Tuesday, May 12, 2009

МОНГОЛБАНК “АНОД”-ЫГ ЗОРИУДААР ДАМПУУРУУЛСАН ГЭНЭ ҮҮ

-”АНОД” БАНКНЫ АЖИЛЧИД Д.ЭНХТӨРЫГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАХЫГ ШААРДАВ-

УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа ХЗХ-д дампуурч байсан бол 2008 оны сонгуулийн дараа “АНОД” банк дампуурч, тус банкны гурван захирлыг “Ганцхудаг”-т саатуулаад байгаа билээ. Тэгвэл өчигдөр тус банкны 30 гаруй ажилтан хэвлэлийнхэнд хандав.

Тэд “Д.Энхтөр болон манай гурван захирал ямар ч гэмт хэрэг хийгээгүй байхад УМБГ-аас барьж хориод зургаан сар болж байна. Гэтэл сүүлийн гурван сард нь нэг ч удаа байцаалт аваагүй учир Д.Энхтөр захирал үүнийг эсэргүүцэж, өлсгөлөн зарлаад долоо хонолоо. Одоо түүний биеийн байдал маш хүнд байна.

Олон сар чийгтэй байшинд байснаас бөөр, нуруугаар нь их өвддөг, дээр нь хуурай өлсгөлөн зарласнаас таталт хүртэл өгч эхэлсэн тухай мэдээлэл бидэнд бий. Тиймээс бид Д.Энхтөр захирлыг батлан даалтад гаргахыг ЦЕГ, УМБГ-аас хүсч байна” гэцгээж байв.

Ингээд “АНОД” банкны маркетингийн албаны захирал асан М.Мөнх-Очироос цөөн асуултад хариулт авлаа.

-Төв банк, “АНОД”-ыг хүнд байдалд орсон гэж олон нийтэд мэдэгдсэнээс харилцагчид хадгаламжнаасаа богино хугацаанд мөнгөө татсан нь дампуурах гол шалтгаан болсон гэж ярих боллоо?

-Өнгөрсөн оны сүүлээр эхэлсэн дэлхийн санхүүгийн хямрал манай оронд мэдрэгдэж эхлэх үед улс төр, эдийн засгийн шалтгаанаар Монголбанкны зүгээс явуулсан удаа дараагийн хариуцлагагүй мэдэгдлээс болж, “АНОД” банк найдваргүй юм байна гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлсэн. Гэтэл 2009 он гарсан даруй иргэд, харилцагчид 12 дугаар сарын 10 гэхэд 90 гаруй тэрбум төгрөгийг хадгаламжнаасаа татаж эхэлсэн. Энэ нь банкны төлбөр, түргэн гүйцэтгэх чадварт мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн.

-Засгийн газраас орж ирэх байсан 40 тэрбум төгрөгийн асуудал байдаг. Энэ мөнгийг Монголбанк саатуулсан гэх яриа ч байдаг?

-Тухайн үед Засгийн газар “АНОД” банкинд замын сангийн санхүүжилтэд олгохоор байсан 40 тэрбум төгрөгийг шилжүүлж өгөх ёстой байсныг Монголбанкны удирдлагууд зохион байгуулалттайгаар зориуд саатуулсан. Энэ нь “Анод” банкийг хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг түргэн гүйцэтгэх чадварт нь муугаар нөлөөлсөн.
Нөгөө талаар “АНОД” банк харилцагчдын мөнгийг өгч чадахгүй болсонд банкны удирдлагууд, буруутай мэтээр иргэдэд ойлгуулсан. Монголбанкны энэ хариуцлагагүй байдлаас болж манай удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэх үндсэн нөхцөл болсон. Тэр үед “АНОД” банкинд зузаатгал хийсэн бол өнөөдөр ийм байдалд орохгүй байсан гэдгийг л би баттай хэлж чадна.

-Тэгэхээр “АНОД” банкийг зориуд дампууруулсан гэсэн үг үү?

-Зохион байгуулалттайгаар хийсэн нэлээд дээрээс хаясан чулуу гэдгийг өнөөдөр олон хүн хэлдэг. Яг энэ асуудлаар тухайн үед хэд, хэдэн эдийн засагчид байр сууриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлж байсан.

- Одоо “АНОД” банк хэдэн ажилтантай байна. Монголбанкнаас ажилчдынхаа тоог цөөл гэсэн шаардлага тавьсан гэж сонсч байсан?

