Wednesday, May 20, 2009

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна

Д.Энхтөр: Цагдаагийнхан зохиомол хэрэг тохохын тулд ажиллаж байна
2009 оны 5 сарын 19

 Олон нийтийн анхаарлыг “Анод” банкны хэрэг татаж байна. Тус банкны гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр шоронд өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Бид түүнд асуулт хүргүүлж хариулт авсан юм.


-Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэнд хүргэе.

- Монгол хүн амны билгээр гэдэг учраас сайн л гэж хариулъя даа.

- Та бүхэн “Анод” банкыг анх өөрсдийн хүчээр байгуулж байсан гэсэн. Гэтэл яагаад ийм байдалд хүрчихэв ээ?

-“Анод” банк Монгол улсын эдийн засгийн 10 хувь, банкны системд хадгаламжийн 20 хувийг эзэлдэг байсан үе байгаа бөгөөд бид энэ том аж ахуйг унагахгүйн тулд бүхий л хүчээ дайчлан ажилласан. Банкны алдагдал нь цэвэр төлөгдөөгүй зээл, зээлийн хүү, аккердативын төлбөр, үйл ажиллагааны зардал, хадгаламжийн хүү, эрсдлийн сан, ажилчдын шагнал, маркетингийн зардал зэргээс гарсан алдагдлууд юм. Нөгөө талаас дэлхийн санхүүгийн хямрал нүүрлэж Щвейцарь, Англи, Америк зэрэг банкны бизнесийн олон зуун жилийн туршлагатай орнуудын 100-150 жил оршиж байсан том том банкууд унах нь едрийн үзэгдэл болжээ. Манай банкны алдагдал нь активийн чанаргүйжүүлэлт гэдэг утгаараа олон улсын банкны хямралтай агаар нэг гэдгийг тооцох хэрэгтэй. Хэрэв эдгээр алдагдлуудыг задлан нэг бүрчлэн үзвээс тухайн үеийн Монголбанкны шалгалтанд жилд хоёроос доошгүй удаа хамрагдаж байсан учир бүх алдагдал үүсгэж байсан том зээлүүдийн түүх нь манай банкны аудит болон Монголбанкны шалгалтын материал дээр байгаа .

-Таныг найдваргүй их хэмжээний зээл олгоод үүнийхээ хариуцлагаас зугтаах гэж АНУ-ыг зорьсон гэсэн мэдээлэл байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Миний хувьд сүүлийн таван жилд хөрөнгө оруулалтын чиглэлийг хариуцан ажиллаж байгаад сүүлийн хоёр жилд АНУ дахь банкны төлөөлөгчийн газар ажиллаж байсныг олон хүн мэднэ. Хуулийн дагуу хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан юм шүү.

-Одоо саатуулагдаад байгаа та бүхнийг зохион байгуулалттай, эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн мэтээр олон нийт ойлгож байна?

-Хэдийгээр би зөвхөн хувийн банкныхаа төлөө өдөр шөнөгүй ажиллаж байсан ч 60 000 мянган хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийн хүү төлж , 6000 зээлдэгчдэд зээл олгон улс орны эдийн засагт хувь нэмэр оруулж байсныг тооцож үзэхийг холбогдох хүмүүсээс хүсч байна. Манай банкны стратеги нь уул уурхайн салбарыг түлхүү анхаарч ажиллах байсан бөгөөд 200 орчим сая долларыг уул уурхай, зам тээврийн тоног төхөөрөмж, хүнд машин механизм хэлбэрээр оруулж ирж, олон мянган ажлын байр бий болгон үндэсний тэргүүлэх компаниудыг үүсэхэд өөрийн хувь нэмрээ оруулсаныг үгүйсгэхгүй бизээ.

