Tuesday, May 12, 2009

Д.БАЯРСАЙХАН: Банкин дахь валютаар ченжүүд “тоглож” байгаад буцаан байршуулдаг тухай хардлага бий

bayarsaihanСанхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхантай ярилцлаа.

-Валют арилжааны цэгүүдийг Банк бус санхүүгийн байгууллага / ББСБ/ болгох шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан. Дүрмийн санг 50 сая төгрөгөөр тогтоосон нь хэт өндөр байна гэж арилжаа эрхлэгчид үзэж байна шүү дээ?

-Санхүүгийн зохицуулах хорооноос валют арилжааны цэгүүдэд ямар бодлого явуулахаа өнгөрсөн гуравдугаар сард шийдвэрлэсэн. Ямар шийдвэр гарсан бэ гэвэл, валют солих цэгийн үйл ажиллагаанд дүрмийн сан тогтоож, хуулийн этгээд болгон тусгай зөвшөөрөл олгоё. Ингэхдээ ББСБ-ын хуулийг мөрдүүлье гэсэн шийдвэр гаргасан. Нэг валют солих цэгт хэдий хэмжээний төгрөгтэй тэнцэх валютын арилжаа хийж буйг судлахад 20 мянган ам.доллар, хэдэн мянган рубль, юанийг сольж, өдөрт дунджаар 30-50 сая төгрөг, бүр 100 хүртэл сая төгрөг эргэлдэж байсан. Ингээд ББСБ-ын дүрмийн санг 50 сая төгрөгөөр тогтоож, хэрэв ийм хэмжээний мөнгөгүй бол хоорондоо нэгдэн хуулийн этгээд байгуулж болно гэдгийг хэлсэн шүү дээ. Валют солих цэгийн арилжаа эрхэлдэг хүмүүстэй уулзахад тэд үүнийг “Боломжийн шийдвэр” хэмээж байсан. “Дүрмийн сан хэт өндөр, хүнд байна” гэж зарим нь хэлдэг л дээ. Гэхдээ бид нэг хүнд зориулж, шийдвэр гаргахгүй. Нийтлэг эрх ашгийг харж үйл ажиллагаа явуулдаг. Энэ бол асуудлын нэг тал нь. Нөгөө тал нь хэрэв бид дүрмийн санг нь багаар буюу 10, 20 сая төгрөгөөр тогтоож, дараа нь шалгалт хийхэд тэнд эргэлдэж байгаа мөнгө хэдэн зуун саяар хэмжигдвэл мөнгө ямар эх үүсвэртэй вэ гэдгийг хөндөж, торгууль ногдуулах, зөвшөөрлийг нь хураах арга хэмжээ авна. Тэгэхээр нэгдүгээрт дүрмийн санг 50 сая төгрөгөөр тогтооё.
Хоёрдугаарт, хуулийн этгээд болгоё. Гуравдугаарт, хөрөнгийн эх үүсвэр хаанаас гарч вэ гэдгийг байнга шалгах учраас эхнээсээ итгэлтэй, найдвартай хуулиа биелүүлж ажиллах нь зүйтэй.
Өнөөдрийн байдлаар манайд 47 газар ББСБ болох хүсэлтээ илэрхийлсэн. Үүнээс өмнө 28 хуулийн этгээд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг байсан юм. Бид энэ сарын 6-нд ээлжит бус хурал хийж, өмнөх сард материал нь хянагдсан байсан ББСБ-ын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь олгосон. Харин дөрөвдүгээр сарын 28-наас хойш материалаа ирүүлсэн валют арилжааны цэгүүдийн материалыг одоо хянаж байна. Нэг үгээр хэлбэл, 45-47 валют солих цэгт ББСБ-ын зөвшөөрөл олгоно гэж ойлгож болно.

-Шаардлага хангаагүй нэг хэсэг нь хаагдаж таарах нь, тийм үү?

-Нэгэнт хуулийн үйлчлэлийн дагуу 50 сая төгрөгийн дүрмийн сангаа бүрдүүлж, шаардлага хангасан байгууллагын материалыг авна. Гэхдээ бид тодорхой хугацаагаар хүлээнэ гэж бодож байгаа. Яагаад гэвэл, тусгай зөвшөөрөл олгосон байгууллагадаа дүрмээ мөрдүүлэх тодорхой хугацаа хэрэгтэй. Түүнээс гадна Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн баригдахаар төсөл нь боловсрогдож байгаа. Үүнээс манай валютын гүйлгээний бодлого хаашаа явах нь вэ гэдгийг харахгүй бол болохгүй. Хэдэн цэгүүдэд бүх зүйл сайхан болохгүй шүү дээ.

