлбарлаж болох уу?

-Биднийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг шүүх тогтоогоогүй, цагдаагийн байгууллага шалгаж, бидний буруутай, буруугүйг нотлоогүй байхад барьж хорин, өдий болтол таван сарын хугацаа өнгөрөхөд шалгаж дуусаагүй хэмээн үргэлжлүүлэн хорьж, байцаалт авч, биднийг онц хүнд гэмт хэрэгтэн, луйварчид мэтээр олон нийтэд мэдээлэл тарааж, гишүүд, эрх баригчид телевизээр дампуурсан банк, луйварчид гэж олонд зарлан мэдээлж байна. Энэ бол чөлөөт зах зээл, банк, санхүү эдийн засгийн зохих мэдлэг, мэдээлэлгүй төр, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааны илрэл гэж үзэж байна. Надад тулгаж байгаа зүйл ангиудаас харахад банкны дүрмийн сангийн бүрдүүлэлт, банкны хувьцаа эзэмшигчдийг залилан мэхэлсэн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэсэн зохиомол хэрэг тохохын тулд цагдаагийн газар ажиллаж байгаа бололтой.

-Танай банкны дүрмийн сангийн бүрдүүлэлт хууль бус байгаа гэх юм . Энэ ямар учиртай юм бэ?

-Бид 1990 онд зах зээлийн нийгэмд шилжин орсноос хойш манай улсад олон банк байгуулагдсан. Банкуудын дүрмийн сангийн эх үүсвэр нь зээл, эсвэл төрийн өмчөөс гаралтай байдаг нь Монголын өнөөгийн бодит практик юм. Хуулиар бол татварын дараах цэвэр ашгаар байгуулах ёстой бөгөөд, Монгол улсад тийм их хэмжээний ашиг олоод түүнээсээ татвар төлөөд банк байгуулсан түүх байхгүй л болов уу. Бусад банк дүрмийн сангаа хэрхэн бүрдүүлэв

“Худалдаа Хөгжлийн Банк”-ны хувьд Монголбанкны гадаад төлбөр тооцооны газрынхан төв банкнаас төрийн өмчийг тасалж авч байгуулсан мөн л улсын хөрөнгөн дээр боссон банк. Үйл ажиллагаа явуулж байхдаа ажилчид нь ашгаасаа 30 хувийг менежментийн гэрээний дагуу авсан.

“ХААН” банкны хувьд зөвхөн хөдөөгийн малчдад санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор АНУ-ын Засгийн газрын тусламжаар 10 сая долларын хөрөнгө оруулалттайгаар сэргээгдэн байгуулагдсан боловч мөн л эрх баригч намын лобби орж зургаан сая доллараар маш хямдаар худалдан авч, анхны зорилгоо умартан шударга бусаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын зах зээл рүү орж ирсэн.

“Анод” банк бол 1990 онд зах зээлийн нийгэмд шилжсэний дараагаар жам ёсоор төрж байсан олон ББСБ-ын нэгэн адилаар цэвэр өөрсдийн хөдөлмөрөөр тэгээс эхэлж, бүтэндолоон жил ажиллан бор зүрхээрээ зах зээлээс сарын 6 хувь, жилийн 72 хувийн хүүтэй хөрөнгө оруулалт татаж, гурван тэрбум төгрөг цуглуулж байгуулагдсан юм. Энэхүү процесс нь зохих хөрөнгө оруулалтыг шударгаар татаж, хууль ёсны дагуу банк байгуулсан гэдгийг харуулах болно. Өөрөөр хэлбэл бид Монголбанкны дансанд нэг тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд түгжин байж, 1999 онд Монголын анхны нэг тэрбум төгрөгийн дүрмийн сантай банкны лицензийг авч байсан. Тэр үед банкны дүрмийн сангийн хэмжээ 400 сая төгрөг байсан билээ. Бодит нөхцөл байдалд манай компани нь банкны хэмжээнээс давсан эргэлтийн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан учраас банк болоход нэг их хүндрэлтэй биш байв. Монголын банкуудын дүрмийн сангийн бүрдүүлэлт ийм байхад зөвхөн манай банкийг онцлон авч үзэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

-Та бүхнийг буруутгаж байгаа нэг зүйл бол хувьцаа гэсэн. Та бүхэн нийлж байгаад 1200 хувьцаа эзэмшигчийг хууран мэхэлсэн гэх юм . Энэ талаар?