Дахин хэлэхэд бид банкныхаа төлөө бусад улсын жишгээр улсдаа гаднаас хөрөнгө оруулалт татан харилцагчид болон зээлдэгчидээ дэмжин ажилласнаар олон мянган ажлын байр, татвар төлөгсдийг бий болгож улсынхаа эдийн засгийн чадавхийг сайжруулахын төлөө амралт чөлөөгүй ажиллан 17 жил зүтгэхдээ, бидний гол үүрэг гэсэн хатуу бодолтой байсан. Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын өмнө хүчин мөхөсдсөнөөс биш бид зохион байгуулалттай гэмт бүлэглэл биш гэдгийг албан ёсоор мэдэгдье. Их хэмжээний мөнгө оруулж ирэх нь нөр их хөдөлмөр шаарддагаар барахгүй өндөр эрсдэл дагуулдаг билээ. Товчхон дүгнэж хэлэхэд монголын тэргүүлэх топ харилцагч компаниуд, хадгаламж эзэмшигчдийн төлөө ажиллаж яваад шоронд хоригдох боллоо. Хүний эрхийг дээдэлдэг ардчилсан орнуудад иймэрхүү эдийн засгийн шинж чанартай иргэний хэрэг байж болох хэргийг эрүүгийн хэргээс тэс өөр нөхцөл байдалд шалгадаг гэдгийг хэлмээр байна.

-Та өлсгөлөн зарлаад их удаж байна. Таныг яагаад батлан даалтад гаргадаггүй юм бэ?

-Намайг оргон зугтаана, үйлдсэн хэргээ баллах зэргээр мөрдөн байцаалтанд саад болно гэх үндэслэлээр хорьж байгаа гэж ойлгож байна.Эдгээр үндэслэлүүд бодит амьдралтай нийцэхгүй гэдгийг тайлбарлая. Би Америкт гэр бүлийн хамт хуулийн дагуу ажил эрхлэх визтэйгээр хоёр жил орчим оршин сууж байгаад 2008 оны X сарын эцсээр Монголд ирсэн. Тэгээд хэдхэн хоногийн дараа банкны Гүйцэтгэх захирлаар нэг сар хүрэхгүй хугацаанд ажиллаж байгаад хоригдсон. Оргох сэтгэлтэй байсан аваас өчнөөн зардал гарган том хүүгээ сургуулиас нь гарган нялх хүүхдээ чирэн гэр бүлээрээ эх орондоо эргэж ирэхгүй байсан биз. Бидний хувьд энэ хэлмэгдүүлэлт дуулианы дараагаар эргээд бизнесээ эрхлээд явна гэсэн хатуу итгэлтэй байгаа учраас оргон зайлсан гэсэн гэмт хэрэгт орооцолдох нь ямар ч утгагүйгээс гадна бид тийм ёс суртахуунтай улс биш билээ. Иймээс эрүүгийн хэрэг үйлдээгүй байж шүүх, прокурор, цагдаагаас оргон зайлах шаардлага байхгүй. Бидний 17 жилийн үйл ажиллагааг шалгахад ихээхэн хугацаа орох нь ойлгомжтой бөгөөд хэзээ дуусах нь тодорхой биш байгаа тул энэ хугацаанд батлан даалтанд гарах хүсэлтэй байна.

-Та гурваас гадна Л.Уламбаяр гэдэг хүний тухай яригдах боллоо. Барууны оронд улстөрийн орогнол хүссэн хүнд зөвшөөрөх тохиолдол байдаг. Мөрдөн байцаагч нарт тийм зүйл болж болзошгүй гэсэн хардлага байдаг байх?

-Манай гүйцэтгэх захирал байсан Л.Уламбаяр АНУ-д улс төрийн орогнол хүссэн учраас “та бүгд ийм үйлдэл хийнэ” гэсэн шалтгаан хэлдэг. Бид ардчилсан улсад амьдарч байгаа. Л.Уламбаяр хувийн шалтгаанаар АНУ явсан бөгөөд тэнд үлдсэн нь зөвхөн тэр хүний хувийн асуудал юм. Хэрэв хэрэг үйлдсэн нь тогтоогдвол интерпол баривчлаад аваад л ирнэ. Хэрэв Монголд хэлмэгдүүлэлт явагдаж байгаа бол хэзээ энэ үйл явдал дуусна тэгэхэд ирнэ биз. Би бодохдоо хэлмэгдүүлэлтээс зугтсан гэж бодож байна.

