Thursday, May 14, 2009

Л.Оюун: “Анод”-д хөрөнгө оруулснаар төр нэг сумаар хэд хэдэн туулай буудах боломжтой

Л.Оюун: “Анод”-д хөрөнгө оруулснаар төр нэг сумаар хэд хэдэн туулай буудах боломжтой

2008 оны төрийн мөнгөний бодлогын талаар УИХ-аас томилсон шинжээчийн багт орж ажилласан МУИС-ийн Санхүү, эдийн засгийн тэнхмийн багш, доктор профессор Л.Оюунтай өнөөдрийн эдийн засаг, банк санхүүгийн салбарт тулгамдаад байгаа зарим асуудлаар ярилцлаа.

-Банкны мэргэжилтэнтэй уулзаж байгаа болохоор асуултаа банк тойрсон үйл явдлаас эхэлье. “Анод” банкны өнөөгийн төрх удирдлагын хэдэн хүний хариуцлагагүй үйлдлээс болов уу. Эсвэл дэлхийн санхүүгийн хямралын нөлөө юү?
-”Анод” банкинд болж байгаа энэ үйл явдалд мэдээж хэн нэгэн хүн хариуцлага хүлээх ёстой. Гадны орны практикт хувь нийлүүлэгчид өөрсдөө банкаа удирдаж явдаггүй. Тэд чадвартай, мэргэжилтэн сонгож аваад, тэр нь банкны менежментийг хариуцдаг. Манайд эхэн үедээ хувь нийлүүлэгчид нь гүйцэтгэх захирал хийдэг байсан. Сүүлийн үед дэлхийн жишиг рүү ороод байна. “Анод” банкны хувьд хувь нийлүүлэгчид өөрсдөө удирдаад явж байсан. Ийм тохиолдолд хэрвээ банк өөрөө харилцагчийн мөнгийг гаргаж өгч чадахгүй байгаа бол эд нарын буруу. Түүнээс санхүүгийн зах зээлийн хямрал манайд шууд утгаараа нөлөөлөөгүй.
-Иргэдийн хадгаламжийг төр батлан даахаар болсон нь банкууд аажимдаа найдваргүй болж байгааг хаацайлах гэсэн хэрэг биш байгаа?
-Угаасаа банк их хэврэг бизнес. Банк нь бусдын мөнгийг хадгаламжийн хэлбэрээр татаад түүнийг өөрийнхөө нэрийн өмнөөс зээлдүүлж бизнес хийдэг тусгай зөвшөөрөлтэй санхүүгийн зуучлагч. Тэгэхээр банкны хуулинд хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг төрөөс хариуцна гэсэн заалт байдаг. Энэ хариуцах гэж байгаагаа тодотгосон нэг зүйл бол иргэдийн хадгаламжийг төр батлан даах юм. Гэхдээ төр батлан даана гэдэг нь хадгаламжийн даатгал биш. Энэ хоёр чинь ялгаатай. Банкны хадгаламжийн даатгал бол олон улсын практикаас харахад сайн дурын ба албан ёсны гэж байдаг. Хадгаламжаа даатгуулж байгаа бол аливаа даатгалтай адил банк даатгуулж байгаа хадгаламжиндаа хураамж төлдөг. Манайх хадгаламж даатгах гэж хэлэхгүй байгаа. Тийм ч учраас хураамжийн тухай ярихгүй байна. Зүгээр л төр батлан даана гэсэн. Хүний мөнгөөр бизнес хийх зөвшөөрлийг банкинд олгосон, тийм ч учраас энэ тусгай зөвшөөрлийнхөө араас төр хадгаламж эзэмшигчдээ хамгаалах хэрэгтэй. Иймээс хадгаламжийг батлан даах гэж байгаа нь банкууд найдваргүй болж байгааг хаацайлж байгаа хэрэг биш. Энэ нь угаасаа байх ёстой юм. Харин хадгаламжийг ингэж батлан дааж байгаа нь хожуу гарлаа. Түүнээс төлбөрийн чадвар муудаж байгаагаас хаацайлж байгаа хэрэг биш.
-Төр мөнгөө арилжааны банкуудад байршуулахаар боллоо. Гэтэл арилжааны банкуудад Анодод сая болсон явдлыг давтахгүй гэсэн баталгаа байна уу?
