Thursday, May 14, 2009

О. Чулуунбат: Зэсийн үнийн уналтаас хамаарсан тал бий. Гэхдээ бодлогын хямрал гэвэл үнэнд илүү нийцнэ

О. Чулуунбат: Зэсийн үнийн уналтаас хамаарсан тал бий. Гэхдээ бодлогын хямрал гэвэл үнэнд илүү нийцнэ

E-mail Print PDF

УИХ-ын гишүүн, Монголбанкны ерөнхийлөгч асан О. Чулуунбаттай MMJ 2008 оны арванхоёрдугаар сарын 18-нд ярилцлага хийсэн юм. Монголын арилжааны дөрөв дэх том банкинд эрх хүлээн авагч томилогдсон тэр халуухан долоо хоногт бидний ярилцлага болсон билээ. Банк санхүүгийн секторт, улмаар эдийн засагт хүчтэй доргилт мэдрэгдэж эхэлсэн өдрүүдэд ноён Чулуунбат сэтгэлийн зовнилоо нууж чадахгүй байлаа. Цаашид манай эдийн засаг яах бол? Ямар арга хэмжээ авах нь зөв бэ? Олон нийтийн сэтгэлийг түгшээсэн асуултуудад хариулахыг тэр өдрүүдэд оролдож байсан цөөхөн улстөрчийн нэг нь Чулуунбат юм. Хямралын эхний шинж тэмдгийг хэдэн сарын өмнөөс урьдчилан харж, угтуулсан арга хэмжээг цаг алдалгүй авахыг Монголбанк болоод Засгийн газарт сануулж, бараг гуйж байсан хэдхэн улстөрчийн нэг нь тэр.

MMJ сэтгүүлийн энэ оны шинэ дугаар уншигч таны гар дээр очиж буй мөчид эдийн засгийн нөхцөл байдал хагас сарын өмнөхөөсөө огт өөр болчихсон байна. Хямран буй дэлхий дээр ганц цагийн хооронд ханшийн асар их хэлбэлзэл нөмрөөд ирж буйг та бид харж байгаа. Ийм давлагааны шкалын хэмжээг ард иргэддээ түрүүлж мэдэгдэх, хохирлыг багасгах чадвартай хүмүүсийнхээ яриаг MMJ үргэлжлүүлэн нийтэлсээр байх болно.

Арилжааны банкуудын нөхцөл байдлын тухай Монголбанкны хэдхэн өдрийн өмнөх мэдээлэл ба өнөөдөр “Анод“-д үүссэн нөхцөл байдал ихээхэн зөрүүтэй байна. “Анод“-ын үйл ажиллагааг хянаж чадаагүй хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?

Дэлхий дахинд арилжааны банкныхаа үйл ажиллагааг Засгийн газар, эсвэл Төв банк нь хянах хяналтын хоёр зарчим байдаг. Арилжааны банкинд хяналт хийдэг тэр субьект нь хариуцлагаа үүрэх ёстой. Монголд арилжааны банкуудын эрсдэлийг Засгийн газар бус, Төв банк хянаж шалгадаг тул хариуцлагаа өөртөө авах ёстой юм. Одоо Эрсдэлийн сангийн мөнгийг гаргаснаар Засгийн газарт асуудлыг үүрүүлчихэж байна л даа. Уг нь клирингийн зээл олгох арга хэрэгсэл Төв банкинд байгаа. Түүнийгээ огт ашигласангүй, ашигласан ч цаг алдаж хийлээ.

Яагаад зоримог арга хэмжээ авч чадахгүй ингэж цаг алдав аа, эсвэл мэдэхгүй болоод энэ үү?

Батсүх ерөнхийлөгч ийм арга хэрэгслийг мэддэггүй юм аа гэхэд наана нь байгаа хоёр дэд ерөнхийлөгч мэдэх учиртай. Би тэдэнд хэлсэн л дээ. Клирингийн зээл өгөх арга хэмжээ аваач гэж. Ерөнхийлөгч шийдэх эрхтэй гээд байна л даа.