-Аливаа байгууллагыг удирдаж байгаа хүн эрх мэдэлтэй байдаг. Та гүйцэтгэх захирал байсан болохоор маш олон баримт бичгийг өөрийн эрх ашигт нийцүүлж ашиглаж магадгүй гэх юм билээ?

-Миний гүйцэтгэх захирал байсан үе буюу 1999-2005 оны баримтууд бүгд архивт хадгалагдаж байгаа бөгөөд үүнийг устгах ямар ч боломжгүй. Монгол банкны Бүрэн эрхт төлөөлөгч эдгээр баримтуудыг найдвартай хадгалж байгаа гэж найдаж байна. 2005-2008 онд ТУЗ-д ажиллаж байсан. ТУЗ гэдэг бол гүйцэтгэх засаглал биш зөвхөн хурлын байгууллага бөгөөд хурлын протуколууд мөн л банкны архивт хадгалагдаж байгаа. Надтай холбоотой бүхий л материалууд банкны холбогдох газрууд ТУЗ-ийн дэргэдэх дотоод хяналтын газар мөн Монголбанкны хяналт шалгалтын актан дээр байгаа бөгөөд цаг хугацааны хувьд ч гэсэн бидэнтэй холбоотой баримтууд бүгд архивт шилжсэн болно. Манай банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэлд орсон явдал нь манай банкны гадаад, дотоод орчны олон хүчин зүйлээс улбаатай. Бид банкныхаа эсрэг үйл ажиллагаа явуулах ямар ч үндэслэл байхгүй билээ. Учир нь “Анод” банк бол хувийн банк шүү дээ. Хөлс хүчээ гарган олон жилийн хөдөлмөрөө зориулсан зүйлээ уландаа гишгэдэг хүн байдаг гэдэгт итгэхгүй байна.Миний хувьд 17 жил төв банкны удирдлаган дор ажиллахдаа нэг ч удаа албан харилцааны зөрчил гаргаж байгаагүй бөгөөд мөн ийм л зарчмаар хууль мөрдөн байцаах, прокурорын байгуулагын шаардлагыг хатуу мөрдөх болно.

-Та бүхнийг саатуулахаас өмнө танай банкыг дампуурах гэж байна гэсэн яриа олны анхаарлыг татаж байсан. Гэсэн хэдий ч үүнд Монголбанк үгүй гэсэн хариулт өгөсөн. Танай банк дампуурах гэж байсан юм уу?

-Өнгөрсөн оны XII сарын 10-ны өдөр Хүний эрхийн өдөр бол манай банкинд Монгол банкны Бүрэн эрхт төлөөлөгч томилогдон, биднийг барьж, Ганцхудагт хорьсон хүнд өдөр байлаа.Манай банкны үнэлгээ бодитой байсан ба банкыг дампуурсан гэсэн дүгнэлт гараагүй байхад дампуурсан банк хэмээн олон нийтэд зарлаж байгаа нь хууль бус явдал. Банк гэдэг хүмүүсийн итгэл дээр оршин тогтнож, үйл ажиллагаа нь явагддаг тул ямар ч сайн банкийг дампууруулахад амархан. Иймд Анод банк өнөөдөр дампуураагүй. Манай харилцагч байгууллагуудын ихэнх нь уул уурхайн том том компани байсан бөгөөд уул уурхайн 68 хувийн татвар манай харилцагчдад нөлөөлснөөс зээл төлөлт удааширсан, олон улсын санхүүгийн хямрал, манай улсын дотоодын хямрал манай банкинд нөлөөлж эхэлсэн зэрэг маш олон хүчин зүйл шалтгаан байсан. Энэ дундаас хамгийн гол нь зарим хүмүүс манай банкны хадгаламж эзэмшигчдэд дампуурах гэж байна гэсэн худал мэдээлэл тарааж, тэднийг самууруулан, итгэл алдуулахад хүргэсэн тул хадгаламж эзэмшигчид нэг өдөр бөөн бөөнөөр ирэн хадгаламжаа татаж эхэлснээс болж хэдхэн өдрийн дотор банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудсан. Бид банкаа энэхүү хүнд байдлаас гаргахын тулд Монголбанкнаас “Анод” банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулж өгөөч гэж тусламж хүссэн. Хариуд нь Монгол банк манай банкинд бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Ийм л зүйл болсон болохоос бид санаатайгаар залилан мэхлэх гээгүй билээ. Харин ч бид нэн тэргүүнд банкныхаа хадгаламж эзэмшигчдийн хадгаламжийг хамгаалахын тулд бүрэн эрхт төлөөлөгч томилоход нь огт татгалзаагүй. Мөн биднийг шалгах хэрэгтэй гэж эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгуулахаар хандснаас хойш өнөөдрийг хүртэл ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй хуулийн дагуу хүндэтгэлтэй хандаж, хоригдон шалгагдаж байна. Дашрамд хэлэхэд 1999-2005 онд миний бие Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд манай банк нь системийн хамгийн хурдан өсөлттэй банк байсан бөгөөд хадгаламжийн зах зээлийн 20 хүртэлх хувь, системийн нийт зээлийн 10 хувийг эзэлж, гол үндсэн үзүүлэлтүүдээр банкны системдээ I ,II байр эзэлж байсан юм.

