Saturday, September 26, 2009

Тэмүүжин: М.Энхболд УИХ-ын дарга, Н.Энхбаяр Ерөнхий сайд болох юм байна
Өчигдөр 8 цаг 48 минут

 -Улс төрөөс холдуулах, ойртуулах шаардлагатай хүмүүс байдаг. Миний л хувьд ямар ч байсан тодорхой хүмүүсийг, хэсэг бүлгийг улс төрөөс холдуулж чаддаггүй юм гэхэд эрх мэдэлгүй л байлгамаар байна-

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Долдугаар сарын 1-ны асуудлаар УИХ-аас томилогдсон ажлын хэсэг энэ сарын 15-ны дотор дүгнэлтээ гаргах ёстой байсан ч ирэх сарын 15 болгож хойшлуулсан гэсэн. Яагаад?

-Хүний эрхийн дэд хорооноос гарсан ажлын хэсэг гурван үе шаттай ажиллаж байгаа. Долдугаар сарын 01-ээс наймдугаар сарын 01-ний хооронд мэдээлэл цуглуулах ёстой байсан. Гэтэл яг тэр үеэр Өршөөлийн хууль гарсан учраас иргэд түүн лүү илүү анхаараад өргөдөл гомдол гаргах ажил нэлээд сунжирсан. Өршөөлийн хууль батлагдсаны дараа иргэдээс “өргөдөл гомдол хүлээж авах хугацаагаа сунгаж өгөөч” гэдэг хүсэлт ирсэн. Бүх өргөдлийг гар дээрээ авсны дараа унших ёстой болохоор ирсэн өргөдлүүдийг урьдчилж уншиж болохгүй байсан л даа. Наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны дотор бүх өргөдлийг уншиж дуусгасан. 43 хүний өргөдөл, хүний эрхийн байгууллагуудын тайлан, олон улсын байгууллагуудаас мэдээлэл ирсэн. Тайлан гэхэд 60 гаруй хуудастай байгаа шүү дээ. Энэ сарын 05-наас өргөдөл гарсан иргэд, тайлан ирүүлсэн хүний эрхийн байгууллагууд, шүүх хуралдаанд орсон өмгөөлөгч нартай уулзах ажил эхэлсэн. Маргааш дуусна. Манай парламентын хувьд анх удаа хийж байгаа ажил учир бид туршлага багатайгаас гадна цаг их авдаг юм байна.

-Хэдүүлээ ажиллаж байна?

-Туслахтайгаа гурвуулаа. Мэдээлэл цуглуулах дээр гишүүдээс би ганцаараа ажиллаж байна. Энэ мэдээллээ түшиглээд ажлын хэсгийнхэнд танилцуулга бэлтгэхийн тулд дахиад мэдээлэл шаардлагатай. Иргэдийн мэдээлэлд дурдагдсан хууль зөрчиж ажилласан төрийн байгууллага, албан тушаалтнуудаас тайлбар шаардаж байна. Энэ тайлбараа ямар шугамаар авах, процедур нь яаж явахыг УИХ-ын хуулиар зохицуулаагүй учир хуучин зарчмаараа албан бичиг явуулдаг, хариу нь хангалттай мэдээлэл агуулж ирэхгүй байна. Тэгэхээр дахиад л нөгөө бичгээ шидэлцэх болдог, энэ ажил маань бараг сар явах юм шиг байна. Долоо хоногтоо багтаагаад хариу өгдөг төрийн байгууллага гэж алга. ҮАБЗ-ийн тухайн үед хуралдсан протоколтой танилцах шаардлага гарч байна. Гадагшаа гаргадаггүй, зөвхөн унших ёстой учраас бүтэн өдрөөр сууж байна. Механик ажил ихтэй юм. Таванд намрын чуулган эхэлнэ, тэр үед төсөв ороод ирэх учраас энэ асуудал руу анхаарах гишүүдийн анхаарал багасах байх гэж бодоод 15 гэдэг хугацааг тавьсан. Тойрогт баригдсан сонгуулийн тогтолцоотой учраас бүх гишүүд л тойрог руугаа мөнгө чирэхийг бодно. Иймэрхүү улс төрийн хүчин зүйл бас байна. Энэ мэтийг хараад ирэх сарын 15 гэхэд дэд хороон дээр сонсголоо хийж, арваннэгдүгээр сарын 01-ний дотор нэгдсэн чуулганд оруулчих байх.

