Thursday, May 14, 2009

Монголбанкинд бугшсан булхайг илрүүллээ

Монголбанкинд бугшсан булхайг илрүүллээ
Го.ЭНХТӨР (2007-10-17)
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монголбанкны санхүүгийн 2006 оны ажлын тайлан, УИХ-ын ажлын хэсгээс тус банкинд хийсэн шалгалтын дүнг сонслоо. Ажлын хэсгийг Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа захирамжаар байгуулжээ. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Ганхуяг ахалж, Ч.Раднаа, М.Зоригт, Ж.Батхуяг нар бүрэлдэхүүнд нь ажилласан байна. Төвбанкинд бугшсан олон жилийн булхайг энэ шалгалтаар илрүүлжээ.

Ажлын хэсгийнхэн Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүх, дотоодын ажлын хэсгийн гишүүн Б.Лхагвасүрэн, Ц.Одонгуа, Г.Эрдэнэбаяр, М.Амгалан, Ө.Мөнхцэрэн нартай тусгайлан уулзаж ярилцсан байна. Эднийд бугшсан олон асуудал анхаарал татсан учраас олон хавтаст хэрэг материалтай танилцаж, шаардлагатай баримтын хуулбаруудыг Монголбанкны нууцын албаар дамжуулан авч үзэхэд хүрчээ.

Ажлын хэсгийнхний дүгнэлт ч гарч энэ тухайгаа Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд танилцуулахад гишүүд мэл гайхаж, цэл хөхрөв гэгч болов.

Б.Батбаяр: Та нар идсэн ууснаа нуух гэж байгаа бол би зөвшөөрөхгүй. Улсын эрдэнэсийн сангийн хөрөнгө алга болчихоод байхад та нар юугаа нуух гээд байгаа юм. Хувийн компаниудад зээл өгсөн, “Алтан Дорнод Монгол” компаниас алт авч 85 хувьд нь төлбөр хийсэн, тэдний өмнөөс “Жеральд металз” компанид төлбөр төлсөн, Малайзын “SIL” компанид 56 сая, Оросын “Кредит траст” банкинд 10 сая ам.доллар алдсан байна. Тэгж ярьвал энэ бүхэнтэй та нар холбоотой байх шүү.

300-400 тэрбум төгрөг алдчихаад байна. Энэ чинь улсын төсвийн 30 хувь гэсэн үг. Ажлын хэсгийн дүгнэлтийг нууцлах шаардлага байхгүй. Намайг нууц алдлаа гээд шорондоо хийвэл хийнэ биз гэсээр хуралдааныг орхив. Гишүүдийн гарын үсгийн баталгааг авч тараасан материалыг тэрбээр өгөхгүй гэсээр авч одсон.
Дүгнэлтийг сонсох гэхэд Монголбанкны удирдлагууд багагүй тэвдэж, ажлын хэсгийн дүгнэлтийг улсын нууцад хамаарах асуудал гээд эхэндээ нэлээд цааргалав. Дүгнэлтийн хавтсанд “Нууц” гэж улаан өнгөөр тэмдэглэсэн байв.

Н.Батбаяр: Биднээс авсан гарын үсгийн баталгааг хүчингүй болгоорой. Ц.Элбэгдоржийг ийм аргаар, улсын нууц задруулсан гээд гишүүнээс нь эгүүлэн татаж байсан тохиолдол бий шүү гэж болгоомжлуулав.

Г.Эрдэнэбаяр: /Монголбанкны Хуулийн хэлтсийн дарга/: Манай байгууллагын дотоод нууцад хамаардаг асуудал.

А.Мурат: Монголбанкны санхүүгийн тайланг нээлттэй сонссон. Гэтэл яахаараа ажлын хэсгийн дүгнэлт нь нууцад хамаарах болдог юм.