-Та бүхэн эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байгаа гэсэн. Эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ та тайлбарлаж болох уу?

-Биднийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг шүүх тогтоогоогүй, цагдаагийн байгууллага шалгаж, бидний буруутай, буруугүйг нотлоогүй байхад барьж хорин, өдий болтол таван сарын хугацаа өнгөрөхөд шалгаж дуусаагүй хэмээн үргэлжлүүлэн хорьж, байцаалт авч, биднийг онц хүнд гэмт хэрэгтэн, луйварчид мэтээр олон нийтэд мэдээлэл тарааж, гишүүд, эрх баригчид телевизээр дампуурсан банк, луйварчид гэж олонд зарлан мэдээлж байна. Энэ бол чөлөөт зах зээл, банк, санхүү эдийн засгийн зохих мэдлэг, мэдээлэлгүй төр, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааны илрэл гэж үзэж байна. Надад тулгаж байгаа зүйл ангиудаас харахад банкны дүрмийн сангийн бүрдүүлэлт, банкны хувьцаа эзэмшигчдийг залилан мэхэлсэн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэсэн зохиомол хэрэг тохохын тулд цагдаагийн газар ажиллаж байгаа бололтой.

-Танай банкны дүрмийн сангийн бүрдүүлэлт хууль бус байгаа гэх юм . Энэ ямар учиртай юм бэ?

-Бид 1990 онд зах зээлийн нийгэмд шилжин орсноос хойш манай улсад олон банк байгуулагдсан. Банкуудын дүрмийн сангийн эх үүсвэр нь зээл, эсвэл төрийн өмчөөс гаралтай байдаг нь Монголын өнөөгийн бодит практик юм. Хуулиар бол татварын дараах цэвэр ашгаар байгуулах ёстой бөгөөд, Монгол улсад тийм их хэмжээний ашиг олоод түүнээсээ татвар төлөөд банк байгуулсан түүх байхгүй л болов уу. Бусад банк дүрмийн сангаа хэрхэн бүрдүүлэв

“Худалдаа Хөгжлийн Банк”-ны хувьд Монголбанкны гадаад төлбөр тооцооны газрынхан төв банкнаас төрийн өмчийг тасалж авч байгуулсан мөн л улсын хөрөнгөн дээр боссон банк. Үйл ажиллагаа явуулж байхдаа ажилчид нь ашгаасаа 30 хувийг менежментийн гэрээний дагуу авсан.

“ХААН” банкны хувьд зөвхөн хөдөөгийн малчдад санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор АНУ-ын Засгийн газрын тусламжаар 10 сая долларын хөрөнгө оруулалттайгаар сэргээгдэн байгуулагдсан боловч мөн л эрх баригч намын лобби орж зургаан сая доллараар маш хямдаар худалдан авч, анхны зорилгоо умартан шударга бусаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын зах зээл рүү орж ирсэн.