-Онц байдлын үеэр цагдаагийнхан хүний эрх зөрчсөн, хэрэг тулган хүлээлгэсэн гэдэг нь нотолгоо шаардлагагүй хүлээн зөвшөөрөгдсөн зүйл. Харин Онц байдал зарласан үйл явц хуулийн дагуу болсон уу, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд нь яаж ажилласан, яагаад хүний амь хохирсон гэдэг мэдээлэл байна уу?

-Хүний эрхийн дэд хороо хүний эрхийн зөрчлийг л шалгана гэсэн учраас эрүүдэн шүүгдсэн үү, шударга шүүхээр шүүлгэх эрхээ зөрчүүлсэн үү, хууль бусаар хорьсон уу гэдэгт хариу өгөхөөр ажиллаж байна. Онц байдал зарласан нь хууль ёсны байсан уу, жагсаал цуглаантай холбоотойгоор холбогдох байгууллагууд нь ажиллаж чадсан уу гэдэг дээр өөр ажлын хэсэг гарсан. Манай ажлын хэсгээс сарын дараа УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Тэд юу хийж байгаа талаар мэдээлэл алга.

-Экс Ерөнхийлөгч маань саяхан ярилцлага өгөхдөө “Би өөрөөс шалтгаалах бүхнийг хийсэн, бусад нь ажиллаагүй” гэх маягийн зүйл хэлсэн?

-ҮАБЗ-ийн хуралдааны протоколуудыг харахад ерөнхийдөө галт зэвсэг хэрэглэх тухай асуудал хөндөгдөж л байсан юм билээ. Манай дэд хорооны шалгах ёстой бас нэг зүйл нь галт зэвсэгтэй холбоотой амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн асуудал.

-ҮАБЗ зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн гэсэн үг үү?

-Зөвшөөрсөн эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан энэ асуудлаар ярилцсан юм билээ. Өргөдөл гомдол дээрх мэдээллээр бол “Дээрээс тушаал ирсэн, та нарыг алчихсан ч яадаг юм, хэн ч амийг чинь нэхэхгүй” гэдэг ойлголт цагдаагийнханд хавтгайд нь байсан. Долдугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө, ажиллагааны үеэр шүү дээ. Тийм байдлаар иргэдийг маш ихээр зодож нүдсэн. Дээрээс тушаал ирсэн, буудах зөвшөөрөл өгчихсөн, та нарыг яасан ч яадаг юм гэсэн хандлага цагдаагийнханд хавтгайд нь байсан. Хоёрдугаарт тэр үеэр цагдаа нарт “Та нар долоон цагдаа алсан, тийм учраас” гэдэг сэтгэл зүй маш их байсан байгаа юм. Тэр мэдээллийг ямар шугамаар тараасан, дээрээс албан ёсоор өгсөн үү гэдгийг шалгах ёстой. Хэрвээ энэ мэдээллийг албан ёсоор тараагаагүй бол хариуцаж байгаа албан тушаалтан нь үүнийг таслан зогсоох үүрэгтэй байсан.

-Цагдаагийн удирдлагууд өршөөлөөр суллагдсан. Харин цагдаа нар?

-Хүн буудсан цагдаа нарын хэрэг шалгагдаад, шүүх, прокурорын шатанд явж байгаа.

-Удахгүй болох нөхөн сонгуулийн талаар юу бодож байна?

-Сонин хэвлэлээс л мэдээлэл авч байгаа. Манай намын хувьд мэдээж их ач холбогдол өгч байгаа, өөрт ноогдох суудлаа авч үлдэхийн тулд хуулиар зөвшөөрөгдсөн бүх арга хэмжээг авах болно. Хувьсгалт намын талаас бараг Н.Энхбаяр дэвших юм шиг байна.

-Эхнээсээ нөхөн сонгуулийн хугацааг хойшлуулсан нь Н.Энхбаяртай холбоотой байсан биз дээ?