Шийдвэр гаргах эрх Монголбанкны Захирлуудын зөвлөлд байх уу, эсвэл Ерөнхийлөгч ганцаараа шийддэг үү?

Төв банкны ерөнхийлөгч бие даан шийдвэр гаргах эрхтэй. Захирлуудын зөвлөл нь зөвхөн зөвлөх эрхтэй юм. Уг нь Ерөнхийлөгчид маш сайн эрх мэдэл өгсөн тогтолцоо. Үүнийг ухаалаг ашиглаж чадвал сайн тогтолцоо гэж боддог. Чадварлаг ашиглаж , цаг алдалгүй арга хэмжээ авах боломж нээсэн удирдлагын тогтолцоо гэж би хувьдаа боддог. Гэхдээ боломжийг ашиглаж чадсангүй.

“Анод“ банкинд Монголбанкны эрх хүлээн авагч томилогдон ажиллалаад дөрөв хонож байна. Одоогийн байдлаар хадгаламж эзэмшигчид 48 тэрбумын хадгаламжаа татжээ. Энэ их мөнгө эдийн засагт ороод ирэхээр инфляцид нөлөөлөх үү. Мөнгөний ийм их хэмжээний урсгалыг давхар зохицуулах механизм хэрэгтэй байсан уу?

Надад байгаа мэдээллээр дөрөв дэх өдрийн орой гэхэд 78 тэрбум төгрөг гадагшилсан байна. Хүмүүс хадгаламжаа татахад тэр нь буцаад банкны тогтолцоо руугаа ордог. Худалдаа,хөгжил, ХААН банк гэсэн үйл ажиллагаа нь тогтвортой сайн яваа хоёр том банк руу орж байгаа бололтой.

Арилжааны банкуудад хяналт шалгалт хийх бололцоо Төв банкинд тааруу байдаг уу. Арилжааны 16 банкийг тус бүрийг нь жилдээ нэг удаа шалгана гэхээр шалгалтууд хоорондын зай их хол байна шүү дээ.

Өдөр тутам арилжааны банкуудаа хянах боломж Монголбанкинд бий. Монголбанк дахь арилжааны банкуудын гүйлгээг хянах боломж байна. Манай банкны системд төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, актив дахь зээлийн харьцаа 70 хувь хүрчихээд явж байна. Уг нь энэ үзүүлэлт 50 хувиас дээшээ гарах ёсгүй. “Анод“-ын хувьд уг харьцаа 70 гараад явчихсан байсан. Энэ бол өвчний эхний дохио шүү дээ.

“Анод“ дээр урьдчилан арга хэмжээ авах боломж байсан уу?

Байлгүй яахав. “Анод“-ын тухайд төр балмад авир гаргасан. Захирлуудыг нь шууд барьж аваад шоронд хорьчихоор гадаад ертөнцөд юу гэж ойлгох вэ. Монголын банкны захирлууд гэж гэмт хэрэгтнүүд юм байна гэж шууд ойлгоно шүү дээ. Банкны захирлуудыг барьж хорьсны дараах хоёр гуравхан өдөрт л ихэнх мөнгө нь гадагшилсан мэдээ байдаг.

Тэдний үйлдэлд эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж үү?

Тэрийг тогтоосны дараа хорьдог юм байгаа биз дээ.

2009 онд эдийн засгийн төлөв байдал ямар байх бол?

Энэ оны эхний зургаан сард байдал хүнд байх болов уу. Байдлыг ингэтэл унагалгүй аваад гарах боломж байсан. Гэхдээ одоо тэр боломжоо алдчихлаа. Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн багаслаа. Дэлхийд юмны үнэ унаад байгаа юм чинь манайд ашигтай тусна гэж зарим хүн ярьж байгааг ойлгохгүй юм. Тэр хямдхан гээд байгаа зүйлсийг худалдаж авдаг мөнгө нь бидэнд байхгүй болж байна шүү дээ.

Засгийн газар бонд гаргаж зарна гэсэн. Тийм аргаар хэдэн доллар “босгож“ одоо чадах уу?