“Анод” банк бол 1990 онд зах зээлийн нийгэмд шилжсэний дараагаар жам ёсоор төрж байсан олон ББСБ-ын нэгэн адилаар цэвэр өөрсдийн хөдөлмөрөөр тэгээс эхэлж, бүтэндолоон жил ажиллан бор зүрхээрээ зах зээлээс сарын 6 хувь, жилийн 72 хувийн хүүтэй хөрөнгө оруулалт татаж, гурван тэрбум төгрөг цуглуулж байгуулагдсан юм. Энэхүү процесс нь зохих хөрөнгө оруулалтыг шударгаар татаж, хууль ёсны дагуу банк байгуулсан гэдгийг харуулах болно. Өөрөөр хэлбэл бид Монголбанкны дансанд нэг тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд түгжин байж, 1999 онд Монголын анхны нэг тэрбум төгрөгийн дүрмийн сантай банкны лицензийг авч байсан. Тэр үед банкны дүрмийн сангийн хэмжээ 400 сая төгрөг байсан билээ. Бодит нөхцөл байдалд манай компани нь банкны хэмжээнээс давсан эргэлтийн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан учраас банк болоход нэг их хүндрэлтэй биш байв. Монголын банкуудын дүрмийн сангийн бүрдүүлэлт ийм байхад зөвхөн манай банкийг онцлон авч үзэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

-Та бүхнийг буруутгаж байгаа нэг зүйл бол хувьцаа гэсэн. Та бүхэн нийлж байгаад 1200 хувьцаа эзэмшигчийг хууран мэхэлсэн гэх юм . Энэ талаар?

-Аливаа нэгэн аж ахуйн нэгжийн үнэ цэнэ нь санхүүгийн алдагдал гэхээсээ илүүтэйгээр тухайн зах зээлээс ирээдүйд олох ашиг орлого, тухайн байгууллагын хүний нөөц, менежмент, харилцагчдын бүтэц, мэдээллийн технологийн хөгжил, өнгөрсөн түүх, ирээдүйн баланс, алсын хараа, нэр хүнд, брэндийн үнэлгээ, тухайн улсын эдийн засаг, гадаад дотоод нөхцөл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг.

2008 оны I сарын 1-ний байдлаар бид санхүүгийн зах зээл дээр 17 жил ажиллан “Анод” брэндийг бий болгосон, 300 тэрбумын активтай, 200 тэрбумын зээлтэй банкныхаа алдагдал, үнэ цэнээ тооцоод 30-50 сая ам.доллар гэж үнэлж байсан. Миний бие нь 2008 оны III сард Нью-Йоркийн хөрөнгө оруулалтын компаниар банкны үнэлгээг балансан дээр тулгуурлан хийлгэж байсан бөгөөд энэ компани нь манай банкийг худалдаж авах, сайжруулаад ашиг олох бүрэн боломжтой гэж үзэж байсан. Энэ компани нь манай банкинд эхлээд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, дараа нь нэмж 50-100 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийн банкны үйл ажиллагааг тогтвортойгоор сайжруулсны дараа 3-5 жилийн дараа анх оруулсан хөрөнгөө 150-300 хувиар өсгөн авах боломжтой хэмээн үзэн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байсан. Гэтэл энэ үед манай банкны Гүйцэтгэх удирдлага БНСУ-ын талтай хамтран ажиллах чиглэлийг барьж байсан тул энэ асуудал дэмжигдээгүй. Хэрэв манай монгол улсын хөрөнгө оруулалтын бодлого маань нээлттэй, дэлхийн санхүүгийн хямрал нүүрлээгүй бол бидний төлөвлөсөн эцсийн хувилбар болох Монголын уул уурхайг сонирхож байгаа ОХУ-ын Газпром, Казахстаны Халыф, БНСУ-ын Шинхан, БНХАУ-ын Чайна Констракшн банкууд болон цаашилбал Нью-Йорк, Хонгконгийн хөрөнгө оруулагч нарт банкныхаа 65 хувийг зарж, банкаа эрсдлээс гаргаж чадна гэж үзэж байсан.

