Thursday, May 14, 2009

УИХ-ын гишүүн О.Чулуунбат: Цэвэр бизнес хөөж яваа арилжааны банкуудыг төрөөс дэмжих ямар ч шаардлага байхгүй

«Анод» банк дампуурлын ирмэгт тулж олон мянган хадгаламж эзэмшигчээс эхлээд Монгол эх орноо гэсэн хүн бүрийн зүрхэнд шар ус хуруулсан. Монголын банк санхүүгийн систем хямралд орно гэдэг хүн баярлаад байх мэдээ биш. Тиймдээ ч өдөр тутмын сонинуудаас гараагаа эхэлсэн «Ард түмний банк «Анод»-оо аваръя» уриалга олны дэмжлэг авч, бид Солонгосчуудаас ч дутахгүй эх оронч гэдгээ харуулах цаг боллоо. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр банк санхүүгийн зах зээл дээр нэг л доргилт мэдрэгдвэл хэдхэн хоногийн дотор тэр аяараа нуран унах аюултай. Банк нуран унана гэдэг чинь угтаа эх орон маань аюулын ирмэгт тулна гэсэн үг. Иймээс сэтгүүлчид «Төр хадгаламжинд баталгаа гаргаж өгсөн» гэдгийг хүн болгонд учирлаж байгаа юм.

-Өнөөдөр Монголд банк санхүүгийн систем хүндрэлд учирлаа. Энэ хаанаас эхтэй вэ?
-Манай улс эрсдлээ тооцохгүй байснаас өнөөдөр ийм байдалд орчихлоо. Хэрвээ тооцдог байсан бол 3 сараас бэлтгэл ажлаа хийж болох байсан. 3 сараас эхлэн том мөнгө рүү хэлэлцээрээ хийгээд явсан бол ийм байдалд орохгүй байсан. Үгүйдээ гэхэд сонгуулийн дараа ажлаа эхэлсэн бол өнөөдөр бидний мөнгө карманд байж байх байсан.

-Банк дампууруулсан буруутанд хариуцлага тооцох тухай ч яригдаж байна?
-Ерөөсөө бүгдээрээ буруутай, Засаг төр ч, Монгол банк ч, арилжааны банк ч тэр хариуцлага хүлээх ёстой. Ер нь буруу хэрэг хийсэн хүн хариуцлага хүлээх чадвартай байх ёстой.

-"Анод" банк юунаас болоод ийм байдалд хүрэв?
-Бид замыг нь бариад өгчихье, эрчим хүчний өндөр хүчдэлийн шугамыг нь бариад өгчихье гээд компаниуд Сангийн яамтай гэрээ байгуулаад тэрийгээ "Анод" банкнаас зээл аваад барьчихсан юм. Ашиглалтанд оруулчихсан объектууд ч олон байгаа. Хэвийн үйл ажиллагаа явуулахын тулд компаниуд "Анод" банкнаас зээл авсан байхгүй юу. Гэтэл Монгол улсын Засгийн газар тэр мөнгөө өгөхгүй өнөөдрийг хүргэж байна. Манай төр ядахдаа тэр мөнгийг өгчихвөл, эсвэл Монгол банк тэрийг нь барьцаалаад мөнгө өгчихвөл "Анод" сэхэх бүрэн боломжтой. Гэтэл адаглаад үүнийг тэрийгээ хийхгүй цаг алдаад байна шүү дээ.

-Та банкуудын үйл ажиллагааг төрөөс дэмжих нь буруу гэж үзэж байгаа. Яагаад тэр вэ?
-Цэвэр бизнес хөөж явж байгаа арилжааны банкуудыг төрөөс дэмжих ямар ч шаардлага байхгүй. Тэд тэртэй тэргүй мөнгө хийгээд явж байгаа. Харин төрийн сан байнгын чадавхитай байх ёстой. Төрийн сан байнга мөнгөтэй, маш уян хатан байх учиртай. Тийм учраас бид төрийн санг бэхжүүлсэн энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Төрийн санд уг мөнгийг орсон хойноо ямар менежмент хийх вэ гэдгийг жич авч үзье гэсэн юм. Илүүдэл мөнгө гарсан ч заавал арилжааны банкинд байршуулах шаардлагагүй. Арилжааны банкуудыг дэмжихдээ заавал төрийн сангаас дэмжээд байх шаардлагагүй. Хүсвэл Монгол банк өөрөө хийчих бүрэн бололцоотой. Санхүүгийн чадавхитай, хууль эрх зүйн ч чадамжтай.
Ер нь бусад орнуудад арилжааны банкуудыг дэмжээд байна шүү дээ.
Ямар нөхцөлд дэмжих ёстой вэ гэвэл төрийн бодлогыг дэмжиж байгаа арилжааны банкуудаа л дэмжих хэрэгтэй. Бүгдийг нь нэлэнхүйд нь дэмжих шаардлага байхгүй. Одоо Монгол банкнаас ямар шалгуур үзүүлэлтийг нэгдүгээрт тооцож байгааг мэдэхгүй байна. Миний бодлоор төрийн бодлогыг дэмжиж зам, цахилгаан эрчим хүчний шугам тавьж, төрийн их дээд сургуулиудын санхүүжилтэд мөнгө өгч байгаа банкуудаа төрөөс дэмжих ёстой.

-"Анод" банк дампуурсанаар иргэдийн хадгаламж эрсдэлд орох уу?
-Иргэдийн хадгаламжийг хуулиар баталгаажуулсан. Тиймээс иргэд тайван байцгаа. Ямар ч байсан та бүхний мөнгө алга болно гэж байхгүй. Төрөөс таны мөнгийг заавал эргүүлж өгнө. Гэхдээ энэ хуульд бага зэрэг тодруулга өгөх учиртай. Нэгдүгээрт, яг анх хадгалуулсан хадгаламжийн дүнгээр нь баталгаажуулах ёстой.

-Банкуудад их хэмжээний мөнгө өгснөөр хадгаламжийн хүү өндөр боллоо. Хэрвээ хадгаламж эрсдэлд орвол төр бүрэн хариуцаж чадах уу?
-Хүүг нь арилжааны банк амласан учраас тэдний хариуцлага шүү дээ. Хоёрдугаарт, Монголбанк, Сангийн яам хоёр журам гаргаж, хадгаламжийн хүүг боломжийн хэмжээнд хүргэх хэрэгтэй. Банкууд сарын хоёр хувийн хүүтэй хадгаламж авч эхэллээ. Тийм хариуцлагыг төрд үүрүүлж болохгүй биз дээ. Төрийн мөнгө чинь та биднийх, түүнийг сарын хоёр хувийн хүүтэй өгөөд байж болохгүй. Дэлхийн зах зээлд хадгаламжийн хүү хэд байна. Хамгийн дээд тал нь 0.5-1 хувийн хүүтэй байгаа шүү дээ. Ийм боломжийн хариуцлагыг Үер хүлээнэ үү гэхээс байж боломжгүй хариуцлага хүлээвэл төрийн мөнгө дорхноо алга болно.

No comments:

Post a Comment