-Баталгаа авч байж байршуулах ёстой. Зээлийнх нь багцыг барьцаалж, мөнгөө байршуулах тухай ярьж байна. Зээлийг барьцаалж мөнгөө байршуулах нь зүйтэй ч зээлийн чанараар нь барьцаалах нь хэрэгтэй гэж бодогдож байна. Үнэхээр сайн зээл өгөөд сайн ажиллаж байгааг нь дэмжих хэрэгтэй. Ингэхгүй бол баахан муу зээл өгчихсөн хүндрэлтэй байдалд орох магадлалтай банкинд төрийн мөнгийг байршуулж болохгүй. Зөв баталгаажуулаад өгөх юм бол банкуудаа дэмжсэн зөв алхам.
-Төр банкуудад байршуулсан мөнгөө яаж хянах вэ?
-Энэ маш чухал асуудал. Энэ мөнгийг тодорхой зориулалтаар, тодорхой салбарыг дэмжих зорилгоор ашиглахыг банкуудад маш тодорхой чиглэл гаргаж өгөх хэрэгтэй. Энэ чинь Засгийн газрын мөнгө. Энэ мвнгө нь банкуудыг дэмжиж байгаа ч бас Засгийн газрын бодлого хэрэгжүүлэхэд хэрэглэгдэх ёстой. Нэн тэргүүнд хөгжүүлэх ёстой салбарт, эсвэл манай эдийн засагт зайлшгүй шаардлагатай, гэхдээ халамж, санхүүжилт шаардлагатай байгаа салбарт байршуулах хэрэгтэй. Үүнийгээ араас нь хянаад явах замаар төрөөс банкинд байршуулсан мөнгөндөө хяналт тавьж болно.
-АНУ-ын нөөцийн сан бодлогын хүүгээ бүр 0.25 болтол буурууллаа. Гэтэл манайх хэсэг нэмээд байсан?
-Сая 0.25 болгочихлоо. Энэ нь инфляци болоод суурь хүүгээ бууруулахад чиглэсэн арга хэмжээ. Манайд бодлогын хүүг Монголбанкнаас барьж байгаа. 2008 онд бодлогын хүүг өсгөх бодлого барьсан. Энэ нь гүйлгээнд байгаа мөнгийг татах, гүйлгээнд мөнгө гарахыг хязгаарлах зорилготой байсан. Тэгэхээр ямар бодлого барьж байна гэдгээсээ хамаараад хүүг өсгөж болно бас бууруулж болно.
-Тэгээд зорилгоо биелүүлж чадсан болов уу?
-Зорилгодоо хүрч чадаагүй гэж бодож байна. Бодлогын хүү нэмэгдсэнээс зээлийн хүү өсөөд, юмны үнэ өсөхөд нөлөөлсөн байх магадлал байна. МөНгө, зээлийн хатуу бодлогын нэг арга хэрэгсэл хүүг өсгөдөг. Бодлогоо хатуу бодлого гээд тодорхойлсон бол хүүг өсгөх л байсан. Гэхдээ тавьсан зорилгодоо хүрч чадаагүй.
-Өмнө Хадгаламжийн банкинд ийм явдал гарч байсан. Тэгэхээр Монголбанкны хяналт дэндүү сул байгаа юм биш үү?
-Банкийг төлбөрийн чадваргүй болохоос сэргийлж авдаг гурван арга хэмжээ байдаг. Тэрний нэг нь төв банкны хяналт шалгалт. Төв банкны хяналт нь олон янз. Зайнаас, газар дээр нь, төлөвлөгөөтэй, гэнэтийн, дуудлагаар, мэдээллээр гэх мэт. Төв банк нь өдөр тутам банкуудаас зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдээ авч хянадаг. Хяналт шалгалт нь чанга сул байх нь гол биш. Хяналт бодитой байх ёстой. Сая Монголбанк манай банкууд дажгүй сайн байгаа л гээд байсан. Яагаад гэнэт ийм болов гэдгийг би мэдэхгүй байна. Уг нь манай төв банкны хяналт сайн гэж боддог. Хадгаламжийн банкин дээр хэдэн төгрөг алдлаа. “Анод” банкинд бас нууж хаасан юм байгаа гэж яриад байгаа. Тэгэхээр Монголбанк хяналт шалгалтаа нууж болж байгаа тэр зүйл дээр нь хандуулах хэрэгтэй. Нууж байгаа зүйлийг ямар механизмаар илрүүлэх вэ гэдэг дээр шийдэлд хүрэх хэрэгтэй.
-”Анод”-ын мөнгө улстөрийн хүрээний хэсэг хүний гараар орсон учраас олон түмний эсэргүүцлээс сэргийлж иргэдийн хадгаламжийг төр даах шийдвэрийг яаран баталсан юм биш байгаа?