-Аливаа нэгэн аж ахуйн нэгжийн үнэ цэнэ нь санхүүгийн алдагдал гэхээсээ илүүтэйгээр тухайн зах зээлээс ирээдүйд олох ашиг орлого, тухайн байгууллагын хүний нөөц, менежмент, харилцагчдын бүтэц, мэдээллийн технологийн хөгжил, өнгөрсөн түүх, ирээдүйн баланс, алсын хараа, нэр хүнд, брэндийн үнэлгээ, тухайн улсын эдийн засаг, гадаад дотоод нөхцөл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг.

2008 оны I сарын 1-ний байдлаар бид санхүүгийн зах зээл дээр 17 жил ажиллан “Анод” брэндийг бий болгосон, 300 тэрбумын активтай, 200 тэрбумын зээлтэй банкныхаа алдагдал, үнэ цэнээ тооцоод 30-50 сая ам.доллар гэж үнэлж байсан. Миний бие нь 2008 оны III сард Нью-Йоркийн хөрөнгө оруулалтын компаниар банкны үнэлгээг балансан дээр тулгуурлан хийлгэж байсан бөгөөд энэ компани нь манай банкийг худалдаж авах, сайжруулаад ашиг олох бүрэн боломжтой гэж үзэж байсан. Энэ компани нь манай банкинд эхлээд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, дараа нь нэмж 50-100 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийн банкны үйл ажиллагааг тогтвортойгоор сайжруулсны дараа 3-5 жилийн дараа анх оруулсан хөрөнгөө 150-300 хувиар өсгөн авах боломжтой хэмээн үзэн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байсан. Гэтэл энэ үед манай банкны Гүйцэтгэх удирдлага БНСУ-ын талтай хамтран ажиллах чиглэлийг барьж байсан тул энэ асуудал дэмжигдээгүй. Хэрэв манай монгол улсын хөрөнгө оруулалтын бодлого маань нээлттэй, дэлхийн санхүүгийн хямрал нүүрлээгүй бол бидний төлөвлөсөн эцсийн хувилбар болох Монголын уул уурхайг сонирхож байгаа ОХУ-ын Газпром, Казахстаны Халыф, БНСУ-ын Шинхан, БНХАУ-ын Чайна Констракшн банкууд болон цаашилбал Нью-Йорк, Хонгконгийн хөрөнгө оруулагч нарт банкныхаа 65 хувийг зарж, банкаа эрсдлээс гаргаж чадна гэж үзэж байсан.

Харин мөрдөн байцаах байгууллага үүнийг ойлгохгүй бидэнтэй ломбарданд гуулин бөгжийг алт гэж тавин мөнгө луйвардсан хүний жишгээр харьцаж байна. Уг нь Монгол банкны хувьд “Анод” банкны хувьцааны 100 хувь байна уу, 65 хувь байна уу зарчмын ямар ч ялгаа байхгүй. Бусад улсуудын жишгээр төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэлд орсон манай банкны 65 хувийг Монголбанк хяналтандаа аваад хэсэг хугацаанд ажиллуулж, үйл ажиллагааг нь сэргээгээд буцааж зарлаа гэхэд 35 хувийг эзэмшигч бусад 1200 орчим хүний хувьцааны үнэ анх авсанаас нь өсч ашигтай байх боломж бий. Монгол банк ч үүнээс өөртөө ашиг гаргах боломж байхыг үгүйсгэхгүй. Амьдрал дандаа дампуурч байдаггүй. Унах нэг үе байхад сэргэх үе заавал ирдэг нь хорвоогийн жам билээ. Үүн дээр хууль цагдаагийн байгууллагынхны банк, санхүү, хөрөнө оруулалтын талаарх мэдлэг, ур чадвар, туршлага дутаж, юмыг өргөн хүрээнд харалгүй дандаа явцуу өнцгөөс асуудалд хандан цаг алдаж байна.