-Улс төрийн янз бүрийн нүүдлүүд хийгдээд л ийм болж байх шиг байна. Тухайн үед ч хүмүүс ярьж байсан. Улс төрийн соёл талаасаа бол Ерөнхийлөгчөөс бууж байгаа хүмүүс дурдатгалаа бичээд, дараа үедээ зайгаа тавьж өгдөг. Манайд тиймэрхүү ардчиллын уламжлал байхгүй учраас эрх мэдлээс үхэн үхтлээ л зүүгдэх юм байна. Гэхдээ би энэ хүнийг буруутгахгүй, улс төрийн орчин маань л ийм байна. Улс төрд удаан явсан хүмүүс улс төрөөс гадуур амьдарч чадахгүй, өөрийнхөө амьдралыг залаад явах эдийн засгийн юм уу, сэтгэл санааны эх үүсвэр хомс байдаг юм шиг. Тэгээд улс төрдөө л байх гэж оролддог, улс төрдөө үхдэл болсон ч хамаагүй зууралдаад олон хүнд гай болдог, хамгийн гол нь бодлого нь эрүүлждэггүй.

-Их хурал дотор ч гэсэн түүнийг санасан хүмүүс цөөнгүй байгаа гэсэн?

-Улс төрийн шийдвэр гаргах түвшинд тийм нэг гинжин эргэлт бий болчихоод байна. Эрх мэдлээ гадагш нь алдахгүй, дараа үе рүүгээ шилжүүлэхгүй, авсанд ортлоо барьж байх ёстой гэсэн хатуу бодолтой, тэгж чадна гэсэн хувийн итгэл үнэмшилтэй улстөрчид олон байна. Харамсалтай нь энэ нь улс оронд хор хөнөөлтэй, бодлогын шинэчлэл орж ирэх бололцоо өгдөггүй.

-Танай намынхныг МАХН-тай тохироо хийгээд байна гэсэн, 24, 25 дугаар тойргийг нэг нэгээр нь авахаар. Тэгвэл танайхаас бие даагч ч гараад ирж магадгүй?

-Би бол тэгж харахгүй байна. Үзэл бодол, зарчим, хариуцлага гэж юм байх ёстой. Ойлгогдсон, хүлээн зөвшөөрөгдсөн дүрмээр өөрөө гарч ирж чадахгүй бие даан нэр дэвших нь намыг үгүй хийдэг. Нам гэхээсээ илүү өөрчлөлтийг бас үгүй хийдэг. Бидний олон жилийн туршлага тийм. Яагаад бид сонгууль болгоноор МАХН-д боломж олгоод, яагаад МАХН эрх мэдэлтэйгээ үлдээд байсан юм. Сонгогчдын үзэл бодол бол байнга л өөрчлөгдөж байсан. Гэтэл манайхан “шинэ баян цээж өвчтэй” гэдэг шигбүгдийг чадна гэж гэж яваад саналаа хуваах, сонгогчдыг төөрөлдүүлэх байдлаар бүх зүйлийг саармагжуулсаар, ардчилал 20 жил саармаг явлаа. Хэрвээ бид өөрчлөлтийг эхлүүлье гэж байгаа өөрсдөө нэгдэж сурах, тийм соёлд суралцах ёстой. Цувж яваа барнаас цуглаж суусан шаазгай дээр гэдэг. Бас нэг зүйл нь “Тулалдаанд шонхрууд нисдэг” гэдэг шиг сонгуульд зөвхөн хашрууд ордог гэдэг зарчмаа өөрчлөх ёстой. Одоо болтол өөрсдийгөө залуу гэж боддог, гэтэл нийгэм чинь хамаагүй залуужаад байна. Хэрвээ МАХН-аас Н.Энхбаяр гарвал Ардчилсан нам ч гэсэн “аранга”-аараа түүнтэй өрсөлдөхүйц хүнийг нэр дэвшүүлэх нь мэдээж чухал. Гэхдээ дараа дараагийн сонгуулиудад Ардчилсан нам залуусаар хүч сэлбэх хэрэгтэй. Тэгэхгүй бол МАХН залуусаар нүүр царай хийгээд гарчих гээд байна шүү. Илүү өөрийгөө залуу гэж харагдуулах гээд байна.