-Би тэр мөнгийг хэн нэг хүний гараар орсон гэж бодохгүй байна. Нарийн тоо баримт мэдэхгүй учраас тааж ярьж болохгүй. “Анод” дээр бүрэн эрхт төлөөлөгч ажиллаж байгаа. Бүх тоо материалуудад шинжилгээ хийж байгаа. Эндээс янз бүрийн нууж хаасан асуудал байгаа бол ил гарч ирэх байх. Олон нийтэд банкууд тэр болгон мэдээгээ өгдөггүй. Гэтэл миний бодлоор сайн ажиллагаатай байгууллагууд тэр дотроо банкууд мэдээгээ олон нийтэд нээлттэй байлгах ёстой. Ямар нэг асуудалтай газар л юмаа нууж байдаг. Нуугаад байх юмгүй. Хүний мөнгөөр бизнес хийж байгаа учраас мэдээлэл нуух нь зөвхөн буруу ч биш байх ёсгүй зүйл гэдэг нь ойлгомжтой. Мэдээллийн ил тод банкин дээр байх хэрэгтэй. Банкны хувьд бүх юм нууц байсан учраас л ийм асуудалд тулгарч байгаа юм.
-Монголбанк үнэхээр ийм бусармаг явдлыг мэдэхгүй байх тохиолдол байх уу?
-Санхүүгийн тайлан тэнцэл угаасаа эрсдэлтэй байдаг. Банкны хувьд тайлангаа татварын газарт, төв банкинд, хувь нийлүүлэгчдэд, харилцагч нарт, олон нийтэд мэдээлэх зорилгоор өөр өөрөөр гаргаж болдог. Энэ утгаараа бол тайлан тэнцэл нь эрсдэлтэй гэдгийг хянагч шалгагч нар мэдэж байгаа. Олон улсад үүнийг хүлээн зөвшөөрдөг. Тайлан тэнцэл дээр ийм эрсдэл нуусан хаасан байж болохыг мэддэг учраас үүнийг шалгах механизмыг Монголбанк ихээхэн анхаараад, яаж энэ эрсдэлээс хамгаалах вэ гэдэг дээр шалгах аргачлалаа сайжруулахгүй бол болохгүй нь. Хянаад яваад байсан мөртлөө хадгаламжийн банкинаас мөнгө алдсан байсан. Гэтэл сая Анодын байдлаар хувь нийлүүлэгчид нь авсан зээлээ төлөх тал дээр хойрго ажилласан болон зарим нэг зээлийг нуусан нь илэрсэн гэж яриад байна. Тэгэхээр мэдээллийг нуухгүй байх, нуух боломжгүй байлгах ямар механизм байна, түүнийг хурдхан нэвтрүүлэхгүй бол болохгүй нь гэж л бодож байна.
-”Анод”-ын удирдлагууд сонгуульд их мөнгө зарснаас болж алдагдалд оров уу, эсвэл өөр хүчин зүйл нөлөөлөв үү?
-Хадгаламжийн банк 14 тэрбум төгрөг алдсан. Улсын банк, учраас эзэнгүй шахам байж байгаад хяналт шалгалт багатай болоод алдчихлаа гэж үзсэн. Гэтэл Анод бол хувийн банк. Эзэнтэй банк. Ийм банкинд мөнгө дутаад алдагдсан бол хэнтэй холбоотой байж болох вэ. Мэдээж удирдлага муу, удирдаж чадаагүй л гэсэн үг шүү дээ. Мөнгө зүгээр урсаад алга болно гэж байхгүй. Өнгөрсөн хугацаанд манай банкууд төлөвшиж чадсан санхүүгийн институт шүү дээ. Гол нь хоёр хувь нийлүүлэгч нь сонгуульд нэр дэвшсэн. Сонгуулийн зардал ямар байдаг билээ тийшээ нэлээд мөнгө зарцуулагдсан нь ойлгомжтой. Гэхдээ сонгуульд гаргасан мөнгө банкны мөнгө үү, нэр дэвшигчдийн хувийнх нь мөнгө үү бүү мэд. Энэ чинь өөр асуулт.
-Ер нь арилжааны банкны чадавх суларч байгаа нь үнэхээр боломжгүй болоод тэр үү? Эсвэл цаанаа өөр бодлого яваад байна уу?