Том том орнуудын Засгийн газрын бондыг хэн ч авахгүй байна шүү дээ. Ийм байхад одоо бид бонд гаргаад яах юм. Оройтсон. Арга хэмжээнүүдийг маш их оройтож авч байна. Аль долдугаар сараас л гадаадаас ихээхэн хэмжээний мөнгө босгох хэрэгтэй шүү гэж хэлээд байсан. За яахав гээд хүлээгээд байсан. Болж байна л гээд байдаг. Уг нь банк санхүүгийн тухай мэдээлэл хамгийн нээлттэй ил тод байх ёстой юм. Их хурал дээр хүртэл бодит бус мэдээ өгч байсан байна.

Одоо эдийн засгийг аврах гарц нь юу вэ?

Зээл. Гаднаас мөнгө босгох явдал маш чухал байна. Мөн дотооддоо зардал зарлагаа боломжийн хэрээр хасах хэрэгтэй.

Гэхдээ Орос юм уу, Хятадаас их хэмжээний мөнгө авах нь бидэнд хожмын үр дагавар нь аюултай биш үү?

Бүгд Хятадаас зээлж байна шүү дээ. Хятад улс манайд мөнгө өгөх байх. Бид албан ёсоор хүсэлтээ л тавих ёстой байх. Манайханд нэг тийм айдас байнга хургах юм. Хятад биднийг залгих гээд байна аа гэсэн. Хятад улс Монголд хайртайдаа зээл өгөх гэж байгаа юм биш. Тэр зээлээр бид Хятадаас голдуу бараа, үйлчилгээ авна. Хятадууд л цалин төлж, орлого өгнө гэсэн үг шүү дээ. Харин ч Хятад улс биднийг илүү хөгжилтэй байгаасай, жижиг ч гэсэн эдийн засаг нь битгий дампуурчихаасай гэж бодож байгаа байх. Хятадууд манай том төслүүдийг дагуулаад зээл өгөх сонирхолтой байна л даа. Оросууд хүртэл Хятадаас 25 тэрбум ам. долларын зээл авлаа. Солонгос ч бас авлаа.

Азийн хувьд нэг онцлог бий. Тэр зан чанарынх нь онцлог энэ хямралын үед их хэрэг болж байх шиг байна л даа. Азиудад мөнгөө хадгалдаг заншил их хүчтэй байх юм. Бусад улсын иргэд шиг 100 долларын цалин авчихаад түүнээ сэгсэрч гүвж дууссаныхаа дараа цалингаа хүлээгээд суучихдаг зан тэдэнд үгүй юм.

Өнгөрсөн оны дөрөв, тавдугаар сараас хойш зээл олголтыг зогсоосон атлаа долларын ханшийг 1150 төгрөг орчимд маш удаан барьсан. Ханшийг чөлөөтэй тавих ёстой байсан уу. Тэр үеэс л валютийн нөөцөө алдах зам нээгдсэн гэвэл Та зөвшөөрөх үү?

Зөвшөөрнө. Долларын ханш хямдхан байхаар гадаадынхан доллар их хэмжээгээр аваад явчих жишээтэй.

Нөөц багасах нь асуудал биш гэж Монголбанкны Ерөнхийлөгч телевизээр ярьж байсан. Нөөц багасах нь аюулын дохио биш үү. Гадаад худалдааны алдагдал тооцож байгаа аргачлал ч буруу , ийм их зөрүү гарах ёсгүй гэж тэр хэлж байсан.

Валютийн нөөцийн хэмжээ багасна гэдэг маш муу мэдээ. Худалдааны алдагдал нэмэгдэх нь ч бас маш аюултай дохио. Гадаад худалдааны тэнцэл дээр арилжааны банкуудад онгоцоор зөөж авчирсан 300 сая бэлэн долларыг алдагдлаар тооцоод оруулчихсан юм байна лээ.
Монголбанкны валютийн нөөц 1.1 тэрбум ам.доллар байснаа одоо 500 сая ам. доллар болоод байна. 600 сая ам. доллараа зарцуулсан гэдэг нь 720-730 тэрбум төгрөгийг захаас татчихлаа гэсэн үг. Зэсийн үнийн уналтаас хамаарсан тал бий. Гэхдээ манай хувьд ихэнхдээ бодлогын хямрал болчихлоо.