-Гэтэл танай намаас нэр дэвшихээр шилэгдсэн хүмүүсээс хамгийн залуу нь Б.Батбаатар. Даанч найдвар муутай…

-Манай намд маш олон чадалтай залуус байгаа. Тэднийгээ сүүдрээсээ гаргах хэрэгтэй. Л.Толстойн нэг гоё үг байдаг даа, гал аваад гэрэлтүүлж чадахгүй бол ядахдаа битгий сүүдэрлэ гэж. Манайхан МАХН шиг “кран” хийж чадахгүй. Гэхдээ битгий сүүдэрлэ л дээ. МАХН залуусаа лифтэнд суулгаад дээш нь шидчихэж байна. Ардчилсан намын залуучууд бол өөрсдөө шатаар мацаж өгсдөг. Үүндээ ч гомддоггүй, яагаад гэвэл тэр хэрээр өөрсдийгөө чадавхижуулж байдаг. Гэхдээ сүүдэр тэдэнд садаа болж байна.

-Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн асуудал олон нийтийн анхаарлыг ихээр татсан ч салбарынхнаас дэмжлэг харагдахгүй байна. Тэд “Цогцоор нь шийдэхгүй бол нэг хуулиар үүнийг хийхгүй” гэдэг шүүмжилсэн. Энэ тухайд…

-Ерөнхийлөгчийн санаачилга бол улс төрийн хүсэл эрмэлзал, би шүүхийг шинэтгэхийг хүсч байна гэсэн. Гэхдээ Ерөнхийлөгч үүнийг хийж чадахгүй. Шүүхийг шинэтгэмээр байна гэж хэлээд шинэтгэчихдэг бол гоё л доо. Тэгдэггүй. Үүний тулд зориг тэвчээр, улс төрийн хүсэл эрмэлзэл хэрэгтэйгээс гадна шүүхэд болохгүй байгаа зүйлийг зөв таньж мэдээд түүнийг өөрчлөх бодлого хэрэгтэй. Энэ бодлогыг Ерөнхийлөгчид судлаач, эрдэмтэд, энэ чиглэлийн мэргэжилтнүүд л авчирч өгнө. Тиймээс одоо Ерөнхийлөгчийн зүгээс маш хурдан энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг оруулсан ажлын хэсэг байгуулж, хуулиуд дээрээ суух ёстой. Үүнийг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх ганцаараа хийхгүй, хийж чадах ч үгүй. Бүтэн баг ажиллах ёстой. Энэ багийг ажиллуулах бололцоо нь Монголын төрийн хоёр институтэд байна. Хэд дахин илүү боломж Хууль зүй дотоод хэргийн яаманд байгаа. Төсөв мөнгө, мэргэжилтнүүд нь байна, зохион байгуулах эрх мэдэл, эрдэмтдийг татаад авах бололцоо нь байна. Ерөнхийлөгчид бол үүнээс 4-5 дахин бага боломж байгаа. Харамсалтай нь ХЗДХЯ гэж нэг мухар олгой шиг, юу ч хийдэггүй, Засгийн газраас оруулж ирсэн бичиг цаасыг засдаг л улс байна. Ерөнхийлөгчид бол хүсэл эрмэлзэл байна. Одоо үүнийгээ зохион байгуулалтанд оруулж, ажлын хэсгээ өргөтгөх ёстой. Анх Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа нэг ажлын хэсэг байгуулсан. Бодлогоо дэмжүүлэх л зорилгоор байгуулсан байх, ХЗДХ-ийн сайдаас эхлээд ихэнхдээ дарга нарыг оруулсан байна лээ. Тэд нар хуралдаж ажил хийнэ гэж байхгүй. Тэр тусмаа сонирхлын зөрчилтэй шүүх, прокурорынхон өөрсдийгөө эрүүлжүүлэх бодлогыг хийхгүй. Хараат бус, бие даасан, харьцангуй хөндлөнгийн мэргэжилтнүүдээр үүнийг хийлгэх ёстой.

-Б.Чимид гуай таныг оролцох хэрэгтэй гэсэн?

-Би тэнд орсон ороогүй ажлаа хийнэ. Жишээ нь сонирхлын зөрчлийн хууль тогтоомжгүйгээр бид цаашаа явахгүй нь, энэ хуулийн төслийг цэгцлээд өргөн барихыг бодож байна. Энэ зун бол үнэндээ шүүхийн асуудлыг барьж чадсангүй. Өөрөө ажлаа хийхийн тулд эхлээд УИХ-ын хууль тогтоомжуудийг өөрчлөх шаардлагатай байна. Парламент нь Засгийн газраа хянаад, баталсан хууль тогтоомжоо хэрэгжүүлэхийн тулд ямар гар хөл байх ёстой юм, түүнийг нь бий болгомоор байна.