-Үнэхээр банкуудын зээлийн хэмжээ багасчихсан. Үүнийг банкны чадавх муудлаа гэж ойлгож болох талтай.
Банкууд хадгаламжийн хүүгээ өндөрсгөөд, янз бүрийн урамшуулал зарлаад мөнгө татах сонирхолтой байгаа нь харагдаж байна. Эндээс бид юу гэж дүгнэж болох вэ гэвэл банкуудын хөрвөх чадвар нэлээд муудсан байна гэж дүгнэж болно.
-Яагаад?
-Манай банкуудын хадгаламжийн хугацаа үсрээд нэг жилийнх байдаг. Гэтэл ийм хугацаагаар татсан мөнгөө эргээд бусдад зээлүүлэхдээ урт хугацаагаар зээлүүлчихдэг. Ингээд л мөнгөө түгжчихдэг. Энэ түгжээг би тодорхой цаг хугацааных гэж ойлгож байгаа. Энэ түгжрэлээс гаргах олон арга байж болно. Манайд эдгээрээс, төрөөс банкуудад мөнгө байршуулах замыг сонгосон байна гэж ойлгож байна. Хөрвөх чадварын цаг хугацааны эрсдлээс гарах өөр нэг арга бол үнэт цаасны захыг ашиглаад урт хугацаатай олгосон зээлийг барьцаанд байгаа орон сууцны барилгуудыг үнэлээд, үнийн дүнгийнх нь тодорхой хувьд үнэт цаас гаргаад банкийг мөнгөжүүлж түгжрэлээс гарч болохоор санагдаж байна.
-Манайд валютын ханш өсч байгаа. Энэ юутай холбоотой вэ?
-Валютын ханш хөдлөхөөр түүний цаана экспортлогч, импортлогч хоёрын аль нэгэнд таатай нөхцөл бүрддэг. Тэгэхээр валютын ханш сулраад байгаа нь нэг талдаа экспортоо дэмжих нөхцөл бүрдүүлнэ. Харин чангарвал импортлогчоо дэмждэг. Төгрөгийн ханш унаад байгаа нь долларын хомсдлоос ч болж болно.
-Таны бодлоор долларын ханшийг тогтворжуулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Төгрөгийн ханшийг зорилгоор унагаж болдог. Зориудаар Монголбанкнаас ханшаа унагаагаад экспортлогчоо дэмжих бодлого барьж болох юм. Экспорт өссөнөөр гаднаас орж ирэх гадаад валютын урсгал дотогшоо чиглэдэг.
Ер нь судалгаагаар манай ханшны хэлбэлзэл улирлын шинж чанартай яваад байдаг. Янз бүрийн баяр тулаад ирэхээр гадаад худалдаа эрчимжиж долларын эрэлт ихэсдэг байж болох талтай. Хэрэв эрэлт нь өсч байвал валютын ханш чангарна. Монголбанк төгрөгийн ханш тогтвортой барих үүрэгтэй учраас энэ үүргээ биелүүлэх ёстой гэж би бодож байгаа. Төв банк бодлогоороо зохицуулах хэрэгтэй.
-Ирэх оны мөнгөний бодлогод инфляцийг 12 хувьд хүргэнэ гээд заачихсан. Энэ хзрэгжиж чадах болов уу?
-Би сая 2008 мөнгөний бодлогын талаар УИХ-аас томилсон шинжээчийн багт орж ажилласан. 2008 онд яагаад инфляци өсчихөв, тэр нь юунаас болов, тэр нөлөөлсөн хүчин зүйлс 2009 оны инфляцид нөлөөлөх болов уу яах бол гэдэг дээр л шинжээч хийж байгаа юм. Өнгөрсөн оны инфляцид гадны хүчин зүйлс нэлээд нөлөө үзүүлсэн. Улаанбуудай, зэс зэргийн дэлхийн зах зээлийн ханш нөлөөлсөн. Одоо бол манай инфляцид нөлөөлөх гадны нөлөөлөл нь багасчихсан. Өөрсдөө ургац хураагаад авсан гэх мэт. Ингээд бодоход 2009 онд тавьсан зорилт хэрэгжинэ гэж бодож байгаа. Инфляци үүнээс ч буурах боломжтой.
-Дэлхийн санхүүгийн хямрал манайд хэрхэн нөлөөлөх бол. Зарим эдийн засагчид санхүүгийн системийн сүлжээнд нэг их ороогүй учир нөлөөлөх нь гайгүй гээд байгаа?
