Thursday, May 14, 2009

Монголбанк төлгө тавьж байна

Монголбанк төлгө тавьж байна

Өчигдөр Монголбанкнаас нэгэн мэдээлэл гаргав. Түүнд өгүүлснээр цаашид инфляци эрчимжихгүй, нефть, хүнсний бүтээгдэхүүн дахин үнэд орохгүй гэнэ.

Мөн Засгийн газрын зоримог алхам инфляцийг бууруулна гэж зарлав. Энэ бүхэн нь банкуудад заавал байлгах нөөцөө бууруулах боломж олгожээ. Заавал байлгах нөөц гэдэг нь харилцагчдын хадгаламжинд байгаа мөнгөнөөс тодорхой хувийг эрсдлээс хамгаалах зорилгоор банк хөдөлгөөнгүй байршуулахыг хэлнэ. Урьд нь банкууд 5.5 хувийг энэ зорилгоор хадгалдаг байсан бол одоо таван хувь болгож бууруулахыг Монголбанк зөвшөөрчээ. Энэ үйлдлээ Монголбанк тайлбарлахдаа арилжааны банкууд чөлөөлөгдсөн мөнгөө урьдынхаас илүү үр ашигтай зарцуулах боломжтой гэж байна.

Хэдхэн хоногийн өмнө Монголбанк банкны хүүг нэмэгдүүлэн зээлийн өсөлтийг барих замаар мөнгөний бодлогыг чангаруулна гэж мэдэгдэж байсан. Харин зарим эдийн засагчид зээлийн бодлогыг хумьснаар хөл дээрээ тэнцэн ядан байгаа жижиг үйлдвэрлэгчдийнхээ амыг барьчих вий хэмээн мэдэгдэж байв. Өнгөрсөн хавар тариачид зээл олгохгүй хаврын өдрүүдийг алдаж байна хэмээн сүрдүүлсээр ихээхэн хэмжээний зээл авсан. Тариачид урьд нь их хэмжээний зээл аваад эргүүлж төлөөгүй хэмээн нэгэн эдийн засагч халаглаж байсан. Гэвч Засгийн газар "Атрын III аян" хэмээсээр өртөг өндөртэй тариа тариулж орхисон.

Энэ нь төрөөс явуулж буй мөнгөний хатуу бодлоготой Засгийн газрын үйл ажиллагаа зөрчилдөж байгааг харуулна. Ирэх жил өндөр үнэтэй гурил идэж банкуудаа аврах, гадны хямд гурил идэж амиа авч үлдэх хоёр боломжийн нэгийг монголчууд сонгоно. Эндээс харвал Монголбанкны мөнгөний хатуу бодлого хэрэгжих эсэх нь тодорхой биш. Хэрэгжээд инфляци буурах нь бүр эргэлзээтэй. Учир нь тэд өнгөрсөн онд өнөөгийн 36 хувийн инфляцийг нэг оронтой тоонд зөгнөж байсан. Гэхдээ эдийн засагчид Монголбанкны хараа муудсанаас эсвэл Америкийн эдийн засаг буруу дэвснээс өнөөдөр Инфляци-36 гэдэг эдийн засаг үүсээгүй. Сонгууль угтсан Засгийн газрын нүсэр шоу болох 36 хувийн инфляцийн талыг босголцсон гэдэг. Монголбанк ирэх жил Инфляци-12 гэдэг эдийн засагтай болно гэж амлаж байна. Гэтэл ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Иймээс тэдэнд төлгө тавихаас өөр арга байхгүй бололтой.

Х.Баттөгс

No comments:

Post a Comment