Thursday, May 14, 2009

Д.Дорлигжав: Засгийн газар Монголбанк хоёрын бодлого уялдахгүй байна

Д.Дорлигжав: Засгийн газар Монголбанк хоёрын бодлого уялдахгүй байна

Ардчилсан намын экс Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дорлигжавтай уулзаж улс төр биш гагцхүү Монголд нүүрлэж болзошгүй байгаа эдийн засгийн хямралын талаар ярилцсанаа толилуулж байна.

- Саяхан Дэлхийн банкнаас Монголбанкны мөнгөний бодлогод онц гэсэн үнэлгээ өгсөн нь нэг л эргэлзээтэй санагдаад байх юм.

- Би тэр хуралд суугаагүй болохоор нарийн учрыг нь мэдэхгүй юм.
Ямар шалгуураар тэгж биднийг сайн байна гэсэн юм бэ бүү мэд.

Юуг нь болж байна, юуг нь болохгүй гэж дүгнэсэн юм бэ, тэрнээс нь зөвхөн сайныг нь авч нэвтрүүлээд сурталчлаад байгаа ч юм билүү мэдэхгүй байна л даа. Өнөөдрийн байдлаар нь бол Монголын мөнгө, санхүүгийн бодлогыг сайн байна гэж хэлэх нь ойлгомжгүй юм. Бодит амьдрал огт өөр байна шүү дээ.

- Тухайлбал, ямар учраас та манай мөнгөний бодлого зөв биш гэж хэлээд байна вэ?

- Хамгийн наад захын жишээ гэхэд өнөөдөр долларын ханш буурчихсан байгаа шүү дээ. Тэрийг нь манай дарга нар "Бид маш сайн бодлого явуулсны хүчинд долларын ханш буурлаа" гэж тайлбарлаж байх юм. Би үүнд үнэхээр гайхаж суулаа. Гэтэл манай улсын валютын нөөц доллараар хадгалагддаг. Тэгээд долларын ханшийг унагачихаад баярлаад байх учир юу байна. Өөрийнхөө халаасанд байгаа хатуу юмыг үнэгүйдүүлчихээд ингэж ярьдаг хүн энэ хорвоо дээр байхгүй шүү дээ. Ер нь тэгээд учир утгагүй унагахдаа гол нь биш зохистой харьцаа гэж байх ёстой. Хамгийн наад зах нь л энэ. Валютын бодлого бас алдагдсан байгаа. Сонин хэвлэлийн мэдээнээс ажиглаад байхад Монголбанк их хэмжээний алт хадгалаад байгаа юм билээ.

- Гэтэл алтны үнэ огцом буурч байгаа шүү дээ...

- Алт цагтаа нэг унц нь 1000 хүрч байхад зарах ёстой байтал зарахгүй хадгалсаар одоо 700 болгочихлоо. Тэгэхээр Монгол Улс одоогоор валютын зөрүүнээс гэхэд л 300-гаад сая долларын алдагдал хүлээчихээд л байгаа хэрэг. Дээрээс нь юмны үнийн өсөлт инфляци байна.

Тэгэхээр мөнгөний бодлого зөв явж байна гэж хэлэх аргагүй. Ийм л байна. Өөрөөр хэлбэл бодлого ярьдаг хүн байхгүй болж. Харин нягтлан бодогчид бол байна аа. Сангийн яам, Монголбанк, Засгийн газрын түвшинд бодлого ярих ёстой хүмүүс нь дандаа нягтлан бодогчид шиг юм ярих болж. "Манай улсын нөөц тэдэн төгрөг байсан. Одоо төд байна." гэх зэргээр нягтлан бодогчийн ярих юмыг ярьсаар удлаа. Гэтэл макро түвшинд бодлого ярих хүн алга.

- Хэрвээ бодлого явуулахгүйгээр энэ янзаараа байгаад байх юм бол манай эдийн засаг ямар хохирол амсах бол. Бас энэ их хямралын үед хэдий хэр хугацаагаар тэсэх вэ?