Харин мөрдөн байцаах байгууллага үүнийг ойлгохгүй бидэнтэй ломбарданд гуулин бөгжийг алт гэж тавин мөнгө луйвардсан хүний жишгээр харьцаж байна. Уг нь Монгол банкны хувьд “Анод” банкны хувьцааны 100 хувь байна уу, 65 хувь байна уу зарчмын ямар ч ялгаа байхгүй. Бусад улсуудын жишгээр төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэлд орсон манай банкны 65 хувийг Монголбанк хяналтандаа аваад хэсэг хугацаанд ажиллуулж, үйл ажиллагааг нь сэргээгээд буцааж зарлаа гэхэд 35 хувийг эзэмшигч бусад 1200 орчим хүний хувьцааны үнэ анх авсанаас нь өсч ашигтай байх боломж бий. Монгол банк ч үүнээс өөртөө ашиг гаргах боломж байхыг үгүйсгэхгүй. Амьдрал дандаа дампуурч байдаггүй. Унах нэг үе байхад сэргэх үе заавал ирдэг нь хорвоогийн жам билээ. Үүн дээр хууль цагдаагийн байгууллагынхны банк, санхүү, хөрөнө оруулалтын талаарх мэдлэг, ур чадвар, туршлага дутаж, юмыг өргөн хүрээнд харалгүй дандаа явцуу өнцгөөс асуудалд хандан цаг алдаж байна.

-Таны эхнэр үр хүүхэд чинь орон сууц байхгүй байгаа гэх юм. Та өөрийн нэр дээр байргүй байсан хэрэг үү?

-Бид олсон бүх орлогоо 60 мянган хадгаламж эзэмшигчдээ тарааж өгдөг байсан атлаа үүсгэн байгуулагч бид гурав цалингаас цалинд амьдардаг байсан. Энэ утгаараа “Анод” банк нь ганц хадгаламж эзэмшигчийг бус түүний цаана гэр бүлийнх нь 3-4 хүн байдаг гэвэл нийт 200 мянгаад хүний аж амьдралтай холбоотой явж ирсэн. Надад банкны хөрөнгөөс завшин өөрийн хувийн эзэмшил болгон авсан орон сууц, унаа тэрэг байгаагүй, бүгдийг банкныхаа эд хөрөнгө болгон явж ирсэн тул өнөөдөр тэр бүх зүйл хураагдан, гэр бүл маань миний 17 жилийн өмнө амьдарч байсан талийгаач аавын минь хоёр өрөө байранд нүүж ирэн, хүний унаанд дайгдан Ганц худаг руу ирж байна. Хүмүүс банкны захирлууд их баян гадаад дотоодгүй өвөл зуны хаустай тансаглаад байж байгаа гэж ойлгодог байх.Нийгмийн ихэнх хэсэг ядуу, учир баян хүмүүст дургүй, атаархдаг. Тийм учраас бодит байдлыг хүмүүст мэдүүлж, ойлгуулах хэрэгтэй байх гэж бодлоо.

-Таны эрүүл мэнд муудсаар байна. Та өлсгөлөнгөөс арай өөр тэмцлийн хэлбэр сонгож болохгүй гэж үү?

-Ногоон намын Д.Энхбат нэгэнтээ надад, “Энхтөр өө, Монголын төр зүтгэсэн хүндээ халгаатай. Миний улс төрд орж байгаа бол амь настай минь ч холбогдож мэдэхээр юм байна” гэж байсан билээ.Үүний нэгэн адил би 17 жил банкныхаа төлөө бүхнээ зориулан зүтгээд эцэст нь шоронд сууж байгаа минь хар дарсан зүүд шиг, хачин эвгүй санагдах юм. Гэвч асуудал үнэн шударгаар шийдэгдэнэ гэдэгт гүнээ итгэсээр байна. Тэр болтол би энэ тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно.

Х.Оюунсүрэн

No comments:

Post a Comment