Г.Эрдэнэбаяр: Валютын нөөц, мөнгөний нийлүүлэлттэй холбоотой баримтуудыг улсын нууцад хамааруулна гэсэн хуулийн заалт бий.

Д.Одхүү: Сонин юм ярихаа больё. Монголбанкны тайлан, ажлын хэсгийн дүгнэлт хоёрын ялгаа гэхээр зүйл энд алга.

Р.Раш: Юугаа нуух гээд байгааг ойлгохгүй юм. Булхайтай гэрээгээ, хамаг мөнгөө тавиад туучихсанаа хаацайлах гээд байгаа юм уу. Нуух тусам улам сэжигтэй болох биш үү.
Гишүүд “Хууль бус үйл ажиллагаагаа олон жилийн турш “Нууц” гэсэн улаан дардсаар хаацайлж ирснийг оройтоогүй дээр нь илчлэх нь зүйтэй” гэцгээж байв. Байнгын хорооны хуралдааныг хаалттай, нээлттэй хийх эсэхээр санал хураалт явуулахад 13 гишүүний 10 нь нууцлаад байх зүйл энд алга гэснээр Монголбанкны “нууц” задарлаа.

56 сая долларыг олж авахаас өнгөрчээ
Хүн амыг орон сууцжуулах хөтөлбөрийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр олох зорилгоор Малайзын Stonelegh international /SIL/ компанитай Монголбанк гэрээ байгуулжээ. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Монголбанк 56.3 сая доллартай тэнцэх аккредитивийг дөрвөн удаа буцаан үл дуудах нөхцөлөөр гаргасан аж. Энэ гэрээ нь өндөр эрсдэл агуулсан, Монголбанк анхнаасаа гэрээг байгуулахдаа хайхрамжгүй хандсан, Төвбанкны хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ. Гэрээг цуцлаагүй бол Монголбанкнаас 200 саяас доошгүй долларыг санхүүгийн төлбөр болгож 60 сарын хугацаагаар “SIL” компанид шилжүүлэх байжээ.

Хэрвээ энэхүү гэрээнээс болж Монголбанк эрсдэл хүлээхдээ хүрвэл тус банкны удирдлагад хариуцлага тооцох нь шударга ёсонд нийцнэ гэж Монголбанкныхны нууцлаад байгаа дүгнэлтэд тэмдэглэжээ. Уг нь ийм гэрээг Төвбанк бус арилжааны банкуудтай байгуулах журамтай юм байна. Гэрээнд зааснаар бол Монголбанкны өмнөөс “SIL” компани шийдвэр гаргах нөхцөлийг ч тусгасан байжээ. Монголбанкнаас гаргачихаад байгаа 56.3 сая доллар өнөөдрийн байдлаар орж ирээгүй байна. Эрсдэлийг Монголбанк үүрэх нөхцөл байдал бий болсныг ч банкны удирдлага, ажлын хэсгийнхэн хүлээн зөвшөөрчээ. Тиймээс гэрээг цуцлах зөвлөмжийг Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүхэд өгсөн байна.

“Кредит траст” -аас авлагатай 10 сая доллар ч сураггүй
Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбатын шийдвэрээр 2003 онд ОХУ-ын “Кредит траст” банкинд 10 сая доллар байршуулжээ. Оросын Засгийн газрын бондын арилжаанд оролцох зорилгоор энэ мөнгийг байршуулсан юм байх. Удалгүй өнөөх нь дампуурч, мөнгөө олж авахын тулд өмгөөллийн хөлсөнд 1.5 сая долларыг Монголбанк төлжээ. “Кредит траст” дампуурснаар “Автомарш”, “Южуралзолото”, “Стимс” гэсэн оросын компаниудын дөрвөн зээлийг Монголбанк авлага болгож авсан аж. Үүнийгээ олж авахын тулд EGIL компанид 15 сая долларын хөлс төлж ажиллуулсан ч эцэстээ энэ компаниасаа 11 сая 200 мянга гаруй долларын авлагатай болж орхисон байна.