-”АНОД” банкны толгой одоо Монголбанкинд шилжсэн. Тэд 550 гаруй ажилтантай томоохон байгууллага байсныг цомхотгож, 250 ажилтантай болгосон. Уг нь “Анод” хувийн өмч гэтэл төр, эрх баригчдын зүгээс бүдүүлгээр халдаж, тус банкийг үүсгэн байгуулсан эздийг шалгаж байна гэх нэрээр удаан хугацаагаар хорьж хэлмэгдүүлж байна.

-УМБГ-аас Д.Энхтөр захирлыг албан тушаалаа урвуулан ашигласан. Дээр нь хуурамч баримт бүрдүүлж, их хэмжээний мөнгө завшсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Танай захирал үнэхээр мөнгө завшсан юм уу?

-Банк санхүүгийн байгууллага гэдэг бол 5000 төгрөгийг гүйлгээнд гаргасан ч бичиг баримт шаарддаг. Энэ утгаараа нэг төгрөг авсан ч баримтаар гараад л ирдэг. Хамгийн их нотлох баримт үлддэг байгууллага шүү дээ. Д.Энхтөр захирлыг хувьдаа мөнгө завшсан гэдэгт манай байгууллагын нэг ч хүн үнэмшихгүй. Хэрвээ үнэхээр л мөнгө аваад завшсан бол зургаан сар хоригдох хугацаанд нь ямар нэг сэжүүр олдох ёстой биз дээ. Гэтэл тэр мөрдөн байцаагч нар чинь өнөөдрийг хүртэл ямар ч нотлох баримт олоогүй байж хориод л байна.

-Энэ хэрэгт холбогдуулж танай байгууллагын ажилчдаас байцаалт авсан уу?

-Нийт 30-40 хүнээс гэрчийн мэдүүлэг болон байцаалт авсан.

3 Сэтгэгдэл

  1. Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр худлаа яриад байх юм
    Өдрийн Сонин, 2008/12/23 Мягмар гараг

    “Анод” банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр хоригдохоосоо өмнө Засгийн газраас 40 тэрбум төгрөгийн авлагаа нэхсэн нэгэн захиаг Ерөнхий сайдад илгээсэн гэсэн яриа бий. Энэ талаар сэтгүүлчид холбогдох хүмүүсээс лавласан боловч тэд “Тийм юм байхгүй” гэсээр өнөөг хүрэв.

    Өөрөөр хэлбэл, Монголбанк “Анод” банкинд төлөөлөгчөө суулгаж цагдаагийнхан захирлуудыг нь барьж хорьсноос хойш Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нар хангалттай худлаа ярилаа. Одоо боллоо.

    Тэднийг цаашид дахин худлаа яриулахыг хүсэхгүй байна. Тиймээс дараахь баримтыг дэлгэж байна.

    Анод банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр Ерөнхий сайд С.Баярт дараахь захидлыг илгээжээ. Захианы он сар өдөр 2008 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийг зааж байна. Тэрбээр захидлаа “Монгол Улсын Ерөнхий сайд танаа” гэж эхлээд “2008 оны гуравдугаар сараас эхэлсэн Монголын банкны системд үүссэн бэлэн мөнгөний хомсдол туйлдаа хүрлээ. Үүн дээр янз бүрийн эх сурвалжаас гарч буй банкуудын эсрэг сөрөг үйл ажиллагаа улам ташуур өгч байна.

    Өнөөдрийн байдлаар 10 тэрбумыг гаргаж чадаагүйгээс нэг банк унавал 146 тэрбумын өрөнд төр орно. Нэг банк унаснаас бүх банк унавал 1.3 триллионы өрөнд төр орно. Бүх банк унавал Монголын эдийн засаг сүйрнэ. Эдийн засаг хямрахад иргэний дайн үүсэх аюул байна.

    Та Засгийн газрын тэргүүний хувиар яаралтай арга хэмжээ авахгүй бол Монгол Улсын банк санхүүгийн хямрал эхлэх хугацаа өдрөөр бус цаг, минутаар хэмжигдэж байна.

    Манай банкны хувьд 140 орчим тэрбумын найдвартай авлага байгаагаас Засгийн газраас 40 тэрбумын авлагатай.

    Та дэлхий дахинаас, урд хойд хөршүүдээс жишээ авна уу.

    Маргааш 40 тэрбумыг өгөх боломжгүй тохиолдолд бид банкаа төрд хүлээлгэн өгье. Хүндэтгэсэн “Анод” банкны Гүйцэтгэх захирал Д.Энхтөр” гэжээ.