-Таны эхнэр үр хүүхэд чинь орон сууц байхгүй байгаа гэх юм. Та өөрийн нэр дээр байргүй байсан хэрэг үү?

-Бид олсон бүх орлогоо 60 мянган хадгаламж эзэмшигчдээ тарааж өгдөг байсан атлаа үүсгэн байгуулагч бид гурав цалингаас цалинд амьдардаг байсан. Энэ утгаараа “Анод” банк нь ганц хадгаламж эзэмшигчийг бус түүний цаана гэр бүлийнх нь 3-4 хүн байдаг гэвэл нийт 200 мянгаад хүний аж амьдралтай холбоотой явж ирсэн. Надад банкны хөрөнгөөс завшин өөрийн хувийн эзэмшил болгон авсан орон сууц, унаа тэрэг байгаагүй, бүгдийг банкныхаа эд хөрөнгө болгон явж ирсэн тул өнөөдөр тэр бүх зүйл хураагдан, гэр бүл маань миний 17 жилийн өмнө амьдарч байсан талийгаач аавын минь хоёр өрөө байранд нүүж ирэн, хүний унаанд дайгдан Ганц худаг руу ирж байна. Хүмүүс банкны захирлууд их баян гадаад дотоодгүй өвөл зуны хаустай тансаглаад байж байгаа гэж ойлгодог байх.Нийгмийн ихэнх хэсэг ядуу, учир баян хүмүүст дургүй, атаархдаг. Тийм учраас бодит байдлыг хүмүүст мэдүүлж, ойлгуулах хэрэгтэй байх гэж бодлоо.

-Таны эрүүл мэнд муудсаар байна. Та өлсгөлөнгөөс арай өөр тэмцлийн хэлбэр сонгож болохгүй гэж үү?

-Ногоон намын Д.Энхбат нэгэнтээ надад, “Энхтөр өө, Монголын төр зүтгэсэн хүндээ халгаатай. Миний улс төрд орж байгаа бол амь настай минь ч холбогдож мэдэхээр юм байна” гэж байсан билээ.Үүний нэгэн адил би 17 жил банкныхаа төлөө бүхнээ зориулан зүтгээд эцэст нь шоронд сууж байгаа минь хар дарсан зүүд шиг, хачин эвгүй санагдах юм. Гэвч асуудал үнэн шударгаар шийдэгдэнэ гэдэгт гүнээ итгэсээр байна. Тэр болтол би энэ тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно.

Х.Оюунсүрэн

Германы аудитын компанийн дүгнэлтээр “Анод”-оос 40 тэрбум төгрөг дутжээ

Германы аудитын компанийн дүгнэлтээр “Анод”-оос 40 тэрбум төгрөг дутжээ

Германы аудитын компани өнгөрсөн сарын сүүлээр “Анод” банкинд аудит хийсэн билээ. Тэдний дүгнэлт хэзээ гарах нь тодорхойгүй байсан юм. Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн мэдээлснээр аудитын дүн өчигдөр Монголбанкинд ирсэн байна. Уг дүгнэлтэд “Анод” банкны удирдлагууд 40 гаруй тэрбум төгрөгийг зориулалт бусаар ашиглаж, түүнийгээ Монголбанк болон аудитын шалгалтаас нуун дарагдуулж байсан нь тогтоогджээ. Монголбанкны шинжээчийн дүгнэлтээр 55.3 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан хэмээн гарч, үүн дээр нь УМБГ-аас “Анод”-ын захирлуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Дээрх 55.3 тэрбум төгрөг ийнхүү 10 гаруй тэрбум төгрөгөөр багассан байна. Одоо Засгийн газар болон Монголбанк “Анод” банкийг цаашид хэрхэх талаар төлөвлөгөө боловсруулж байгаа аж.
Үүнээс гадна өчигдөр “Анод” банкны ажилчид банкныхаа ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, гүйцэтгэх захирал Д.Энхтөр нарыг батлан даалтад гаргахыг шаардаж хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Тус банкинд ажиллаж байгаа болон ажлаасаа халагдсан 30 гаруй хүн хэвлэлийн хуралд оролцсон. 400 гаруй ажилтантай байсан “Анод” банкны ажилчдын тал орчим хувь нь цомхотголд оржээ. Одоо ажиллаж байгаа ажилтнуудынх нь дийлэнх нь захирлуудаа батлан даалтад гаргахыг дэмжиж гарын үсгээ зурсан аж. “Анод” банкны ийм байдалд орсон шалтгааныг санаатай үйлдэл байж магадгүй хэмээн ажилчид нь үзэж байгаа аж. Банкны систем ганхаж эхэлсэн тэр үед банкнаас нь 95 тэрбум төгрөгийн хадгаламж гарчээ. Энэ үед Монголбанкинд зузаатгал хийж өгөх талаар удаа дараа хүсэлт тавьсан ч зөвшөөрөөгүй, Засгийн газар 40 тэрбум төгрөгөө өгөөгүй зэргээс “Анод” банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар алдагдсан хэмээн ажилчид нь үзэж байна. Эцэст нь тэд өөрсдийнхөө гараар энэ бүхнийг бүтээсэн захирлууд нь яавч хууль зөрчих ёсгүй гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, бие нь хүнд өлсгөлөн зарлаж байгаа захирлуудыгаа батлан даалтад гаргахыг шаардсан юм.