Гэвч энэ мөнгийг олж авах нь эрсдэлтэй гэж Монголбанкны өр барагдуулах алба үзэж байгаа аж. 100 гаруй удаа шүүх хурал болж Монголбанкны талд шийдвэр гарсан ч 10 гаруй сая долларыг олж авах нь бүтэхгүй тийшээ хандсан сурагтай байна. Энэ мөнгийг Оросын банкуудад байршуулсан нь Монголбанкнаас мөрдөх дүрэм, журмыг зөрчсөн, эрсдэл ихтэй ажиллагаа болсныг нотолжээ.

“Алтан Дорнод Монгол” компани, Монголбанк, татварынхан муур хулгана болж тоглосоор
“Алтан Дорнод Монгол”-той үнэт металл хадгалах гэрээг 2006 оны долдугаар сарын 29-нд байгуулжээ. Үүнийхээ шалтгааныг Монголбанкинд алт тушаах нь багассан учраас алттай болох гэж энэ аргыг сонгосон юм хэмээн банкны албан тушаалтнууд тайлбарлаж байна. “Алтан Дорнод Монгол”-оос 3.3 тн алтыг хадгалахаар авчээ. Цэвэр алтны хэмжээ нь 2.9 тн. Тухайн үеийн ханшаар бодож үнийн дүнгийн 85 хувийг Монголбанк төлжээ. Анхны гэрээ байгуулснаас хойш 2006 оны аравдугаар сарын 6-ныг хүртэл хадгалуулсан 2.5 тн алтны төлбөр болгож 41.4 тэрбум төгрөгийг Монголбанк төлсөн байна. Гэрээг дахин нэг жилээр сунгажээ. Үүний дагуу 3.5 тн алтны урьдчилгаа гэж “Алтан Дорнод Монгол”-д 58 тэрбум төгрөг өгчээ.

Үүнээс үүдээд татварынхан, Монголбанк, компанийн дунд гурвалсан маргаан үүсээд байгаа юм байна. “Алтан Дорнод Монгол” нь хадгалуулсан алтаа худалдах тухай албан бичиг ирүүлээгүй тул борлуулалт хийснээр тооцохгүй гэж Монголбанк үзэж, татварынхан банкнаас татварын өр нэхээд уджээ. Монголбанкныхан “Алтан Дорнод Монгол”-ын захирал С.Паушоктой хэд хэдэн удаа уулзаж, тодорхой шийдвэр хүссэн ч цаадах нь өнөөдрийг болтол ямар нэгэн хариу өгөөгүй байна. Сангийн яам, ҮТЕГ-ынхан Монголбанкинд хандаж татвар төлөгчдийг татвараас зайлсхийх боломжоор дахин хангахгүй байхыг сануулжээ.

Гэнэтийн ашгийн татварын хуулиар Монголбанкинд хадгалагдаж байгаа алтнаас дор хаяж 14.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх ёстой юм байна. Татварынхан “Алтан Дорнод Монгол” компанийг алтныхаа 97.5 орчим хувийг Монголбанкинд худалдсан гэж үзэж байгаа аж. Хуулийн дагуу ҮТЕГ татвараа авахаар болбол Монголбанк дахиад эрсдэл хүлээхээр болоод байгаа гэнэ. Энэ маргаан дэгдэх болсноос хойш С.Паушок Монголбанктай харилцахаа больжээ. Өөрөөр хэлбэл, “Алтан Дорнод Монгол” компани бүх алтаа татвар төлөлгүйгээр борлуулж аваад алтаа ч хадгалуулахаа больсон гэж ажлын хэсгийн дүгнэлтэд тэмдэглэсэн байна.

