Tuesday, May 12, 2009

Анод хүндэрлээ. Одоо яах бол?

Банкны тогтолцоо өөрөө эмзэг, итгэлцэл, хяналт дээр тогтдог. Анод банк дампуурах магадлалтайг хэдэн жил ярьсан. Тиймээс Монголбанк эрх хүлээн авах үйл ажиллагаа явуулахад гайхах зүйл үнэндээ байсангүй. Хамгийн сонирхолтой нь мэдээж төрөөс хадгаламжид баталгаа гаргасны дараа гэнэт шалгалтаар бөөн зөрчил илэрсэн явдал. Харин тэр 300 тэрбумыг өгч амжсангүй, өгчихсөн байсан бол бүр ч асуудал үүсэхгүй байлаа.

Энэ бүгдэд эргээд хэд хэдэн асуулт тавигдах ёстой. Нэгт, төр баталгаа гаргасан ч банк ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа явдал. Энд баталгаа гаргасны төлөө банк төлбөр төлөх ёсгүй гэж үү? Нэг асуудлыг шийдэх гээд өөр асуудал үүсгэхгүй юу? Тухайлбал, эрсдэл үүрэхдээ тооцоотой хандах сонирхол банкуудад үгүй болно. Хэт эрсдэлтэй зээл олгох хэлбэрээр “өрсөлдөнө”. Эргээд удахгүй тогтолцоогоороо хүндэрнэ шүү дээ.

Хоёрт, улс төрчид өөрсдөө банкинд хөрөнгөтэй, бас банкнаас зээлтэй, эсвэл зээл авах сонирхолтой нь Анод-ын асуудлаар бүр илт боллоо. Ашиг сонирхолын зөрчил гээчийн бас нэгэн жишээ. Үүнийг хэрхэн шийдэх вэ? Ер нь бол ломбардны эзэн төв банкны ерөнхийлөгч, банкны эзэн дэд ерөнхийлөгч болдог хосгүй жишгийг ч эргэн харах цаг хэдийнээ болсон.

Гуравт, татвар төлөгчдөд үүрүүлсэн ачаа. Төсөв нь алдагдалтай – ирээдүйд татвараа нэмнэ гэсэн үг, баталгаа гаргачихсан – бас л татвар төлөгчид төлнө, дээрээс нь эрдлийн сан гэгчийг банкуудад байршуулах нь, банк нь унвал дахиад л татвар төлөгчид давхар ачаа үүрнэ. Татвар төлөгчид өвлийн өвгөн юм байна, шинэ жил ч ирж байна…

No comments:

Post a Comment