Д.Энхтөр захидал 4

Д.Энхтөр захидал ирүүлжээ

Ганц худагт хоригдож буй Д.Энхтөр УЕПГ-аас гаргасан мэдэгдлийг уншаад доорхи захиаг ирүүлжээ.

УЕПГ-аас мэдэгдэл гаргажээ. Тэр мэдэгдэл гэгч гүтгэлгэд:

Д.Энхтөр нь өөрийн нэр дээр байдаг “Коул дизель Монголия” ХХК-нд 593.0 сая төгрөгийн зээлийг барьцаа хөрөнгөгүйгээр авч төлөөгүй, түүний эхнэрийн 40 хувийг эзэмшдэг “Интерпей” ХХК-нд 581.0 сая төгрөгийн зээл өгч зээлийн төлөлт тус тус хийгдээгүй байна. Мөн түүний төрсөн дүү нь 10.8 тэрбум төгрөгийн зээлийг ашигт малтмалын лиценз барьцаалан авсан боловч зээлийн төлөлт хийгдээгүй, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг завшиж үрэгдүүлжээ.

Анод банкны мөнгөн хөрөнгөнд бүртгэлтэй гадаадын банкин дахь харилцах дансны үлдэгдлээс Д.Энхтөр нь зургаан тэрбум төгрөгийг өөрийнхөө нэр дээр бэлэглэлийн гэрээ байгуулан хууль бусаар авчээ.

гэсэн байна. Би эдгээрт одоохондоо товчхон хариулт өгье. Биеийн байдал маань дээрдэхээр би дэлгэрэнгүй няцаалтыг өгөх болно.