    Энэ захидалд хэд хэдэн анхаарал татам асуудлыг хөнджээ. Тухайлбал, Монголын банкны системийн хямрал аль гуравдугаар сараас эхэлсэн байж. Өөрөөр хэлбэл эрхэм Ерөнхий сайдыг Ерөнхий сайд болсны дараахнаас гэсэн үг.

    Гэвч Ерөнхий сайд сонгуульд намаа ялуулахын төлөө бүх юм сайн сайхан байгаа гэж худлаа ярьсаар өнөөг хүрсэн бололтой. Мөн “Анод” банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр “Засгийн газар манай банкинд 40 тэрбумын өртэй” гэдгийг хэлээд ганцхан өдрийн дотор өгнө үү хэмээн тулгажээ. Мэдээж ингэж тулгах шаардлага байсан байх. Мөнгөө авахаар хангалттай хөөцөлдөөд эцэстээ энэ захиаг бичсэн байх. Гэтэл Ерөнхий сайд өрөө төлснөөс харин банкийг нь дампууруулж өөрийг нь шоронд хорих нь илүү амар гэж боджээ. Тэр ёсоор ч болж. Захиа Ерөнхий сайдад очсоноос хойш хэдхэн хоногийн дараа Монголбанк “Анод” банкны үйл ажиллагааг тогтворгүй болгосон гэж үзээд үйл ажиллагааг нь хязгаарлаж “яс баригч”-аа илгээв. Үүнийгээ Монголбанк “Бидний хийсэн шалгалтаар ийм зүйл илэрлээ” гэсэн байсан. Гэтэл ердөө л өмнөхөн нь “Анод” банк бол Монголын арилжааны 16 банк дотроосоо эхнээсээ дөрөвт ордог сайн банк гэж тунхаглаж байснаа мартчихаад “Бид илрүүлэв” хэмээн сайрхдаг байгаа. Д.Энхтөр захирлын хэлснээр бол “Маргааш Засгийн газар 40 тэрбумаа өгөхгүй бол бид банкаа төрд хүлээлгэж өгье” гэсэн амандаа хүрсэн байж. Мэдээж Монголбанк Ерөнхий сайдын мэдэлд байдаггүй учраас шууд захиргаадаж чадахгүй. Харин цагдаагаар бол хүссэн бүхнээ хийлгэж чадна. Хууль зүй, дотоод хэргийн яам ЦЕГ-ыг удирддаг бол ЦЕГ-ын даргыг Ерөнхий сайд шууд томилдог. Тэгэхээр Д.Сандаг-Очир генералыг С.Баяр томилсон. Тэгэхээр юу хүссэнээ Ц.Нямдоржоос гадна түүнд бас хэлчихэж болно гэсэн үг. Тэгээд ч Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ үйл явдал болохоос ганцхан долоо хоногийн өмнө МҮОНТ-ээр “Зарим нэг хүмүүсийг байх ёстой газар нь тавина. Нэр төрөө золиосолж байгаад ч хамаагүй” гэж ярьж байсан билээ. “Анод”-ын захирлуудыг баривчилсан нь түүнийх нь эхлэл ч байж магадгүй. Харин Засгийн газар “Анод” банкинд ямар учраас өртэй болсон тухай баримтыг одоо сөхье.

    “ЭХБУТ” ХК цахилгаан дамжуулах агаарын ажлын гүйцэтгэл 500 сая төгрөг,

    “Очир төв” ХХК морь барианы газрын ажлын мөнгө гэж 400 сая төгрөг,

    Лүнгээс Улаанбаатарын хүртэлх замын ажлын найман тэрбум төгрөг

    Завхан аймгийн Тосонцэнгэлээс Тэлмэн сумын ЦДАШ-ын ажлын гүйцэтгэл гэж 310 сая төгрөг,

    Монроуд ХХК-ийн Лүнгээс Эрдэнэсант сум хүртэлх замын ажлын мөнгө найман тэрбум төгрөг,

    Архангай аймгийн Хануйн гүүр-Халзан бүргэдэй чиглэлийн замын ажлын гүйцэтгэл 21 тэрбум төгрөг,

    Булган аймгийн Дашинчилэн сумын Орхоны гүүрний замын ажлын хоёр тэрбум төгрөг.

