Tuesday, May 12, 2009

“Анод” хэмээх цахилгаан төлөвлөгөө

“Анод” хэмээх цахилгаан төлөвлөгөө
2009 оны 3 сарын 12

Маш нууцад нэвтэрсэн захидал

Долдугаар сарын 1-ээс хойш “Энэ намар намар болохгүй найр болно” гэсэн яриа мэр сэр сонсогдож л байсан. Хэд хэдэн банк дампуурна гэсэн билэггүй цуу дуулддаг байв. Харамсалтай нь олны яриа оргүй юманд оосор бүч зангидаагүй байжээ. Төд удалгүй “Голомт банк дампуурах гэж байна”, “Анод банкнаас хадгаламжаа татаарай ” гэсэн цахим захидал байнгын харилцагч нар руу нь тарлаа. Уг нь банкны харилцагчид гэдэг бол маш нууц байх ёстой. Швейцарийн банк юугаараа алдартай вэ гэхээр хадгаламж эзэмшигчдээ ямар ч үед зарладаггүй, тэднийхээ нууцыг үеийн үед хадгалаж чаддагаараа гайхамшигтай. Гэтэл манай банкуудад хадгаламж эзэмшигчдийн нэрсийн жагсаалт захын нэг дэггүй этгээдийн блогт байж байлаа гэж үү. Үгүй л дээ. Мэдээж банкны эрх бүхий албан тушаалтанууд энэ хоёр банкнаас аль нэгийг нь түлхэж унагаах төлөвлөгөөнд оролцсон гэсэн үг.

Улстөрийн өдөөн хатгалт

Цахим захидал эзэддээ очиж амжив уу, үгүй юу л араас нь их улстөр нижигнэнхэн хөдөллөө. Ерөнхий сайд асан М.Энхсайхан нэлээд дуулиан дагуулсан сэжиг бүхий ярилцлага өгөв. Уг нь түүнээс өмнө банкныхан “Монголын банкууд найдвартай зээл өгсөн болохоор санаа зоволтгүй ” гэцгээж байсан боловч М.Энхсайханы яриа тэднийг цөхөрөөж орхив. Банкныхан бүх юм найдваргүй болж улстөрийн торонд лавхан орооцолдсоноо тэр ярилцлага хэвлэгдсэн өглөө ойлгоцгоосон юм. Мэдээж түүний яриа Засгийн газар руу онилосон байлаа. Ингээд С.Баярын Засгийн газрын үед банкууд дампуурч ард түмний хөрөнгө байхгүй болох нь гэсэн цуу хуурай өвсөнд тавьсан түймэр мэт дүрэлзэв. Дээрээс нь Монголбанкны ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн О.Чулуунбат мэдэгдэл хийсэн нь бүр ч нэрмээс боллоо. О.Чулуунбат, А.Батсүх гэх хоёр хүний албан тушаалын маргаан эцэстээ улс орны эдийн засгийг хөлдөө чирсэн улстөрийн тоглолтын талбар болох юм гэж хэн саналаа. Ингээд Засгийн газар сандарч эхэллээ. “Сандарсан хүн тараг үлээнэ” гэдэг шиг янз бүрийн болох болохгүй тайлбаруудыг өгч эцэстээ нэгэн хуулийн төсөл санаачилав.

Хадгаламж хамгаалах хууль хэмээх хууралт

Банкинд мөнгөө хадгалуулж буй хадагламж эзэмшигчдийн мөнгөнд төр баталгаа гаргах хуулийг УИХ-д өргөн барилаа. Ингэснээрээ банкнаас мөнгөө татаж эхэлсэн хүмүүс айдасгүй болж буцаан байршуулна гэж Засгийн газар тооцсон бололтой юм. Харамсалтай нь хууль УИХ-аар хэлэлцэгдэж эхэлсэн өдрөөс л иргэд хадгаламжаа татаж эхлэв. Тэд төрд итгэсэнгүй. Ийм хууль гарсанаар хадгаламжынхаа хүүг өсгөөд ихээхэн хэмжээний мөнгө татчихсан түүнийгээ найдваргүй зээл болгочихсон зарим нэг жижиг банк шууд дампуурлаа зарлахад харин ч ашигтай байж мэдэх хувилбар бий боллоо. Энэ бүхэнтэй зэрэгцэн “Анод” банкны үйл ажиллагааг Монголбанк хязгаарласан нь иргэдийн айдсыг улам ч нэмсэн юм.