- Цочмог, цочмог арга хэмжээнүүд аваад тэр нь онолын хувьд зөв боловч тухайн цаг үедээ таарахгүй байна. Цогц нэгдмэл бодлого явуулахгүй болохоор тэр шүү дээ. Тэгэхээр энэ нь улс орныг эдийн засгийн гүнзгий хямрал руу түхэж байна. Жишээ нь юмны үнэ өсөөд инфляци яваад ирмэгц сандраад долларын хүүг унагах бодлого явуулж эхэллээ. Арилжааны банкуудад байршуулж байсан мөнгөө татлаа. Бодлогын хүүгээ нэмлээ. Тэгэхээр арилжааны банкууд зээлийн эх үүсвэргүй болчихлоо. Үүнээс болоод л инфляци нь унаж, валютын ханш нь буурч байгаа байх. Гэхдээ энэ нь өөрөө өөрийнхөө амьсгалах агаарыг үгүй болгохтой адил хэрэг шүү дээ. Ингэснээр эдийн засаг нь зогсоход хүрнэ. Түүнээ дагаад бүх бизнес зогсох нь. Доллар нь унасан болохоор гаднаас юм худалдан авах шаардлага байхгүй. Шаардлага байхгүй болохоор долларын хэрэгцээ байхгүй. Энэ мэтээр хямралаа давах гэж хэт цочир, бодлогогүй арга хэмжээ авснаас эдийн засгаа өөрсдөө боомилж байгаа хэрэг. Ер нь тэгээд манай дарга нар Монголбанк, Засгийн газар хоёрын хамтын ажиллагааны зарчмыг ойлгохгүй байна.

Энэ хоёр хоёр тийшээ зөрж ажиллах ёстой юм шүү дээ. Зэрэг алхах учиргүй. Нэг нь хойшоо алхаж байхад нөгөө нь урагшаа алхаж байх учиртай. Ийм байж гэмээнэ Засгийн газар Монголбанк хоёрын хамтын ажиллагааны уялдаа хангагддаг. Өөрөөр хэлбэл Засгийн газар зарлагаа ихэсгээд үрэлгэн байгаад инфляцид нөлөөлөх хандлагатай болоод ирвэл Монголбанк жолоог нь татдаг байх ёстой. Инфляци ихэдлээ гээд Засгийн газар хөрөнгөө хянаад санхүүгийн хатуу бодлого явуулаад эхлэх юм бол Монголбанк бизнесийг дэмжиж харин ч уян хатан бодлого явуулдаг байх учиртай. Ингэж байж Монгол Улсын эдийн засгийг авч явдаг. Гэтэл одоо нэг бол хоёулаа урагшаа зүтгээд нэг бол хоёулаа зогсчихоод байна. Энэ бол аюултай. Учир нь дэлхий нийтийн эдийн засгийн хямрал, дотоодын урагшгүй бодлогын уршиг хоёр нийлэх юм бол дорхноо хөмөрнө. Эцсийн дүнд ард түмэн л хохирно. 1996 оноос хойш өнөөг хүртэл арван хэдэн жил оролдож байж арилжааны банкны хүүг арай гэж буулгаж эхэлж байсан юм шүү дээ. Гэтэл одоо үүнийгээ алдчихлаа. Энэ бол том хохирол. Юугаар ч нөхөхийн аргагүй гарз. Буцааж тогтворжуулж буулгана гэдэг асар хүнд.

- Эдийн засгийн тэр аюул ямар хэлбэрээр яаж нүүрлэх вэ. Хүн бүр эдийн засагч биш болохоор хий дэмий л хадгаламжаа татахыг оролдож байна. Гэтэл тэр мөнгийг нь банкууд дор нь гаргаад өгчихөж бас чадахгүй байна?