-УИХ-д хоёр байнгын хороог шинээр байгуулах тухай асуудал уу?

-Энэ хуулийн төсөлд Ж.Энхбаяр, З.Алтай, З.Энхболд гээд УИХ-ын хориод гишүүн гарын үсэг зурсан. Төслийг би өөрөө боловсруулсан, санаачилж өргөн барьж байгаа хүмүүс нь үзэл бодлоо тусгасан. Бүгдээрээ дотооддоо ойлголцсон нэг зүйл бол үнэхээр энэ парламентаас гарч байгаа хууль тогтоомжууд бизнес бүлэглэл, цөөн тооны олигархийн хувийн ашиг сонирхлыг дэмжих зорилготой болж хувираад байна. Иргэдийн нийтлэг эрх ашигт очихоороо буруу болчихоод байна. Тиймээс хууль тогтоох байгууллагад олон нийтийн санаа бодлыг тусгахын тулд Өргөдөл гомдлын байнгын хороог байгуулья. Тэдний санаа бодол хэрэгцээн дээр тулгуурлаж хуулиа гаргадаг байя. УИХ-ын 76 гишүүн ч юмуу, Засгийн газар дотроос бодлого хайж олно гэвэл тэдний явцуу эрх ашгийг дэмжсэн зүйл болчихоод байна. Хоёр дахийг нь бол хуулин дээрээ “Байцаан шинжих” гэж тодорхойлсон байгаа. Засгийн газрыг хуулийн хэрэгжилт, төсөв, хүний эрхийн чиглэлээр хянадаг бүтцийг УИХ-д бий болгоё. Одоо ажлын хэсэг гэж байгааг түр хороо болгох юм. Ажлын хэсэг гэхээр парламентын эрх мэдэл нь алга болчихдог. Түр хороо парламентын бүтцэд орох учраас эрх мэдэлтэй. Эрх мэдэлтэй учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарчмаар нотлох баримт цуглуулдаг, гэрчийг дууддаг, парламентад хэлэлцүүлэг явуулдаг болно. Гэхдээ шүүх шиг шийдвэр гаргахгүй, “Энд ийм алдаа гарсан байна” гээд алдаа гаргасан албан тушаалтныг цааш нь хариуцлага тооцуулахаар явуулдаг. Тийм эрх мэдэл УИХ-д үүсэх ёстой. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүн асуулга тавьдаг, Засгийн газрын гишүүд хариулт өгсөн болдог байдлаас чинь ямар ч үр дүн гарахгүй байна.

-Түр хороо байнгын хорооноос эрх мэдэл багатай юу?

-Илүү эрх мэдэлтэй. Тийм учраас түр хороог түр л байгуулдаг. Тэгэхгүй бол парламентын эрх мэдэл хэмжээгүй тэлчих аюултай. Гэхдээ энэ эрх мэдэл байхгүйгээр Засгийн газраа хянаж чадахгүй. Одоо бол парламент нь Засгийн газраа хянаж чаддаггүй, тэгсэн мөртлөө Засгийн газартаа хэмжээ хязгааргүй нөлөөлж чаддаг гишүүдийн бүлэг л байгаа байхгүй юу. Засгийн газрын өөрсдийн дураар хөдөлгөдөг. Хэрвээ энэ хууль хэрэгжвэл Засгийн газар парламентын хяналтад орох боловч нөгөө талдаа парламентын дарамтаас гарна. Дурын гишүүн очоод “Манай тойрогт ийм юм хийсэнгүй” гэж загнахгүй. Одоо бол Засгийн газар төсвийн мөнгөөр бодлогын томоохон хөтөлбөр хэрэгжүүлэхээсээ илүү гишүүдийн тойрог руу хамаг мөнгөө цацаад хямрал дээр нэмж хямраад байна. Иймэрхүү хуулийн төсөл санаачилж, хориод гишүүн гарын үсэг зурсан. Намрын чуулганаар хэлэлцэх байх гэж найдаж байна. Эсвэл бас “Танай гишүүд шинэ байна, жул байна” гээд архагууд нь шал өөр юм яриад байх юм уу. Олон жил сонгогдсон, улс төрд хөлөө олчихсон, арай нэг хэлхээ холбоо сайжирчихсан хүмүүс нь асуудлаа 24 цагийн дотор шийдүүлдэг, бусад нь хоёр жил гүйгээд ч нэмэргүй тал бас энэ 76 дотор чинь байна шүү. Үүнийг өөрчлөхийн тулд УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийг санаачилж оруулсан. Энэ хоёр хууль батлагдчихвал парламентын засаглал яаж ажилладаг вэ, тэр жишиг рүү дөхнө гэж горьдоод байгаа. УИХ-ын гишүүн болсныхоо хэргийн бараг 50 хувийг хийчихлээ гэсэн үг.