“Ард түмнээ л хуурч харин болно…”

“Анод” банкны үйл ажиллагааг зогсоосныхоо дараа “Тус банкны үйл ажиллагааг бид хоёроос гурван ижлийн өмнөөс ажиглаж байсан” гэсэн мэдэгдлийг Монголбанк хийлээ. Тэгэхээр Монголбанк “Анод”-ыг найдваргүй болсон гэдгийг мэдэж байсан гэх логик байгаа биз. Гэтэл Анод жилийн өмнөөс хувьцаа гаргаж эхэлсэн. Хувьцаа гаргах зөвшөөрлийг Монголбанк өгсөн. Тийм болохоор Монголбанк ”Та нар биднийг хулхидана гэж байхгүй. Харин ард түмнээ бол хуурч болно. Хувьцаагаа гарга гарга” гэснээс ялгаагүй шүү дээ. Ингээд “Анод” ард түмнийх болсоны дараа төв банк бүрэн эрхийнхээ хэмжээнд тус банкны бөөрийг гаргасан нь тэр байлаа. Тэд Бүрэн эрхэт төлөөлөгч буюу БЭТ-ээ томилов. Албан бус гэхдээ олон улсын хэллэгээр бол банкны яс баригч гэдэг л дээ.

Бэтмэн болохын ач холбогдол

БЭТ болсон нөхдийг төдхөн Бэтмэн хэмээн хочиллаа. Анодыг аврахаар ирсэн өнөөх төлөлөгч нь сард таван сая төгрөгийн цалин авч тансаг машин унаж, дараа төлбөрт дугаар авч бүх зардлаа “Анод”-оор төлүүлэх болов. Ингэж Бэтмэн болохын тулд бас Монгодбанкны Ерөнхийлөгчид бас тоогдох учиртай аж. Сардаа таван сая төгрөгийн цалин авахаас гадна томоохон хадгаламж эзэмшигчидтэй наймаалцаж болох бүрэн эрх олгогддог нь хамгийн том олз гэнэ. Тухайлбал, 250 сая төгрөгийн хадгаламжтай хүн “Анод”-оос мөнгөө авахын тулд өнөөх Бэтмэнийг царайчилна. Бэтмэн “За би чамд 250 саяыг чинь гаргаж өгч чадахгүй. Банк ийм чадваргүй. Тэгэхээр би зүгээр л 200 сая төгрөгөө хүүгүй ав. Тэгвэл одоо гаргаад өгье” гэнэ. Мөнгөө тэр чигээр нь салхинд хийсгэчихлээ гэж бодоод нойргүй хонож байсан хадгаламж эзэмшигч уухайн тас “Тэгье тэгье” гэдэг юм байгаа биз. Ингээд 200 сая төгрөгийг нь өгчихөөд өөрөө 50 саяыг нь халааслах боломжтой болж байна. Эсвэл бүр хүүг бодоод авчихаж ч чадна. Энэ бүх үйлдлийг нь хэн ч хянахгүй. Томоохон хадгаламж эзэмшигч нартай ганцаарчлан уулзаж шийдвэр гаргах бүрэн эрх гагцхүү тэдэнд бий. Тэгэхээр Бэтмэн болохын ач тус ийм буюу.

Хувь заяаны бэлэг

Монголбанкны ерөнхийлөгч асан А.Батсүх Анод банкыг үндсэндээ дампууруулчихаад, долларын ханшийг өсгөөд, инфляцийг хөөргөдчихөөд өөрөө огцрох өргөдлөө өгсөн юм. Түүний хувьд энэ бол том боломж. Огцороод л боллоо. Албан тушаалаасаа л бууж байгаа болохоос эрүүгийн хариуцлагаас мултарч чадна гэдэг хувь заяаны бэлэг байлаа. Гэхдээ өмнөх Ерөнхийлөгч О.Чулуунбатад ч хувь тувилан бэлгээ харамгүй хайрласан юм. А.Батсүх О.Чулуунбатаас ажлыг нь хүлээж авсаны дараа түүний хийсэн ноцтой гэрээнүүдийг ил болгож цагдаад өгчээ. Гэвч тэр тийм амархан аманд нь орчих хоол биш байлаа. Эрүүгийн хэргийг яаж ийгээд сунжруулж хэдэн жил дуншуулсаны эцэст хариугүй баригдахынхаа даваан дээр УИХ-ын гишүүн болчихов. Ингэж хувь тавилан нь түүнийг орхиогүй гэдгээ харуулсан юм. Одоо харин мань хүн “Чаддаг юм бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг минь түдгэлзүүлчихээд шүүгээрэй” гэж бардамнаж байна. Хэлдэг л үг.

