Wednesday, May 20, 2009

Германы аудитын компанийн дүгнэлтээр “Анод”-оос 40 тэрбум төгрөг дутжээ

Германы аудитын компанийн дүгнэлтээр “Анод”-оос 40 тэрбум төгрөг дутжээ

Германы аудитын компани өнгөрсөн сарын сүүлээр “Анод” банкинд аудит хийсэн билээ. Тэдний дүгнэлт хэзээ гарах нь тодорхойгүй байсан юм. Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн мэдээлснээр аудитын дүн өчигдөр Монголбанкинд ирсэн байна. Уг дүгнэлтэд “Анод” банкны удирдлагууд 40 гаруй тэрбум төгрөгийг зориулалт бусаар ашиглаж, түүнийгээ Монголбанк болон аудитын шалгалтаас нуун дарагдуулж байсан нь тогтоогджээ. Монголбанкны шинжээчийн дүгнэлтээр 55.3 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан хэмээн гарч, үүн дээр нь УМБГ-аас “Анод”-ын захирлуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Дээрх 55.3 тэрбум төгрөг ийнхүү 10 гаруй тэрбум төгрөгөөр багассан байна. Одоо Засгийн газар болон Монголбанк “Анод” банкийг цаашид хэрхэх талаар төлөвлөгөө боловсруулж байгаа аж.
Үүнээс гадна өчигдөр “Анод” банкны ажилчид банкныхаа ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, гүйцэтгэх захирал Д.Энхтөр нарыг батлан даалтад гаргахыг шаардаж хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Тус банкинд ажиллаж байгаа болон ажлаасаа халагдсан 30 гаруй хүн хэвлэлийн хуралд оролцсон. 400 гаруй ажилтантай байсан “Анод” банкны ажилчдын тал орчим хувь нь цомхотголд оржээ. Одоо ажиллаж байгаа ажилтнуудынх нь дийлэнх нь захирлуудаа батлан даалтад гаргахыг дэмжиж гарын үсгээ зурсан аж. “Анод” банкны ийм байдалд орсон шалтгааныг санаатай үйлдэл байж магадгүй хэмээн ажилчид нь үзэж байгаа аж. Банкны систем ганхаж эхэлсэн тэр үед банкнаас нь 95 тэрбум төгрөгийн хадгаламж гарчээ. Энэ үед Монголбанкинд зузаатгал хийж өгөх талаар удаа дараа хүсэлт тавьсан ч зөвшөөрөөгүй, Засгийн газар 40 тэрбум төгрөгөө өгөөгүй зэргээс “Анод” банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар алдагдсан хэмээн ажилчид нь үзэж байна. Эцэст нь тэд өөрсдийнхөө гараар энэ бүхнийг бүтээсэн захирлууд нь яавч хууль зөрчих ёсгүй гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, бие нь хүнд өлсгөлөн зарлаж байгаа захирлуудыгаа батлан даалтад гаргахыг шаардсан юм.

No comments:

Post a Comment