-Залуусыг дэмжих ёстой гэл үү? Гэтэл МУГЖ, дуучин С.Жавхлан нөхөн сонгуульд бие даан нэр дэвшихээ зарласан. Яагаад Ардчилсан нам, МАХН хоёрын аль алинд нь түүний орон зай олдоогүй юм бол. Ер нь С.Жавхлан УИХ-д сонгогдоод таны хажууд зэрэгцээд суувал ямар вэ?

-Залуу хүний ард бас гурван зүйл байх ёстой. Зөвхөн насны залуу хөгшнөөр хэмжигдэхгүй. УИХ-ын гишүүний эрх мэдлийн тусламжтайгаар юу хийх юм бэ гэдэг бодлого нь тодорхой байх ёстой. Тэр бодлого нь эрүүл саруул, зөв зүйтэй, урт хугацаанд хүмүүст үр өгөөжөө өгч чадахуйц байх ёстой. Ямар ч бодлогогүй орж ирчихээд одоо юу хийх вэ гээд явж байгаа УИХ-ын гишүүд зөндөө байна. Хоёр дахь нь улс төрд үнэт зүйл, зарчим хоёр заавал үнэ цэнэтэй байх ёстой. Улстөрчид үнэт зүйл, зарчим хоёроо хэр мөрдлөг болгож, хамгаалж чадаж байна гэдгээс их олон зүйл шалтгаалдаг. Улс төрч хүнд үнэт, зарчим, бодлого байх ёстой, шинэчлэгч байх ёстой. Түүнээс биш энэ олны танил юм, тэр нь дуулдаг юм гээд чихээд байвал Монголын улс төр ямар ч эмх замбараагүй, чихрийн цуглуулга шиг л болно.

-Гэхдээ С.Жавхланг зүгээр л бухимдаад ийм мэдээлэл хийгээгүй, өөртөө хэт итгэсэндээ ч нэр дэвшээгүй байх. Ард нь ямар нэг зүйл байгаа байлгүй?

-Улс төрийг хэн ч өмчилдөггүй учраас Монгол улсын иргэн бүр сонгох сонгогдох эрхтэй, энэ эрхийг юугаар ч хязгаарлахгүй. Сонгогчид л үүнийг дүгнэж, цэгнэх ёстой. С.Жавхланг ч би буруутгахгүй. Ерөнхий улс төрийн агуулгаар нь би асуудлыг ярьж байна. Монголчууд улс төрд мэргэших цаг болсон. Сонирхогчдын улс төр Монголыг 20 жил хойш чангаалаа. Ямар салбар дээр ямар мэргэжилтнүүд байна гэдгийг олж харахгүй улс төр бол ангал руу нүд боолттой чирж байгаа муйхар хүч л гэсэн үг. Ийм муйхар хүч биш, илүү эрүүл саруул нүдтэй, зөв алхамтай, мэргэшсэн улстөрчид орж ирэх цаг нь болсон. Гэхдээ парламент хуульчдаас бүрдэх ёстой гэж хэлээгүй шүү. Ямар ч байсан мэргэжилтнүүдээс бүрдэх ёстой. Би 1996 онд “Петрийн зарчим” гэж бичиж байсан юм. Жишээ нь би хүүхдийнхээ төрсөн өдрөөр алиалагч дуудах дуртай. Яагаад гэвэл алиалагчид хүнийг хөгжөөж, аз жаргалтай болгож, баярыг чимдэг. Тэр авьясын төлөө мөнгө төлөх ёстой. Гэхдээ амьдралынхаа хамгийн чухал асуудлыг шийдэхдээ би алиалагч дуудахгүй. Эмч хүнийг эмчлэх ёстой. Эмч эмнэлгийн дарга болохоороо эмнэлгийг дампууруулдаг. Жүжигчин бол жүжигчин. Жүжигчин театрын дарга болохоор театр дампуурдаг. Түүнтэй адилхан улстөрч бол улстөрч, нийгмийг урагш нь чирж явах хүн. Манайханд нэг алдаатай бодлого бий. “Энэ хүн барилга барьдаг, ийм том мэргэжилтэн учраас одоо хүчээ улс төрд үзэх гэж байна” гэдэг. Улстөрд хүч үзэхийн тулд УИХ-ын гишүүн болдоггүй. Тэр хүн барилга барихдаа анх тоосго өрөхөөс л эхэлсэн байх. Амьдралынх нь 20 жилийн туршлага тэр хүнийг барилгын салбарт бусдад дийлдэхээргүй болгосон байх. Улс төрд бас л тэр тоосго шиг өрдөг 20 жил байдаг. Тэр тав, арван жилийг туулж байж дараа нь “Би ийм бодлоготой, ийм өөрчлөлт хийнэ” гэж явахаас биш барилга сайн барьдаг юм чинь улс төрийг сайн хийнэ гэж ярьдаггүй. Петрийн зарчим гэж энэ. Гэхдээ улстөрчийн сургуулиар бэлтгэдэггүй, амьдралаар бэлтгэгддэг.