Тиймээ, гарцаагүй Анод

Тиймээ яагаад “Анод” гэж гэсэн асуулт бий болно. Хариулт нь тиймээ, гарцаагүй Анод гэж гарах вий. Учир нь “Анод” улстөрийн ямар ч хамгаалалтгүй банк. Ядах нь ээ өнгөрсөн УИХ-ын сонгуулиар хандив гуйж ирсэн нэр дэвшигчдэд ганц ч төгрөг өгөөгүй гэж байгаа. Банкныхаа ТУЗ-ын гишүүдийн хэн нэгнийг УИХ-д гарцаагүй сонгогдоно гэж найдаж байсан биз. Улстөрийн мэдрэмжгүй атлаа мөнгөтэй, асар их зоригтой хүмүүс ийм тоглоомонд хожигдохдоо амархан байдаг л даа. Ж.Батзандангийн намыг ялна гэж тэдний толгойд яаж багтаа вэ. Харин тэд Ардчилсан намаас нэр дэвшсэн бол ядаж О.Магнай, Ж.Батзандан хоёроо гаргаад ирж мэдэх байсан юм. Гээд долдугаар сарын 1-ний үйл явдлаас болж намын дарга нарыг нь баривчилсаны дараагаар санхүүжүүлэгчийг нь хайж байлаа. Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрыг хичнээн хардлаа ч шууд барьж аваад хорьчихож чадахгүй болохоор тэчьяадсандаа “Буян”-гийн Б.Жаргалсайханыг хорилоо. Гэхдээ л хангалтгүй л дээ. Өөр, бүр том санхүүжүүлэгч хэрэгтэй байв. Ашгүй тэгтэл С.Баярыг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхгүй байхын төлөөх банкны хямралыг зохиомлоор бий болгох цахилгаан төлөвлөгөө батлагдан гарлаа. Бушуухан “Анод”-ын эздийг барьж авах нь зөв байлаа. Цагдаа ч цаг алдсангүй.

“Анод” хэмээх цахилгаан төлөвлөгөө

Баабар хэлсэн байдаг юм. “Аливаа том үйл хэргийн ард монгол хүний өчүүхэн эрх ашиг нуугдаж байдаг аа” гэж. Монголын эдийн засаг хямрах нь хямрах л байсан. Гэхдээ мана банк санхүүгийн систем ингэтлээ доголдох учиргүй гэж эдийн засагчид өнөө хэрнэ гайхаж байна. Хаанаас ямар далдын хүч гарч ирээд банкуудыг самарчихав гэж толгойгоо гашилтал тоо бодож суугаа. Тоо бодохын хэрэггүй. Зүгээр л цаг үеээ сайн ажаад улстөрийн тоглолтуудын хар. Тэгээд л ойлгомжтой. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан цахилгаан төлөвлөгөө байсан юм. Төлөвлөгөөний суурилах хөрс нь А.Батсүх, О.Чулуунбат хоёрын маргаан болов. Дээрээс нь гал дээр тос нэмэхийн тулд “Анод”-ыг золигт гаргалаа. Чиглүүлэгчээр нь М.Энхсайхан ажиллав. Тэр “за хар. Хямралын үед Засгийн газар ажиллаж чадахгүй байна” хэмээн зарлалаа. Төлөвлөгөө үр дүнд хүрч Засгийн газар сандарч эхэлсэн нь цаашдын үл явдлуудыг улам бүр төгөлдөржүүлсэн юм. Одоо удирдаж залуурдаад байх шаардлагагүй. Төлөвлөгөө хэдийнэ үүргээ гүйцэтгэсэн. Харин С.Баярын Засгийн газар энэ талаар хичнээн оролдоно тэр чинээгээрээ далайд улам гүн живж байна аа л гэсэн үг.


No comments:

Post a Comment