-Монголбанкнаас илүүтэйгээр “Найман шарга” валют арилжааны цэгийн хэдэн ченжүүд ам.долларын ханшийг тогтоож байна гэсэн яриа байдаг. Арилжааны цэгүүдийг ББСБ болгосноор батлагдаагүй ч гэлээ асуудлыг нэг тийш шийдэж болох нь ээ?

-Энэ бол хоёр талтай. “Тэд” гэдгийг барин тавим тогтоогоод, “Эд нөлөөлөөд байна” гэх хэцүү. Та нар амралтын өдрүүдэд манай банкууд яаж ажилладгийг мэдэж байгаа. Бүгд хаалттай, амарсан байдаг. Гэтэл амралтын өдрүүдэд ч гэсэн хүмүүст валютын хэрэгцээ гардаг. Банкууд ченжүүдтэй холбоотой гэдгийг яг хэлэхэд хэцүү ч, бямба, ням гарагт банкин дахь валютаар ченжүүд зах зээл дээр “тоглож” байгаад буцаад ордог гэсэн хардалт байдаг. Бид үүнд зохицуулалт хийгээд ирэхээр мөнгөний эх үүсвэр тодорхой байх ёстойг зааж өгнө. Арилжааны банкнаас их хэмжээний мөнгө тэнд эргэлдүүлж байсан нь ч тодорхой болно шүү дээ. Нэр бүхий ББСБ-ыг шалгаж, “гар” дээр нь 200-300 сая төгрөг эргэлдэж байвал эх үүсвэрийг тодруулна. Банк бус санхүүгийн байгууллагын хувьд хоёрдогч өглөгөөр юм уу, зээлээр яваад байгаа юу, банкны хөрөнгийг зарж өгч байна уу гэдгийг маш нарийн тодруулж, хуулийн хүрээнд шалгах, торгох эрхтэй болсон. Нэг ёсондоо тийм зүйл гарахыг хязгаарлах боломжтой боллоо. Харин үүнээс өмнө яаж өнөөдөр хэлэхэд хэцүү. Ченжүүд Монголын валютын Зах зээлийн ханшийг нэг их айхтар бариад байсан нь ч юу юм. Гэхдээ банкны мөнгө тийшээ орж арилжаалагдаж байсан бол зогсоох л ёстой болж байна.

-Хадгаламж зээлийн хоршоод нэг хэсэгтээ дуулиан тарьсан. Түүнээс хойш хоршоонд итгэх иргэдийн итгэл буурсан болов уу. Хадгаламж зээлийн хичнээн хоршоо хэвийн ажиллаж байна вэ?

-Хадгаламж зээлийн хоршоо 2006 онд олны анхаарлыг их татаж байсан. Нийт 30-аад хоршоо дампуурснаас маш олон хохирогчтой болж, хэд хэдэн хүнд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсанаас хойш үүнд анхаарал тавьж ажилласан. Улсын бүртгэлд 941 хадгаламж зээлийн хоршоо байсан бол одоо 210 хоршоо үйл ажиллагаа явуулж байна. Тусгай зөвшөөрөлтэй хоршоодод бол айхтар хүндрэл алга. Гэхдээ санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас болж, зээлийн эргэн төлөлт сайн биш байна. Хадгаламж зээлийн хоршоодын өмнө нь гаргаж байсан зөрчил шиг дураараа сурталчилгаа цацаж, хадгаламжийн өндөр хүү амлан хөрөнгөө зориулалтын бусаар зарцуулах явдлыг хоршоод гаргахгүй байгаа. Гишүүдээсээ хадгаламж аваад тэдэнд зээл л олгож байна. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийг УИХ-д өргөн бариад хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Уг хууль батлагдсанаар хадгаламж зээлийн хоршооны талаар баримтлах төрийн бодлого тодорхой болно. Энд нэг зүйлийг тэмдэглэхэд, “Төв Азийн хөрөнгө оруулалтын сан ” хоршооны гурав, дөрвөн тэрбум төгрөгийн, “Хамтын нөхөрлөл хоршоо”-ны дөрвөн тэрбум төгрөгийн хохиролтой холбоотой асуудлыг бид шийдсэн. Эдгээр хоршоо хувьдаа ашигласан нь бага, тодорхой хэмжээний өмч хөрөнгөтэй байсан.

-Санхүүгийн хоёр дахь зах зээл болох хувьцаа, бондын асуудалд хяналт тавьж байна уу. Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн жил танай хороонд хаягласан бичиг явуулж байсныг санаж байна?