-Тэгвэл та улстөрч үү, хуульч уу?

-Би яг дунд нь зосч байна. Яагаад гэвэл би Үндсэн хуулийн мэргэжилтэн. Хэрвээ эрүүгийн чиглэлийн мэргэжилтэн байсан бол “Би хуульч” гэж хэлнэ. Үндсэн хуулийн мэргэжилтэн учраас засаглалийн хуваарь, хүний эрх гээд улс төрийн олон асуудал надад хамаатай болдог. Үндсэн хуулийн мэргэжилтнүүдийг бодлогын хуульч гэж ярьдаг юм. Улс төр чинь өөрөө бодлого. Тийм учраас аль алинд нь хөрвөх чадвартай. Хэрвээ би эрүүгийн юм уу иргэний чиглэлийн мэргэжилтэн байсан бол улстөр ярьж чадахгүй. Гэмт хэрэг юм уу гэрээ хэлцлийн тухай л ярина. Одоо бол УИХ-ын үйл ажиллагааг яаж сайжруулах вэ, хүний эрхийг яаж хангах вэ, шүүхийг яаж шинэтгэх вэ гэж ярьж байна. Бодлогын чиглэлийн мэргэжилтэн учраас ярих бололцоо нь байна.

-Д.Эрдэнэбат дарга “Нөхөн сонгууль хувийн улс төр биш, намын бодлогоор явна” гэсэн. Гэтэл тэр намын бодлогод залуучуудын нөлөө хэр байдаг юм, Гүйцэтгэх зөвлөлд жишээ нь танай залуусаас байдаг уу?

-Манай намын залуучууд МАХН-ын лифтээр явдаг залуусаас өөр гэдгийг хэлсэн. Биднийг сонсохгүй байсан ч сонсгохын төлөө ажилладаг. Дотроо өрсөлдөөнтэй, хурц ширүүн тэмцэлтэй, заримдаа бие биенээ тэвчихийн аргагүй үзэн ядахад хүрдэг ч гэсэн ингэж байж хамгийн зөв шийдэл, хамгийн боломжит хувилбар луу улам бүр дөхдөг л нам. Энэ бол ардчиллын амьд организм ажиллаж байгаагийн шинж. Хэдийгээр бид нам доторх бүтцээ шүүмжилдэг ч гэсэн олонхиороо, зохицоод гаргаж байгаа шийдвэрийг дагах ёстой. Намын бодлого чухал, яагаад гэвэл бид өөрчлөлтийг багаараа хийдэг дүрмээр тоглож байгаа шүү дээ. Ганц хүн юу ч хийж чадахгүй. Маш сайн шүүмжилж л чадах байх, гэхдээ шүүмжилснийхээ дагуу өөрчилж чадахгүй. Багаараа хийж байгаа улстөрд намын бодлого том байр суурьтай. Гэхдээ нэг зүйлийг харахгүй өнгөрч болохгүй. Манай нийт сонгогчдод нам, эсвэл бодлогыг цогцоор нь харж, тэр хэмжээнд сонгох улс төрийн соёл, мэдлэг туршлага байгаа бил үү. Дийлэнх тохиолдолд хувь хүний хүчин зүйлийг үнэлдэг сонгогчид байхгүй юу. Одоо хүртэл бидний дунд хүн чанарын тухай ойлголт хүчтэй байна. Хүн нь өөрөө ямар вэ, манай тойрогт юу хийж чадах вэ, би таних билүү гэж хардаг. Хөдөөд бол бүр хэцүү, хэний хүүхэд вэ гэдгээс хүртэл шалтгаална. Ийм улс төрийн соёлтой байгаа нөхцөлд зөвхөн намын бодлогоор үр дүнд хүрэхгүй. Сонгогчдодоо хүрэхүйц, хүлээн зөвшөөрөгдөхүйц хүнийг санал болгох ёстой. Тийм хүнд намынхаа бодлогыг тулгаж, тэр нь намынхаа бодлогыг тээж явах чадалтай байх ёстой. Шаардлага өндөртэй байгаа биз. Энэ нөхөн сонгууль шаардлага өндөртэйгээс гадна маш их өрсөлдөөнтэй сонгууль болох байх.