  1. Коул Диезэл Монголиа компаны тухайд Анод банкны ТУЗ-н хурал дээр ярилцан нүүрснээс шингэн түлш гаргаж авах төслийг Монголд хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн ТУЗ-н бүх гишүүд зөвшөөрөн байгуулагдсан компани юм. Уг төсөлд шаардагдах хөрөнгө оруулалтыг босгох, анхдагч техник эдийн засгийн үндэслэлийг хийх зорилгоор ТУЗ-н шийдвэрээр 500,000 ам.долларыг зарцуулсан. Уг мөнгийг Германы хөрөнгө оруулагчид болон Монголын үнэт цаасны зах зээл дээр ажилладаг цорын ганц хөрөнгө оруулалтын банк болох MICC компаниудад ажлын хөлс болгож өгсөн нь баримттайгаа байгааг мөрдөн байцаагч нар мэдэж байгаа билээ. Ийм байхад өөрийн мэдлийн компанидаа зээл болгон гаргаж хувьдаа завшсан мэтээр гүтгэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэдгийг мэдэгдэж байна.
  2. Interpay компаны хувьд Монгол улсад банкны төлбөр тооцооны нэгдсэн систем бий болгох зорилгоор Малайзын Азид тэргүүлэгч банкны технологын компанитай хамтран байгуулсан юм. Энэ компаны үүрэг нь картын төлбөр тооцоо, интернэт болон гар утсан дээр суурилсан төлбөр тооцоо, банк хоорондын электрон гуйвуулга гэх мэт банкны орчин үеийн технологыг хөгжүүлж Монгол улсад түгээн дэлгэрүүлэх зорилготой ажиллаж байсан. Interpay нь Анод банкны охин компаны бүтэцтэйгээр ажиллаж байсан болохоос миний хувийн компани бишээ. Банкны зүгээс ажилтнуудын цалин, маркетингын зардал, тоног төхөөрөмж худалдан авах зэрэг үйл ажиллагааг нь зээлээр санхүүжүүлж байсан нь үнэн юм. Энэ компани үйл ажиллагаа нь жигдэрч ажиллаад эхэлж амжсан бол асар их ирээдүйтэй бизнес байсан юм.
  3. G&U компаны хувьд авсан зээлээ эргүүлж төлөөд цаана нь асар их хэмжээний ашиг олох боломжтой алтны ордуудтай том компани. Гүйцэтгэх захирлаар миний дүү ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ эдний компанитай холбоотой зээлийн шийдвэрт банкны журмын дагуу намайг оролцуулдаггүй байсан юм шүү. Харин зээлийн эргэн төлөлт удаашрах үед би санал гарган Гүйцэтгэх захирлыг ажлаас нь халуулж G&U компаныг банкны мэдэлд шилжүүлсэн юм. Үүний дараа тухайн үеийн банкны Гүйцэтгэх удирдлага банкнаас захирал томилсон билээ. Үүнд миний дүү гомдож явдгаа надад байнга хэлдэг. Эцэст нь дахин хэлэхэд энэ компани зээлээ төлөөд цаана нь ихээхэн ашиг олох боломжтой алтны ордуудтай тул зээлээ эргэн төлөх 100%-н баталгаатай.
  4. Д.Энхтөр өөртөө бэлэглэлийн гэрээ хийж 6 Сая ам доллар авсан гэдгийг уншаад нүдэндээ итгэхгүй дотор харанхуйлж байна. Бүхэл бүтэн 6 сая доллар шүү. Хаанаас ямар баримт гаргаж ирэн ингэж хүнийг гүтгэж болдог юм бол? Намайг ийм бусармаг үйлдэл хийхгүй гэдгийг надтай хамт ажиллаж байсан бүх хүмүүс батлана гэдэгт итгэлтэй байна. Мөрдөн байцаагч надтай уулзахаар ирэх үед энэ талаар сайтар асууж тодруулан дэлгэрэнгүй захиаг бичих болно.

Миний бие 14 хоногын турш өлсгөлөн зарласнаас сүүлийн 4 хоногт нь хуурай өлссөн юм. Үнэхээр бие дийлэхгүй байгаа тул товч няцаалт өглөө. Эмнэлэгт гарч бие сайжрахаар дэлгэрэнгүй тайлбарыг хэвлэл мэдээллээр өгөх болно.

Д.Энхтөр
Ганц Худаг 2009/05/18

Friday, May 15, 2009

Д.Батжаргал

Д.Батжаргал: Хямралыг гэтлэхэд урт хугацаатай, бага хүүтэй зээл л тусална.

Санхуу, эдийн засгийн дээд сургуулийн захирал, доктор Д.Батжаргалтай санхүү, мөнгөний бодлогын талаар ярилцлаа.
-Монголын санхүүгийн “ертөнц”-д гарсан хамгийн сүүлийн үйл явдлаас яриагаа эхэлье. Монголбанк бодлогын хүүгээ 1.25 хувиар буурууллаа. Энэ шийдвэр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Монголбанк бодлогынхоо хүүг бууруулах шийдвэр гаргалаа л даа. Энэ шийдвэр хожимдож гарч байгаа юм. Хожимдсон ч гэсэн энэ зөв шийдвэр болсон. Яагаад хожимдсон гзхээр Монголын эдийн засаг упирлын шинж чанартай. Эдийн засгийн гол үзүүлэлт болдог ажил, үйлчилгээ тавдугаар сараас сэргэдэг юм.

