Wednesday, May 20, 2009

Д.Энхтөр захидал 4

Д.Энхтөр захидал ирүүлжээ

Ганц худагт хоригдож буй Д.Энхтөр УЕПГ-аас гаргасан мэдэгдлийг уншаад доорхи захиаг ирүүлжээ.

УЕПГ-аас мэдэгдэл гаргажээ. Тэр мэдэгдэл гэгч гүтгэлгэд:

Д.Энхтөр нь өөрийн нэр дээр байдаг “Коул дизель Монголия” ХХК-нд 593.0 сая төгрөгийн зээлийг барьцаа хөрөнгөгүйгээр авч төлөөгүй, түүний эхнэрийн 40 хувийг эзэмшдэг “Интерпей” ХХК-нд 581.0 сая төгрөгийн зээл өгч зээлийн төлөлт тус тус хийгдээгүй байна. Мөн түүний төрсөн дүү нь 10.8 тэрбум төгрөгийн зээлийг ашигт малтмалын лиценз барьцаалан авсан боловч зээлийн төлөлт хийгдээгүй, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг завшиж үрэгдүүлжээ.

Анод банкны мөнгөн хөрөнгөнд бүртгэлтэй гадаадын банкин дахь харилцах дансны үлдэгдлээс Д.Энхтөр нь зургаан тэрбум төгрөгийг өөрийнхөө нэр дээр бэлэглэлийн гэрээ байгуулан хууль бусаар авчээ.

гэсэн байна. Би эдгээрт одоохондоо товчхон хариулт өгье. Биеийн байдал маань дээрдэхээр би дэлгэрэнгүй няцаалтыг өгөх болно.

  1. Коул Диезэл Монголиа компаны тухайд Анод банкны ТУЗ-н хурал дээр ярилцан нүүрснээс шингэн түлш гаргаж авах төслийг Монголд хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн ТУЗ-н бүх гишүүд зөвшөөрөн байгуулагдсан компани юм. Уг төсөлд шаардагдах хөрөнгө оруулалтыг босгох, анхдагч техник эдийн засгийн үндэслэлийг хийх зорилгоор ТУЗ-н шийдвэрээр 500,000 ам.долларыг зарцуулсан. Уг мөнгийг Германы хөрөнгө оруулагчид болон Монголын үнэт цаасны зах зээл дээр ажилладаг цорын ганц хөрөнгө оруулалтын банк болох MICC компаниудад ажлын хөлс болгож өгсөн нь баримттайгаа байгааг мөрдөн байцаагч нар мэдэж байгаа билээ. Ийм байхад өөрийн мэдлийн компанидаа зээл болгон гаргаж хувьдаа завшсан мэтээр гүтгэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэдгийг мэдэгдэж байна.
  2. Interpay компаны хувьд Монгол улсад банкны төлбөр тооцооны нэгдсэн систем бий болгох зорилгоор Малайзын Азид тэргүүлэгч банкны технологын компанитай хамтран байгуулсан юм. Энэ компаны үүрэг нь картын төлбөр тооцоо, интернэт болон гар утсан дээр суурилсан төлбөр тооцоо, банк хоорондын электрон гуйвуулга гэх мэт банкны орчин үеийн технологыг хөгжүүлж Монгол улсад түгээн дэлгэрүүлэх зорилготой ажиллаж байсан. Interpay нь Анод банкны охин компаны бүтэцтэйгээр ажиллаж байсан болохоос миний хувийн компани бишээ. Банкны зүгээс ажилтнуудын цалин, маркетингын зардал, тоног төхөөрөмж худалдан авах зэрэг үйл ажиллагааг нь зээлээр санхүүжүүлж байсан нь үнэн юм. Энэ компани үйл ажиллагаа нь жигдэрч ажиллаад эхэлж амжсан бол асар их ирээдүйтэй бизнес байсан юм.
  3. G&U компаны хувьд авсан зээлээ эргүүлж төлөөд цаана нь асар их хэмжээний ашиг олох боломжтой алтны ордуудтай том компани. Гүйцэтгэх захирлаар миний дүү ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ эдний компанитай холбоотой зээлийн шийдвэрт банкны журмын дагуу намайг оролцуулдаггүй байсан юм шүү. Харин зээлийн эргэн төлөлт удаашрах үед би санал гарган Гүйцэтгэх захирлыг ажлаас нь халуулж G&U компаныг банкны мэдэлд шилжүүлсэн юм. Үүний дараа тухайн үеийн банкны Гүйцэтгэх удирдлага банкнаас захирал томилсон билээ. Үүнд миний дүү гомдож явдгаа надад байнга хэлдэг. Эцэст нь дахин хэлэхэд энэ компани зээлээ төлөөд цаана нь ихээхэн ашиг олох боломжтой алтны ордуудтай тул зээлээ эргэн төлөх 100%-н баталгаатай.
  4. Д.Энхтөр өөртөө бэлэглэлийн гэрээ хийж 6 Сая ам доллар авсан гэдгийг уншаад нүдэндээ итгэхгүй дотор харанхуйлж байна. Бүхэл бүтэн 6 сая доллар шүү. Хаанаас ямар баримт гаргаж ирэн ингэж хүнийг гүтгэж болдог юм бол? Намайг ийм бусармаг үйлдэл хийхгүй гэдгийг надтай хамт ажиллаж байсан бүх хүмүүс батлана гэдэгт итгэлтэй байна. Мөрдөн байцаагч надтай уулзахаар ирэх үед энэ талаар сайтар асууж тодруулан дэлгэрэнгүй захиаг бичих болно.

Миний бие 14 хоногын турш өлсгөлөн зарласнаас сүүлийн 4 хоногт нь хуурай өлссөн юм. Үнэхээр бие дийлэхгүй байгаа тул товч няцаалт өглөө. Эмнэлэгт гарч бие сайжрахаар дэлгэрэнгүй тайлбарыг хэвлэл мэдээллээр өгөх болно.

Д.Энхтөр
Ганц Худаг 2009/05/18

No comments:

Post a Comment