Thursday, May 14, 2009

Э.Бат-Үүл банкны асуудлыг Монголбанкны ерөнхийлөгчөөс нягтлав

Э.Бат-Үүл банкны асуудлыг Монголбанкны ерөнхийлөгчөөс нягтлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төрөөс 2009 онд баримтлах мөнгөний бодлогыг өчигдрөөс хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр гишүүн Э.Бат-Үүл Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүхээс "Миний ойлгосноор энэ нь их ноцтой зүйл шүү дээ. Банк хадгаламж өгөх итгэл дээр тогтдог. Тэр итгэл байхгүй бол банкны тухай яриа байхгүй.

Арилжааны банкууд дампуурч байгаа тухай мэдээллийн хэрэгслүүдээр өчигдөр явлаа. Түүнийг хараад байхад үндэслэлтэй юм ердөө алга. Гэхдээ үүнийг ноцтой зүйл гэдгийг би гадарлаад байгаа юм. Жишээ нь 1929 оны их хямрал Америкийн "Нөөцийн банк"-ны хариуцлагагүйгээс, өөрөөр хэлбэл еврейчүүдийн "Америк нот" банкийг дампууруулах бодлого явуулаад нийт эдийн эдийн засгаа сүйдлээд хаячихсан гэж ойлгогддог.

Ганц банкийг дампууруулах гэж "Нөөцийн банк"-ны тухайн үеийн хариуцлагагүйн харгайгаар ийм юм болсон гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Тэгтэл манайд нийт арилжааны банкууд дампуурлаа гэдэг үндэслэлгүй үг яриа гарчихлаа. Энэ хаанаас гарсан үг яриа вэ. Монголбанк үүнийг судалсан уу. Эдийн засгийн аюулгүй байдлын зарчим нь үнэн зөв мэдээлэл байдаг. Үндэсний аюулгүй байдлын хуульд, мэдээллийг санаатайгаар гуйвуулсан албан тушаалтантай хариуцлага тооцох зарчим бий. Тэр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд суусан байдаг. Хэрэв Ц.Нямдорж сайд байсан бол асуух байлаа. Монголбанкныхан үүнийг яаж няцаав. Энэ талаар хариулт өөгөөч" гэж асуусан юм.

Монголбанкны Ерөнхийлөгч А.Батсүх "Интернэтээр цуу, таамаг, гүтгэсэн таагүй үзэгдлүүд гарч байгаа. Зарим нэгийнх нь талаар хууль хяналтын байгууллагад хандсан. Үүн дээр цагдаа хууль хяналтынхан анхаарал тавьж ажиллаж байна. Ер нь бизнесийн болон хүний ёс зүйн алдаа их гарах юм гэж ажиглагддаг. Зарим сонин хэвлэл дээр гаргасан мэдээ материалыг бичсэн хүмүүстэй уулзаж эх үүсвэрээ хуваалцаач, ямар үндэслэл байна хэмээн байнга санал солилцдог. Зах зээл дээр болж байгаа үйл явдал гадагшаа тэр чигээрээ хуулагдаж, тохиолдсон юм шиг буудаг. Бид гадаад зах зээлийг байнга анхааралтай ажиглаж байдгийн хувьд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой төлөвлөгөөний дагуу авч хэрэгжүүлдэг. Хуулийн байгууллагуудад эх үүсвэрүүдийг тодруулахад төв банкнаас дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсан" гэж хариулав. Э.Бат-Үүл "Тагнуулын байгууллагад хандсан уу" гэхэд, А.Батсүх "Тэгсэн" гэдэг товч хариулт өглөө. Энэ сэдвийг хөндөж асуулт асуусан гишүүн "Уул уурхай ашигт малтмалын том том асуудлуудыг хэлэлцэх гэж байна. Зориуд, үндэслэлгүйгээр арилжааны банкууд дампуурах нь гэдэг цуу тараагаад Монголын эдийн засгийг авч гарах тухай санаа байж болно шүү дээ" хэмээн хэллээ.

Ашигт малтмал уул уурхай тойрсон маргаан арилжааны банкууд руу чиглэв бололтой.

No comments:

Post a Comment