Thursday, May 14, 2009

Ипотекийн хуулийг ирэх долдугаар сарын 1-н гэхэд батална

Ипотекийн хуулийг ирэх долдугаар сарын 1-н гэхэд батална
1 цаг 54 минутын өмнө

Дэлхий дахиныг санхүү эдийн засгийн хямралтай нүүр тулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэх Ипотекийн хуулийг эрхэм гишүүд өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нухацтай авч хэлэлцлээ. Төсөл санаачлагчид уг хуулийг Монголын хөрснөө “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл”, “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн төсөл” нэрээр томъёолон буулгасан юм байна. Хууль батлагдсанаар барилгын салбарыг мөхлөөс аварна гэж үзэх хүн байхад моод Монголоор дуусдаг гэдэгчлэн манайх эхлүүлэхээр хэлэлцэж суугаа нь хэр зохистой вэ гэдгийг бодолцох ёстойг ч эрхэм гишүүд сануулах.

Гэвч хуулийн төсөл санаачлагчид Монгол Улсад хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс биш харилцаа нь эхлээд 10 шахам жил болсон учраас дээрх хуулийг нэн даруй батлах нь түгжээнд орсон олон орон сууцны хорооллыг эдийн засгийн эргэлтэд оруулах чухал хөшүүрэг болно гэж үзэж байна. Тухайлбал, иргэдийг хямд орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд Зам, тээвэр барилга хот байгуулалтын яамыг түшиглээд Орон сууцны санхүүжилтийн корпораци байгуулчихсан бол арилжааны банктай “шифлүүлээд” Монголын ипотекийн корпорацийн өрхийг хэдийнэ татчихсан. Харамсалтай нь, эрх зүйн зохицуулалт байхгүйгээс иргэдийг хямд орон сууцаар хангах хөтөлбөр төдий л үр дүн авчраагүй. Тиймээс спикерийн хэлснээр гишүүд чуулгандаа идэвхтэй сууж, мэргэжлийн хүмүүсийн дэмжлэгтэйгээр ирэх долдугаар сарын 1-н гэхэд “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл”, “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн төсөл”-ийг тус бүр батлан гаргах шаардлагатайг энэ үеэр тэмдэглэсэн юм.

О.Чулуунбат:-Ипотекийн хууль нь байхгүй ч харилцаа нь Монголын хөрсөн дээр бий болчихоод 10 шахам жил болж байна. Үүнээс болоод урт хугацааны, хямд хүүтэй зээлийн эх үүсвэр бий болж чадахгүй байгаа. Банк санхүү болоод барилгын салбарынхан эдгээр хуулийг хурдан батлаасай гэж хүсч байна. Барилгын компаниудын хувьд авч үзвэл орон сууцаа барих хөрөнгийн эх үүсвэр нь байдаг. Барьсан орон сууцаа борлуулах хөрөнгөгүй суучихаад буй. Тиймээс энэхүү хуулийн төслийг цаг алдалгүй батлах ёстой гэсэн байр суурьтай байна. Гол нь газраа барьцаалж орон сууцны зээл авсан иргэн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадалгүй газраа хураалгалаа гэхэд зээл өгсөн банк нь ч, зээл авсан иргэн хоёулаа хохиролгүйгээр асуудлаа шийдүүлж авдаг олон улсын жишиг энэ хуулийн төсөлд тусгалаа олж чадсан уу. Тодорхой жишээ татъя, хэн ч юм, газраа барьцаалаад банкнаас зээл авлаа. 20 жилийн туршид зээлээ хугацаанд нь төлсөн байлаа гэж үзье, гэтэл ямар нэг шалтгаанаар төлж чадахгүй боллоо гэхэд газрыг нь барьцаалсан банк тухайн иргэнийг хохиролгүйгээр болгож чадах эрх зүйн зохицуулалт үүнд туссан уу?

Г.Баясгалан:-/Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/

-Энэ тохиолдолд хэн хэнийх нь эрх ашгийг хамгаалсан заалт оруулсан. Мөн газрыг дуудлага худалдаагаар оруулах тохиолдолд зөвхөн Монгол Улсын иргэн дуудлага худалдаанд орно гэж хуульчилсан учраас гадаад хүн газрын эзэн байхаас сэргийлж чадна.

Н.Ганбямба:-Үл хөдлөх хөрөнгө гэж юу болохыг сайн хуульчилж өгөх ёстой. Газар дангаараа байгаа нөхцөлд үл хөдлөх хөрөнгө болдог. Газар дээр барьсан барилга мөн үл хөдлөх хөрөнгө болдог. Тус тусад нь сайн зааж өгөх шаардлагатай.

Д.Дондог:-Одоогийнх шиг санхүү эдийн засгийн хямрал нүүрлээд авсан зээлээ хугацаанд нь төлж чадахгүй бол яах вэ? Энэ мэт толгой ороосон олон асуулт гарч, ирж, зарим үед нь төсөл санаачлагчид тодорхой хариулт өгч чадахгүй мунгинахад УИХ-ын дарга “Маш хүнд хуулийн төслийг хэлэлцэж байгаа учраас Санхүүгийн зохицуулах хороо, Орон сууц санхүүжилтийн корпораци, Монголбанкнаас мэргэжилтнүүд ирж, гишүүдийн тавьсан асуултад тодорхой хариулт өгч, саналуудыг тэмдэглэж авч, хуулийн төсөлд оруулах шаардлагатай болохыг удаа дараа сануулж байв. Юутай ч энэ өдрийн хуралдаанаар нийт гишүүдийн 79.5 хувийн дэмжлэгтэйгээр дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно.

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар гишүүд Малчдын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн н.Батсуурь “Говийн болоод алслагдсан аймгийн малчдыг хувь хүний орлогын албан татвар, малын хөлийн татвараас чөлөөлөх” санал оруулсан байсныг Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонын хуралдаанд оролцсон олонх гишүүд дэмжээгүй аж. Үүнийг эсэргүүцэж, гишүүн Р.Амаржаргал ангийнхнаасаа “Улаанбаатар хотоос Төв аймаг хүртэл машинаар явахад замын зардалд нь хэдэн төгрөг төлдөг вэ. Ховд аймаг руу Улаанбаатар хотоос явахад хэдэн төгрөг вэ. Та нар дотор энэ үнийг мэддэг хүн байна уу гэж асуув.

Үнэндээ гишүүдийн дунд энэ ханшийг хэлчих сүйхээтэй хүн байсангүй, дэмий л бие бие рүүгээ духаараа харцгаах. Гишүүн Д.Балдан-Очирын тайлбарласнаар “Бүсийн нэмэгдэл олгох тухай” гэсэн заалт дотор “Багш, эмч” гэсэн өгүүлбэр орсон байсан тул арга буюу энэ санал унасан” гэсэн тайлбар хийсэн юм. Гэвч гишүүд хүсвэл унагасан саналыг нэг минутын дотор “босгоод” ирэх чадвартайгаа энэ удаа харуулж, “Малчдыг малын хөлийн татвар болоод, хүн амын татвараас чөлөөлөхөөр болгож хувиргалаа.


No comments:

Post a Comment