-Дэлхийн санхүүгийн хямрал манайд нөлөөлөхгүй гэдэгтэй би санал нийлж байна. Дэлхийн санхүүгийн сүлжээнд ороогүй учраас манайд нөлөөлөх нь бага.
-Тэгэхээр “Анод” банк цаашид хэрхэх бол?
-Энэ үнэхээр хамгийн чухал асуудал. Асуудлыг яаж шийдвэрлэв гэдгээс ихээхэн зүйл хамаарна. Магадгүй манай эдийн засаг хямрах уу, үгүй юу гэдэг ч шийдвэрлэгдэнэ. “Анод”-ын балансын зарим нэг мэдээлэгдэж байгаа тоонуудаас харахад “Анод” нэг их хүндрээгүй юм билээ. “Анод”-ын цаашдын хувь заяаны хувьд нэг зүйл дээр ихээхэн анхаарч цаашид энэ банкинд авах арга хэмжээг сонгох хэрэгтэй. Энэ нь юу вэ гэхэзр “Анод” бол хувьцаат компани гэдэг дээр ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй. “Анод”-ын байдал хүндрэх юм бол зөвхөн хадгаламж эзэмшигчид биш жижиг хувь нийлүүлэгчид хохирох гээд байна. “Анод” банк 1000 гаруй хувь нийлүүлэгчтэй болсон. “Анод” банк хүндрэх юм бол банкны систем ч хөрөнгийн зах дээр ч айхтар цохилт болно. Үүн дээр их анхаарал хандуулах хэрэгтэй.
Ер нь төлбөрийн чадваргүй болсон банкинд авах хэд хэдэн арга хэмжээ байдаг. Тухайн банктай холбоотой авах арга хэмжээг нийт гарах зардалаар нь авч үзвэл хамгийн зардал багатай нь түүнийг худалдах, эсвэл аль нэг банктай нэгтгэх, эсвэл дэмжих, буцаан сэргээх эцэст нь дампуурлыг нь зарлах. Эдгээр арга хэмжээнүүдээс сонгохдоо тухайн банкны банк болон нийт эдийн засагт эзэлж байгаа байраас нь хамааруулж сонгодог. Миний ажиглаж байгаагаар “Анод” банкны хувьд Засгийн газар болон Монголбанкнаас дэмжих, сэргээх арга замыг нь сонгосон юм шиг санагдаж байна. Энэ нь зөв. Яагаад гэвэл “Анод” банк дампуурвал зөвхөн хадгаламж эзэмшигчид. харилцагч нар нь хохироод зогсохгүй жижиг хувьцаа эзэмшигчид давхар давхар хохироод санхүүгийн систем бүхэлдээ айхтар хямарна. “Анод” дампуурвал хөрөнгийн зах дээр хүмүүс хөрөнгө оруулалт хийхгүй. Хөрөнгийн зах хөгжих гээд нэлээд нааштай өөрчлөлт гарч байхад ийм хямрал гарвал маш хэцүү байдал үүснэ.
-Төрөөс дэмжих аргыг сонгосон гэлээ. Яаж дэмжвэл зохилтой вэ?
-Анод банкийг дэмжихдээ олон хувилбараас сонголт хийж болно. Улс үнэхээр дэмжиж байгаа бол том хувьцаа эзэмшигчид янз бүрийн хохирлыг хариуцах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд хувь нийлүүлэгчдийн хөрөнгөөр алдагдлыг нөхдөг. Улс хувьцаа худалдан авсан жижиг хувьцаа эзэмжигчидтэйгээ нийлээд улсын банк байгуулж болно. Манайх хөжлийн банк байгуулна гэж зориод байгаа учир энэ нь боломжтой санагдаж байна. Төр ийм зорилгоор Анод банкинд хөрөнгө, мөнгө гаргавал нэг сумаар хэд хэдэн туулай буудах боломжтой болно. Улсын банкаа босгоод ирвэл жижиг хувьцаа эзэмшигчид ч, хадгаламж эзэмшигчид ч хохирохгүй, санхүүгийн зах зээл бүхэлдээ хямрахгүй, төр банктай болно гээд нэг сумаар хэд хэдэн асуудал шийдэх боломжтой. Дараа нь энэ банкны үйл ажиллагаа жигдрээд ирсэн цагт төр дахиад банкинд оруулсан хувиа хувьцаа болгон зараад оруулсан мөнгөө олоод авч болно. Энэ маягаар төр хохиролгүй гарч ирж болно.

П.НАНСАЛМАА

No comments:

Post a Comment