Та ганцаарддаг уу. Таных шиг хатуу боловч үнэн үгийг нийгэмд хүргэх сонирхолгүй хүмүүс байх болж. Жишээ нь УИХ-д эдийн засагчдын лобби бүлэг байгуулаад, томоохон шийдвэр гаргах үед нь зөв чиглүүлж өгч болдоггүй юм уу. УИХ-д мэдрэмжтэй, далайцтай сэтгэх чадвартай эдийн засагчид хэр олон бэ?

Ийм цаг үед мэдрэмжтэй шинэлэг аргаар ажиллах чадвар их чухал байна аа. УИХ-д ийм гишүүн олон бий. Тэдний дуу хоолой байнга тод сонсогдож байдаг байх.

УИХ-д орж ирээд Танд сэтгэлээр унах зүйл гардаг уу?

Гаралгүй яах вэ. Тогтолцоо, чиг хандлагыг тэр чигээр нь өөрчлөхгүй бол бүтэхгүй нь ээ. Ганц жишээ татъя. Арваннэгдүгээр сард төсөв хэлэлцэж байхад хөдөө нэг аймагт баригдах эмнэлгийн асуудал ороод ирлээ. Тэр суманд байгуулах эмнэлгийн дээврийн санхүүжилтээр Их хурал дээр бид санал хураагаад сууж хэрэггүй шүү дээ. Ийм асуудлыг орон нутагт нь, газар дээр нь үзэж харж байгаад шийдвэл хөрөнгө оруулалт бодитой үр ашигтай болно. Засаглал үр нөлөөтэй болно. Иймэрхүү зүйл хэлэлцэж байгаад нэг мэдэхэд санал хураалтаар дэмжигдээд л гараад ирэх юм. Тал нь үгүй гэж эсэргүүцээд байдаг, нөгөө хэсэг нь нэг мэдэхэд л дэмжээд батлагдчихдаг юм байна. Төсөв хуваарилж байгааг харахад мөнгөө шороонд булж байгаатай адил санагддаг.

Дэлхийн эдийн засгийн хямралын шалтгаан, нөхцөл байдлын талаар та байнга уншиж, анализ хийн үнэлэлт дүгнэлт өгч чаддаг хүний хувьд энэ капиталист тогтолцоо чинь зөв үү, буруу эд үү гэх бодол төрдөг үү. Баруунд одоо энэ талаар ид маргаж, зарим хэсэг нь Маркс , Энгелсийн “Капитал“- ыг уншиж эхэлж байна. Та капитализмыг буруутгах уу. Яагаад гэвэл энэ хямралд хүний хүчин зүйл маш их нөлөөлсөн шүү дээ.

Бодож явдгаа хэлье. Капиталист систем заавал байх ёстой. Нийгмийн хөгжил гэдэг чинь хүний ухамсартай холбоотой шүү дээ.Нийгмийнхээ өмнө өдөр болгон хүлээх үүргээ , хариуцлагаа мэддэггүй хүнийг бол мөнгөөр шахаж ажиллууллахаас өөр арга байхгүй. Япон, америкуудыг аваад үз. Тэд өглөө босно, цагтаа ажилдаа очно, хийх ёстой зүйлээ хийнэ, нэг үгээр цугаараа нийгмийн маш ухамсартай гишүүд байдаг. Үүрэг ба хариуцлагаа мэдчихсэн.