- Аюул ингэж ирнэ гэж хүмүүсийг айлгах хэрэггүй. Ирэхээ хүрвэл янз бүрээр л ирнэ. Би бол макро түвшинд л ярьж байна шүү дээ. Эдийн засгийн гол гол үзүүлэлтүүдийг л ярина уу гэхээс хүмүүсийг айлгаж цочоож сэтгэлээр унагах хэрэггүй. Тэгэхээр макро түвшинд аюул нүүрлэвэл ажилгүйдэл ихэснэ, хөрөнгө оруулалт зогсоно, эдийн засгийн чадавхи доройтно, мөнгөний ханш унана. Ийм л аюул ирэх гээд байна. Гэтэл бидний зорилго бол байнгын өсөлттэй тогтвортой эдийн засаг шүү дээ. Банкны арилжааны зээлийн хүү байнга буурч байх зорилготой байсан. Хүмүүсээ байнга ажилтай байлгах хэрэгтэй. Гэтэл одоо бүх юм эсрэг болох нь байна. Тухайлбал та нэг компанийн захирал байлаа гэж саная. Гэтэл долларын ханш унаснаас болж өмнө нь 100 доллараар нэг хүнд цалин тавьдаг байсан бол одоо 130 доллараар тавина. Ингэснээр дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар буурна. Дампуурах зам руугаа явж байна гэсэн үг. Тиймээс гадаад худалдаанд явж байгаа валютын ханшийг хэт унагах, өсгөх нь осолтой. Ингэж унагаж болдоггүй юм.

- Ардчилсан нам ийм хямрал айсуй гэдгийг өмнө нь сануулж байсан шиг санагдах юм. Тэр үед Монголбанкинд загнуулаад л өнгөрсөн байх аа?

- Жилийн өмнө шиг санаж байна. Ерөнхийлөгчтэй намуудын төлөөлөл уулзаж хамгийн их санаа зовоож байгаа асуудлуудын талаар ярилцсан юм. Тэр үед манай нам "Жил гаруйн дараа валютын ханш унах нь ээ. Санхүүгийн бодлого чинь буруу байна. Монголбанк, Засгийн газрын хоорондын бодлого чинь уялдахгүй байна. Авч байгаа арга хэмжээ чинь буруу. Улсын төсвийг батлахдаа яаран сандран хам хум баталж байна. Гэтэл энэ чинь бүтэн жилдээ улсын эдийн засаг ямар байхын хувь заяаг шийдэж баталж байгаа хэрэг. Бодлогогүй алхмын чинь хариуд хямрал нүүрлэх нь ээ. Ирэх намар эдийн засаг хямрах нь" гэж хэлсэн. Үзмэрч тааварчдаа тэгж хэлээгүй. Тэдний үйл ажиллагааны алдаатай бодлогыг л шүүмжилсэн. Шүүмжлэх ч юу байхав дээ, сануулсан юм. Хэрвээ одоо та бүхэн санаж байгаа бол Монголбанк үүний хариуд асар том мэдэгдэл гаргасан. Ардчилсан нам худал цуу тарааж байна. Манай бодлого зөв байгаа. Бид сайн ажиллаж байна гэсэн. Гэтэл одоо ямар байна.

- Дарга нар маань хямралаас гарахын тулд явуулах бодлого боловсруулахад мэдлэг боловсрол нь хүрэхгүй байна уу. Арай ч албаар ийм буруу бодлого явуулна гэж байхгүй биз дээ?

- Мэдээж ажил хариуцаж байж тэрийгээ унагая гэж боддог хүн байхгүй байх гэж найдаж байна. Авч байгаа арга хэмжээнээс нь ажаад байхад юу хийхээ л мэдэхгүй байх шиг байна. Би түрүүнд хэлсэн дээ. Засгийн газар Монгол банк хоёрын алхаа нийлээд байна. Уг нь зөрж алхах учиртай юм. Гурван тамир гэж гоё вальс байдаг шүү дээ. Харахад зөрж алхаад байгаа юм шиг атлаа хичнээн гоё эвсэг уран бүжиг билээ. Яг л тийм байх ёстой.