-Хараа хяналт байгаа. “АНОД” банктай холбогдуулаад асуудал үүссэн. Хамгийн гол нь манай үнэт цаасны зах зээл өмч хувьчлалын үндсэн дээр үүсч, хувьцааны төвлөрөл олширсон. Анх 475 хувьцаат компани байсан бол одоо 380 орчим болсон байна. Санхүүгийн зохицуулах хорооноос 166 компанийн арилжааг зогсоосон. Тодорхой хэмжээний өмч хөрөнгө нь алга болсон, үйл ажиллагаа нь зогссон, хувь нийлүүлэгчдийн хурлаа хийдэггүй компанийн хувьцааны арилжааг зогсоосон. Үүнтэй холбогдуулан шат дараатай арга хэмжээ авч байна. Шүүхийн шийдвэрээр татан буугдсан хэрнээ улсын бүртгэлээс хасагдаагүй, дампуурсан мөртөө дампуурлаа зарлаагүй компани ч байна. Гол нь шинээр хувьцаа гаргаж, олон нийтээс хөрөнгө татсан компаниудын асуудал анхаарлын төвд байна. Нийт 16- 17 компани 2005 оноос хойш олон нийтээс 50 гаруй тэрбум төгрөгийг татаж авсан байдаг. Үүний 20 тэрбум төгрөг нь “АНОД” банкнаас гаргасан хувьцааных. Гэхдээ “АНОД” банкны асуудлыг жич ярих ёстой. Олон улсын хөндлөнгийн аудитын дүгнэлт гарч байгаа. Энэ дүгнэлт гарсны дараа ажлын хэсэг саналаа гаргана. Эдийн засгийн байнгын хорооноос олон нийтээс хөрөнгө татаж байгаа аливаа санхүүгийн салбарт анхааралтай хандахыг сануулж байсан. Болгоомжтой хандаж байгаа. Энд нэг хүндрэлтэй асуудал бий. Монгол Улсад санхүүгийн тайлан, аудит, үнэлгээний асуудал дээр эргэж сайн харахгүй бол болохгүй тогтолцоо байгаад байна.Тэдний гаргасан дүгнэлт, үнэлгээнд үндэслэн шийдвэр гаргана гэдэг эргэлзээ, болгоомжлол байнга төрүүлдэг. Тийм учраас хороо өөр дээрээ Санхүүгийн тайлагнал, үнэлгээ аудитын чанарын хяналтын газар байгуулсан. Энэ газрын хүрээнд хөндлөнгийн дүгнэлтээс илүү өөрсдийн хийсэн дүгнэлтэд итгэх нь дээр. Яагаад гэвэл, шалгуурыг давах бүтээгдэхүүн орж ирэхгүй байна.

-Санхүүгийн зохицуулах хорооны даргатай уулзсаных санхүүгийн хямралын талаар асуухгүй өнгөрч болохгүй биз?

-Санхүүгийн хямрал манай улсад орж ирсэн. Хямралыг хурдан хугацаанд хэрхэн даван туулах вэ гэдэг асуудал бий шүү. Манай санхүүгийн салбарын 90 гаруй хувийг банкны систем эзэлдэг. Тэгэхээр банк санхүүгийн салбараа юуны өмнө эрүүл болгох, мөнгөний эргэлтийг идэвхжүүлэх нь чухал. Санхүүгийн зохицуулах хорооны хяналтад байдаг газруудад ч уналт ажиглагдсан. Хувьцааны ханш өндөр байснаа уналаа. Гэхдээ арилжаа дахин нэмэгдэж байна. Монгол Улсын хувьд, ашигт малтмалын ордуудаа яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай нь харагдаж байна. Маш их удааширснаас их хүлээлт бий болжээ. Томоохон ордуудын хувьцаанд хөрөнгө сруулна гэсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид байгаа. Онцолж хэлэхэд, үнэт цаасны зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчид маш олноор орж ирдэг. Тухайлбал, 2007-2008 онд хөрөнгө оруулалтын 50 хувийн худалдан авалтыг гадныхан хийсэн байдаг. Гэтэл тэд 2008 оны сүүлчээр хөрөнгөө татаж эхэлсэн. Энэ бол тухайн улсад ч хямрал нөлөөлсний илрэл. Гэхдээ хямрал хугацаагүй зүйл биш. Хурдхан шиг ард нь гарах ёстой. Манай үнэт цаасны зах зээлийн тухайд хүлээлтийн асуудал л байгаа. Энд зөвхөн банкны асуудлаа анхаарах бус, үнэт цаасны зах зээлийг ч сайн ажиглах хэрэгтэй юм.

-Монгол төгрөгөөр худалдан авалт хийх журам манай улсад хэрэгжихгүй байна. Орон сууц, интернэт худалдааг ам.доллараар хийж байгааг та юу гэх вэ?

-Хууль хэрэгжүүлэх ажил учир дутагдалтай байна. УИХ-аар Үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх тухай хуулийн төсөл хэлэлцэх гэж байгаа. Аливаа арилжаа, худалдаа, наймааг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх ёстой.

С.СОСОРЖАВ

No comments:

Post a Comment