-Харин тийм. Барилгын салбараас эхлээд их хөрөнгө шаарддаг ажил аль хэдийнэ эхэлсэн. Гэсэн ч бодлогын хүү өндөр байснаас зээлжилтийг нэлээд гацаах шиг боллоо?

-Улирлын чанартай эдийн засагтай бопохоор бизнесийнхэнд бэрхшэзлтэй байдаг. Манай банкууд чинь өндөр хүүтэй, богино хугацаатай зээл өгдөг. Богино хугацаатай, өндөр хүүтэй зээлээр санхүүжээд бизнесийн үйл ажиллагаа хэвийн явна гэхэд бэрх. Дор хаяж хоёр жилийн хугацаатай зээл авч байж, манай бизнесийнхэн тогтвортой ажиллах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, хямралыг давахын тулд бизнесийнхэнд хөрөнгө оруулалтын эх үүсвэр хэрэгтэй. Санхүүжилтийн эх үүсвэрийг аль болох бага хүүтэй, урт хугацаатай олговол тэд нарын бизнөс идэвхжинэ. Бизнес сайн байвал хүмүүс ажлын байртай болно. Хүмүүсийн орлого нэ-мэгдэнэ. Орлого нэмэгдэхээр эргээд бизнесийнхээ байгууллагуудыг дэмжинэ. Тэгэхээр банкинд байгаа хөрөнгийн эхүүсвэрээр бизнесийг идэвхжүүлэх, дэмжихдээ тэдний бодит санхүүгийн хэрэгцээг дэмжих хэрэгтэй. Урьдын адил өндөр хүүтэй, богино хугацаатай зээл бол дэмжлэг болохгүй, хямралыг давахад нэмэрчболохгүй.

- Зээлийг урт хугацаатай олгохын тулд яах ёстой вэ?

-Монголбанк, арилжааны банкууд хамтраад аль болох урт хугацаатай зээл олгох аргыг сүвэгчлэх хэрэгтэй. Миний харж байгаагаар арилжааны банкууд зээлийн эрэлт их байгаа энэ үед зөвхөн өөрийн ашгийг бодоод байна. Ирээдүйнхээ хэрэглэгчдийг бий болгож, санхүүгийн чадавхийг сайжруулах тогтвортой хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарахгүй байна. Өнөөдөр гэхэд ямар нэг аргаар бие, биеийнхээ харилцагчдыг булааж авах гээд байдаг. Татаж авч байгаа арга нь сонин, бараг л авлигын шинж чанартай. Харилцагч дансаа байршуулбал гарын үсэг зурдаг хүнд нь урамшуулал өгөх маягаар татаж байгаа юм. Түүнээс бус тэр бизнесийн байгууллагыг тогтврртой, боломжийн хугацаатай зээлээр хангах талаар бодохгүй байна. Манайд зээлийн эрэлт үнэхээр их байна. Яагаад гэвэл бизнес ; эрхэлье гэхэд хөрөнгийн эх үүсвэрийг банкнаас өөр шийдэх газар Монголдбайхгүй.
Арилжааны банкууд өөрсдийн хэрэглэгчийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр хангаж, “таргалуулж” авах хэрэгтэй. Тийм бодлого барихгүй байгаад нь би их гайхдаг.

-Та урт хугацаатай, бага хүүтэй зээл л эдийн засгийг бэхжүүлнэ гэж байна. Урт хугацаатай, бага хүүтэй зээл бий болгохын тулд мөнгөний уян бодлого шаардлагатай. Тэгвэл Монголбанк яагаад нэмсэн шигээ бодлогын хүүгээ дөрвөн хувиар бууруулсангүй вэ. Энэ талаар Таны бодол?