-Хэрвээ Н.Энхбаяр намынхаа бага хурлаас гарч чадвал сонгуульд ялж ч магадгүй, манайхан чинь өрөвдөх дуртай улс. Муу ч гэсэн төрийн тэргүүн явсан хүн, яаж гудамжинд хаях вэ гээд л. Тэгвэл улстөрд ямар өөрчлөлт гарах бол?

-Улстөрд олон бодлого хүнээсээ шалтгаалдаг. Тэр хүн нь алга болоход бодлого алга болдог. Олон хүнтэй уулзахад “Бүх юм хаалттай, хэцүү байсан шүү. Одоо нэг жаахан хүлээс тавигдаж байна. Гэхдээ бид одоо илүү ухаалаг, хариуцлагатай байх хэрэгтэй” гэж ярьж байгаа. Би Н.Энхбаярт хувь хүнийхээ хувьд дуртай, дургүйн асуудал ярихгүй, сайн таних ч үгүй. Улс төрийн бодлогын хувьд яривал хэрвээ Н.Энхбаяр УИХ-д орж ирвэл хүссэн хүсээгүй УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг өөрчилнө. М.Энхболд УИХ-ын дарга, Н.Энхбаяр Ерөнхий сайд болох юм байна л гэж би харж байна. Тэгэхээр маш том өөрчлөлт гарна. Хүчний харьцаанд өөрчлөлт орж, МАХН дангаараа Засгийн газраа байгуулна. Цаашдаа юу болохыг сайн мэдэхгүй. Гэхдээ З.Энхболд гишүүний хэлсэн үгтэй санал нэг байна. Засаглалаа сайжруулаагүй орны уул уурхайн баялаг гэдэг өөрөө авлигын хамгийн том хөшүүрэг болдог. Бид засаглалаа сайжруулах хэрэгтэй. Сайжруулахад хамгийн том саад, тээг болж байгаа зүйл нь юу билээ. Засаглалаа сайжруулах, шүүхийн шинэтгэл гээд хийх ёстой олон алхмын туулах зам л уртсах байх даа.

-Тээг саад нь юу гэж?

-Улс төрийн орчин. Сүүлийн хэдэн жил эрх мэдлийг хэн өөртөө төвлөрүүлсэн, тэр эрх мэдлийн нөмөр нөөлөг дотор нь юу цэцэглэсэн билээ, яагаад хууль шүүхийнхэн ийм омголон байдаг юм. Шударга ёсыг тогтоочихоод омголон байгаа юм уу, хамгийн аймшигтай авлига, хүчирхийллийг цэцэглүүлчихээд омголон байна уу. Зарим тохиолдолд бодлогын шинэчлэл хүнээсээ хамаардаг гэж би хэлсэн дээ. Тийм учраас улс төрөөс холдуулах, ойртуулах хүмүүс байдаг. Миний л хувьд ямар ч байсан тодорхой хүмүүсийг, хэсэг бүлгийг улс төрөөс холдуулж чаддаггүй юм гэхэд эрх мэдэлгүй л байлгамаар байна. Харамсалтай нь эрх мэдэлтэй хүмүүс нь өөрчлөлтийнхөө эсрэг төвлөрчихөөд, өөрчлөлт хийх гэсэн хэсэг нь ярихаас өөр ид шидгүй л болчихоод байна.

Б.СЭМҮҮН