Манайд ингэж хариуцлагаа ухамсарласан хүн харьцангуй цөөнх болохоор олонх нь яаж өдрийн хоолоо олж идэх вэ л гэсэн энгийн асуулттайгаа зууралдаад явж байна. Хүн хоолоо олоод иддэг болчихоороо ухамсар дээшлээд, дараа нь би ямар хувцастай явах вэ гэж бодно, гоёхыг хүснэ, дараа нь аятайхан байшин сууцтай болъё, мэргэжилтэй эзэмшье, үр хүүхдээ эрүүл байлгая, боловсролтой болгоё гээд бүр цаашаа ахиад эхэлдэг. Албан тушаалтай болъё гэх санаа төрнө. Нэг үгээр бүх зүйл ухамсрын шат дарааллаар дээшилнэ шүү дээ. Гэтэл яг тэр идэж уух энгийн хэрэгцээнээсээ салаад ахиж дээшлэх үед нь социализмыг дайрахаар чинь бүгдээрээ залхуу болчихсон. Улсаар тэжээлгэх ухамсар гүн бат шингэчихсэн . Тэр ухамсрыг өөрчлөхөөс өөр аргагүй. Одоо овсгоотой хэд нь бол гайгүй сайн амьдарч байна.
Эд нар нь жишээ болж бусдыгаа чирж явах ёстой юм. Дэлхийн бүх хөгжлийг хараад байхад яваандаа хүмүүсийн ухамсар дээшилсээр сүүлдээ тэгшрээд ирж байна. Жишээ нь Англид Хатан хааны гэр бүл зүгээр Лондоны дундаж гэр бүлтэй мэдээлэл, ухамсар, боловсрол, соёлоор ойролцоо оччихсон байна. Манайд өнөөдөр төрийн өндөрлөгүүдийн гэр бүлтэй дундаж иргэн нь бүх юмаараа ойрхон очих болоогүй байгаа шүү дээ. Боловсрол, мэдээлэл, хангамж, хүнс, хоол, хувцас хунар гээд.

Гэхдээ капитализм ч бас хариуцлагатай байх ёстой шүү дээ.

Тэр хариуцлага чинь бага багаар сууна. Ухамсраараа хариуцлага нь дээшлээд ирнэ.Тийм учраас капитализм байх ёстой. Түүгээр чинь дайраад ирэхээр манай хүмүүс үүргээ аягүй сайн ойлгоод, ухамсартай болоод ирнэ. Социализмын үед бидний өмнөөс Намын төв хороо асуудал шийдээд, бидний өмнөөс үүрэг хариуцлага хүлээдэг байлаа.

Манайд бол одоо үндэсний хөрөнгөтнүүдээ ад үзээд, айлгах дуртай болчихоод байна. Үнэн хэрэг дээрээ өнөөдөр Засгийн газрын арван том дарга өдөртөө хэрэглэдэг унаа, утас, хоол, хувцас хунар , гэрэл чийдэнгийн зардал нь манай топ арван бизнесмэний зардлаас 2-3 дахин илүү байгаа шүү. Тэгэхээр нөгөө том капиталистууд чинь том мөнгө идээд, ард түмнээс илүү юм авч үрээд байдаггүй байхгүй юу. Гэтэл өөрийнх нь мөнгө биш болохоор Засгийн газар аймаар хамаагүй зарцуулж байна. Иднэ, ууна, хоёр гурван хамгаалагч, хоёр гурван машинтай явна. Жишээ нь манай том бизнесмэнүүдийг хоёр, гурван хамгаалагчтай болох уу гэвэл тийм илүү зардлаар юу хийдэг юм л гэж өөдөөс хэлнэ ш дээ.

Та хэдэн туслахтай вэ?

Нэг туслахтай. Таван туслахтай болно гэдгийг би эсэргүүцдэг. Би одоо төсвөөс анх удаа цалин авч байна. 1991 онд Монголбанкинд ажилд орж байсан. Монголбанкны мөнгө бол төсвийн мөнгө биш шүү дээ. Монголбанкнаас авсан цалин, эсвэл хувийнхаа мөнгө, гадаадад ажилласан өөрийнхөө цалингаар амьдарч ирсэн. Монголбанкны Ерөнхийлөгч байхдаа 200.000 төгрөгний цалинтай байсан. УИХ-аас тогтоосон юм. Монголбанкны манай дундаж ажилтан 400-500.000 төгрөгний цалинтай болчихсон байсан үе. Би өөрөө тушаал гаргаад, ажилтнууддаа тийм цалин тогтоож байлаа. Миний хувьд өөртөө цалин тогтоож болдоггүй. Машин, утас, интернэт үнэгүй байсан. Энэ нь надад хангалттай. Миний гол хэрэглээ бол утас, интернэт. Одоо УИХ-ын гишүүн болоод сард 700.000 төгрөгний цалин авахаар аягүй их мөнгө шиг санагдаж байна л даа. Утсанд 100.000 нь явчихаж байна. Машины бензинд 150.000 нь явдаг биз. Би ч сайн тооцож үзээгүй л байна.