Монголбанкны хууль бус үйл ажиллагаа үүгээр зогссонгүй. БНСУ-ын “Самсунг” корпорацийн нэрийн өмнөөс “Монгол газар”, “Эрдэс”, “Монполимет”, “Хайлааст”, “Тайгаинвест” зэрэг компанид зээл өгч авлага үүсгэжээ. Одоо Монголбанк Монгол газар компаниас хоёр сая 500 мянга гаруй долларын авлагатай аж. “Монгол газар”, “Тайгаинвест”-ээс авах авлага нийтдээ таван сая 700 мянга гаруй долларт хүрээд байгаа гэнэ. Ингэснээрээ Үнэт металл олборлогч, арилжаалагчдын хүсэлтээр арилжаа хийхэд мөрдөх журмын тав дахь заалт бүхэлдээ зөрчигджээ.

Энэ мэдээллийг сонссоны дараа гишүүдийн асуулт үргэлжлэв.
Р.Раш: Энэ бүхний цаана юу байгааг мэдэхгүй юм даа. Дутагдлыг арилгах талаар юу хийж байна вэ. Ийм булхай таныг ажил хийхэд нөлөөлж байна уу?
А.Батсүх: Байнга анхаарч байгаа. Дотоодын давхар хяналтыг улам сайжруулах талд анхаардаг.
Н.Батбаяр: Монголбанк яагаад алдагдалтай ажиллаад байдаг юм бэ?
А.Батсүх: Байдаг л зүйл шүү дээ. Бид ашиг олохын төлөө ажилладаггүй.
Л.Гүндалай: Та нар өөрсдөө энэ булхайтай асуудалдаа холбогдсон байхыг үгүйсгэхгүй. Ийм дүгнэлт ажлын хэсэг гаргаагүй бол бид энэ бүхнийг мэдэхгүй өнгөрөх байлаа. Шалгалтаар илэрсэн зөрчил бол мөсөн уулын зөвхөн орой нь. Хэзээ Төвбанк арилжааны банкны өмнөөс зээл гаргаад явж байсан юм бэ.
А.Батсүх: Журам зөрчигдөж байсан нь үнэн. Түүнээс биш надад бусадтай хуйвалдсан зүйл байхгүй. Монголбанкны ерөнийлөгч эрх мэдлээ яаж урвуулан ашигласныг ажлын хэсэг дүгнэх байх. Бид бодит байдлыг гаргаж ирэхийг хичээсэн. Үүссэн өр төлбөр, авлагыг барагдуулах талаар Монголбанк ажиллаж байна.

А.Мурат: Тухайн үед “Кредит траст”-аас өөр банк олдоогүй юм уу. Яагаад олон улсын зэрэглэлгүй банкинд тийм их мөнгийг хадгалуулсан юм бэ?

Ц.Одонгуа:/Монголбанкны Валютын газрын захирал/ Оросын Засгийн газрын бондын арилжаанд оролцох зорилгоор байршуулсан юм. Дараахан нь тэр банк дампуурсан. Надад хувийн ямар нэгэн сонирхол, албан тушаалтнуудтай хуйвалдсан зүйл байхгүй.
Л.Гүндалай: Адгийн ломбард, банк барьцааны ямар ч хөрөнгийг 50 хувиас илүү үнэлж авдаггүй л байхгүй юу. Яагаад “Алтан Дорнод Монгол”-ын алтыг 85 хувиар үнэлж авсан юм бэ. Энэ чинь л сэжиг төрүүлээд байна.

Ц.Одонгуа: Барьцаанд авч байгаа хөрөнгө нь алт байсан учраас тэгж өндөр үнэлсэн. О.Чулуунбат ерөнхийлөгч гэрээг байгуулж, сунгасан.
Ийн хэлэлцсээр ажлын цаг дуусч Байнгын хорооны хуралдаан 19 цагийн орчим завсарлав. Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлаар өнөөдөр үргэлжлүүлэн хуралдана. Ингэхдээ Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг байлцуулж тайлбар авах ёстой гэсэн юм.

903 удаа уншигдав.

No comments:

Post a Comment