- Бодлогыг зохицуулах эрх үүрэг нь хэнд нь бий вэ. Засгийн газар уу, Монголбанк уу?

- Аль аль нь. Жишээлбэл Монголбанк багц санал тавих ёстой. Засгийн газар ч мөн адил өөдөөс нь сөргүүлж тавих хэрэгтэй. Тэгээд хоорондоо мэргэжлийн түвшинд ярилцаж зөвшилцөж байж хэрэгжүүлэх ёстой. Тиймээс Сангийн яам, Монголбанк ч тэр Засгийн газрын тэргүүн ч адилхан л ажиллаж санаа тавих хэрэгтэй л дээ.

- Сангийн сайд бол "бүх юм окей" л гээд байгаа шүү дээ. Монголбанкны ерөнхийлөгч ч мөн адил. Эсвэл тэд зүгээр л ингэж хэлэх ёстой юу?

- Яахав дээ, тэр том хүмүүс болж бүтэхгүй байна гээд хэлчихвэл хөл толгой нь олдохгүй юм болно шүү дээ. Зөв арга хэмжээ авах юм бол хямралыг даван туулж эдийн засгаа аварч болох л юм. Гэхдээ нөхдүүдийн ярьж байгаагаар бол надад нэг л итгэл төрөхгүй байна.

- Яагаад?

- Жишээлбэл төсвийн хатуу бодлого явуулна гэж байна. Яахав энэ нь нэг талаас байж болох л асуудал. Нөгөө талаас үрэлгэн зардал. Гэхдээ эдийн засгаа унгачихгүйн тулд нэмүү өртөг бүтээх хөрөнгө оруулалтыг зогсоож болохгүй. Монгол Улсын мөнгөний бодлого бол цаашдаа нэмүү өртөг бүтээх ажлын байр бий болгох зүйлд хичнээн өртөг гаргасан ч эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэггүй. Гэтэл гаргасан мөнгөөр нь амаа арчаад хаядаг цаас худалдаж аваад хаяад байх юм бол жинхэнэ мөнгөний нийлүүлэлт ихэссэнээс болж инфляци явагдах суурь болно. Тийм учраас Сангийн яам бол ямар юман дээр хатуу бодлого явуулах уу, ямар зүйлд уян хатан байх вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Гэтэл энэ нь харагдахгүй байна.

- Гэхдээ Сангийн яам танай намынх шүү дээ. Та УИХ дахь бүлгээрээ дамжуулаад ч юмуу Сангийн сайдад сануулах сигнал өгч болно биз дээ?

- Бид хоёрын энэ ярилцлагыг ч тэрний нэг хэлбэр гэж ойлгож болно. Холбогдох хүмүүс нь уншаасай. Ер нь Монгол орны эдийн засаг бол Монголбанк Засгийн газартай холбоотой дотоодын хүндрэлээс гадна дэлхийн санхүүгийн хямралыг дагаж нэлээд том хохирол бас амсч байх шиг байна. Өөрөөр хэлбэл манай хувийн хэвшлийнхэн бол гадаад хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байсан. Гэтэл дэлхий нийтийн хямралаас болоод нэлээн хохирол амссан тухай мэдээлэл надад жишээ нь бий. Монголбанк, Сангийн яам хамтарсан томоохон уулзалтуудыг хийх хэрэгтэй. Шаардлагатай бол хаалттай хийх ёстой. Засгийн газар туслах хэрэгтэй. Учиргүй мөнгө тараахдаа биш. Нөлөө үзүүлж болно шүү дээ. Тэгэхээр гадаад дотоод эдийн засгийн холбоотой асуудлуудаа ний нуугүй ярилцаж хамтарч ажиллаж байж энэ хямралыг даван туулах хэрэгтэй.

Л.Мөнхбаясгалан

No comments:

Post a Comment