Хэвлэлүүдээ захиалсан уу?

Хэдэн гишүүнтэйгээ нийлээд, гадаадын хэвлэл захиалъя гэсэн Тамгын газрынхан их үнэтэй юм байна гээд хувиараа л захисан.

Юу уншиж байна?


Манай бараг бүх сонин, гадаадын хэд хэдэн сэтгүүл, дээр нь интернэтийн мэдээлэл их уншдаг гэж болно доо.

Монголбанкинд ажиллаж байгаад УИХ-д ирлээ. Ер нь төрийн албанд өөрчлөлт хиймээр санагдаж байна уу?

Маш их өөрчлөлт хиймээр санаг­даж байна шүү. Би хамгийн эхэнд хөдөө орон нутгийн төсвийн зохицуулалт дээр саналаа хэлсэн. Сонгуулийн үеэр нодлин, уржнан өвөл хөдөөгүүр нэлээн явлаа. Өвөл заримдаа сургууль, эмнэлэг, цэцэрлэг нь хүнгүй шахуу байх юм. Маш холоос нүүрс ачиж авчирдаг болохоор тэр нь их өндөр өртөгтэй. Тэгээд тэр нүүрсээрээ өдөрт наймхан цаг ашигтай, 16 цаг хоосон галлаж байна. Нэг сумын эмнэлэгт орсон чинь арван хэдэн ортой юм аа. Хоёрхон өвчтөн байна. Тэр хоёрыг вертолётоор Улаанбаатарт авчраад, эмнэлэгт биш бүр “Чингис хаан“ зочид буудалд эмчлэхэд сумын эмнэлэгт гарсан зардлаас хамаагүй хямд тусахаар байна. Иймэрхүү зардал манайд дэндүү их байна. Хамаг хөрөнгөө ингээд шал дэмий юманд үрээд байхаар яаж эдийн засаг маань сайжирч, амьдрал дээшлэх вэ дээ.

Гэнэтийн ашгийн татварын босгыг алтан дээр 850 ам. доллар болгож өөрчиллөө. Ер нь ийм татвартай болсны үр дагаврын талаар юу гэж боддог вэ?


Алтанд гэнэтийн ашгийн татвар ногдуулах буруу шийдвэр байсан нь одоо бараг батлагдаж байгаа биз дээ.

Маш их үнэ “төлж“ байж болиуллаа.

Тийм . Маш их үнээр энэ бүхнийг хийсэн. Одоо 15 тонн алт алга болчихоод байна. Намайг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед жилдээ Монгол улс 22-24 тонн алт экспортолж байсан. Монголбанкаар дамжуулаад 14 хүрч байсан байх тонн алт гаргадаг, “Бороо гоулд“ 8-9 тонныг гаргадаг. Яахав хараар нэг орчим тонн алт гардаг гэж бодоход нийт 25 тонн орчмыг жилдээ гаргаж байжээ. Гэтэл сүүлийн хоёр жилд 15 тонн алт эндээс сох алга болчихож. Тэгэхээр Монголд орж байх ёстой ашгийг гадныхан аваад эхэлчихсэн байна. Энэ хууль батлагдахын өмнө Монголбанкинд 130-аад компани алтаа тушаадаг байсан. Сая арван долоо, наймхан болж цөөрлөө. Ийм хууль баталж байдаг манайхаас өөр парламент байхгүй шүү дээ. Зүгээр явж байгаа хүнийг лоомдоод унагаасантай яг адилхан шийдвэр байсан.

Теннисээ тоглох зав гарч байна уу?

Зав гаргалгүй яахав. Долоо хоногт 3-4 удаа тоглодог. Ингэхгүй бол аяндаа бие организм хөдөлгөөн шаардаад байх болж.

Хэнтэй тоглодог вэ?


Теннисний клубийн залуустайгаа тоглоно.

Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

No comments:

Post a Comment