- Сонин л юм ажиглагдаад байна. Бодлогын хүүг өндөр байлгаж инфляциа барина гэдэг бол худлаа. Инфляци гэдэг чинь ааштай авгай шиг эд шүү дээ. Ааш нь хүмүүсийн хардлага, хүлээлтээс бий болдог. Хардлага байх юм бол юмны үнэ өсөөд явчихна. Монголбанк бодлогын хүүгээ өсгөснийг хүмүүст бий болсон хардлага, хүлээлтийг дарах гэж хэсэг хугацаанд өсгөв үү гэж бодож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголбанк мөнгөний бодлогыг барьж байна. Юмны үнэ хүмүүсийн хүлээгээд байгаа шиг өсөхгүй гэж ойлгуулсан. Хүмүүс ам.долларыг 2000 төгрөгт хүрнэ гэж цуурч байлаа шүү дээ. Хүмүүсийн хардлага, хүлээлтийг эвдэж чадсанаараа Монголбанк бодлогын хүүгээ өсгөсөн нь ач холбогдолтой. Гэхдээ нөгөө талдаа бизнесийг дэмжих гэдэг утгаараа бол үнэхээр муу.
Яагаад хүмүүст хардлага төрөөд байна гэхээр Монголбанк, Засгийн газар, бодлого боловсруулагчдын хэлж, ярьж байгаад итгэл алдарчихаад байна л даа. Мөн Монголын зах зээл их жижигхэн атлаа шударга өрсөлдөөний зарчмаар явдаггүй. Хэсэг бүлэг хүмүүс монополь шинжтэй үйл ажиллагаа явуулаад инфляцийг хөөрөгдөх хандлага бий. Тэгэхээр Төв банк, Засгийн газраас мөнгөний бодлогоо тууштай, залгамж чанартай явуулж, хүмүүсийн итгэлийг олно. Шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах хэрэгтэй. Эцэст нь компанийн засаглалыг сайжруулах хэрэгтэй. Компанийн засаглал сайжирна гэдэг маань хэрэглэгч, түншлэгчийн итгэл нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ.

-Одоо инфляци 16 хувьтай байна. Тэгэхээр Та инфляцийн өсөлтийг бодит эдийн засгаас шалтгаалаагүй гэж үзэж байгаа юм уу?

-Манай хүн амын 60-70 хувь нь дунд болон түүнээс доош төвшинд амьдарч байна. Тэдний орлого инфляцийг хөөрөгдөөд байна гэвэл худлаа. Хөөрөгдөх хэмжээнд хүртлээ ч их удна.

-Монголбанк суурь эдийн засгаа бэхжүүлэх гэж бодлогын хүүг өсгөж байгаа юм хэмээн тайлбарласан?

-Энэ бодлого нь суурь эдийн засгаа бэхжүүлэх гэсэндээ биш болов уу. Түрүүнд хэлсэн хүмүүсийн хардлагыг дарах гэсэн ажил байх. Харин суурь эдийн засгаа бэхжүүлье гэвэл урт хугацаатай, бага хүүтэй зээл өгөх хэрэгтэй. Банкууд урт хугацаатай зээл өгөөд тухайн үеийн инфляци ямар байхыг таамаглаж чадахгүй байх шиг байна. Таамаглаж чадахгүй бол хөвөгч хүү хэрэглэж болно шүү дээ. Тухайн үеийн инфляци ямар байна үүнтэй зээлийн хүүгээ уячих гэсэн үг байхгүй юу. Тэгэх юм бол урт хугацаанд зээл өгч болно.

-Бодлогын хүү буурчихлаа. Арилжааны банкууд зээлийн хүүгээ бууруулах болов уу?

-Бага зэрэг буурах байх л даа. Зээлийн эрэлт их байгаа. Харин банкуудын зээл гаргах чадвар хэр байгаа бол сайн мэдэхгүй байна. Зээлээ удаан хугацаанд зогсоосон шүү дээ.

-Оны эхний дөрвөн сарын статистик мэдээгээр манай орны эдийн засгийн суурь үзүүлэлт буурсан дүнтэй гарч байна. Эдийн засгийнхаа уналтыг зогсоохын тулд хамгийн түрүүнд ямар бодло-го баривал зохилтой вэ?

-Миний бодлоор урт хугацаатай, бага хүүтэй зээлээр бизнесийн байгууллагуудаа дэмжвэл эдийн засаг хурдан сэргэнэ.

Т.ЭНХБАТ