    Эдгээр мөнгийг Засгийн газар төлөх ёстой. Учир нь Засгийн газраас зарласан тендерийн дагуу хувийн компаниуд ажлыг нь хийж гүйцэтгэсэн байгаа. Харин “Анод” банк эхлээд компаниудад зээл олгож дараа нь мөнгөө Засгийн газраас эргүүлэн авах нөхцөлтэйгээр олгосон. Тэгэхээр хувийн компаниудын буруу гэж байхгүй. Харин мөнгөө төлөхгүй хувийн банкийг дампуурлын ирмэг рүү түлхэж байгаа С.Баярын Засгийн газар л буруутай. Тэгсэн атлаа мөнгөө нэхсэн захирлыг нь барьж авч хорьчихоод Сангийн сайдтайгаа нийлээд худлаа яриад суух нь үнэхээр хачирхалтай л юм. Хоёр сайдын худлаа яриад байгааг эгдүүцсэн ЗГХЭГ-ын нэгэн түшмэл энэхүү баримтуудыг задлахыг хүссэн юм. Нэг танхимд тохой залган суух атлаа хэнэггүй худлаа ярихыг чинь хармаагүй байна гэсэн шүү. Ямартай ч энэ баримтуудыг хараад дахиад худлаа ярихгүй гэдэгт итгэнэ. Ардчилсан оронд Засгийн газар нь хувийн бизнесийг дэмждэг болохоос хурааж аваад хорьж цагддаггүй. Тиймээс С.Баярын Засгийн газар “Анод” банкинд өрөө төлөх л ёстой. “Анод” бол Д.Энхтөрийнх биш, Н.Даваагийнх биш. Харин ард түмнийх учраас хэн дуртай нь хэмлэж тараагаад барьж хориод байж боломгүй л санагдана.

    Л.Мөнхбаясгалан

  2. Naad chini zoosnii neg tal ni, Nuguu tal ni gevel 140 terbumiin 40 ni Zasgiin gazar tuluh baij, Tegvel Uldsen 100 terbumaas 40 hurehgui terbum ni zeeldegchid avsan baihad 50 garui terbumiig hen hulgailav? gedeg bol zoosnii nuguu tal ni buguud Anod-iin zahirluud aldahiig ni aldaad, urehiig ni ureed hezee ch seheheergui bolohooroo uldsen hesgiig ni gadagshaa zuuj baigaad barigdaa biz dee. Mongol banknii gadaad guilgee hiigdsen SWIFT -iig usehed 55 terbum tugrug gadagshilsan baigaa geed baigaa ni yu yum be Munhbayasgalan setguulch ee. Mongold bank burtguuleh huuli yosnii durmiin san 400saya tugrug baih ued Nomin zereg tom kompaniudaas tur zeelj avsan hunii munguur durmiin sangaa burduulj baij 2001 ond baiguulagdsan ihevchlen chenj-iin ajillagaa yavuulj baisan bank ene olon terbum tugrugiin ashig olson gej hen itgeed baigaa yum be. Adaglaad uursdiin gesen neg ch bair savgui tureesiin bairaar hessen iim jijig bankind hen anhnaas ni zuvshuurul ugch hahuuli avch bank bolgosnoos buh yum uudeltei bish uu.
    Sanhuu banknii medleggui hen durtai ni X3X,, Bank neegeed baival hun buhen durtai zuilsee hiigeed yavaach dee, buh deed surguulia haachihsan ch boloh yum bish uu. Tegdeggui l biz dee. Avilga avaad l hen durtaid ni tusgai zuvshuurul ugdug HU namiin l buruu. Anhnaas ni mergejliin bus humuust zuvshuurul ugch ard irgediin munguur togluulj shataachaad odoo avragch tsarailaad baigaa Hu namiin avulgachin udirdlagatai hariutslaga tootsoh heregtei.

  3. Н.Дашзэвэг: Хэргийг шударга шүүе гэвэл хөндлөнгийн шинжээч томилох нь зүйтэй
    Нийгмийн толь

    “Анод” банкны удирдлагууд хадгаламж эзэмшигчдээ залилсан, банкны их хэмжээний мөнгө үрэн таран хийсэн, хуурамч хувьцаа гаргасан хэргээр хоригдоод хагас жилийн нүүр үзэж байна. Тэдний үүсгэн байгуулсан банкийг “дампуурлын ирмэгт ирлээ” гэж холбогдох байгууллага нь хэлэх болов. Харин “Анод” банкны үйл ажиллагаа үнэхээр дампуурах хэмжээнд хүрчихээгүй байсан гэдгийг “Монгол” дээд сургуулийн захирал, эдийн засагч, доктор, профессор Н.Дашзэвэг ярьж байна. Түүнтэй уулзаж ярилцлаа.

    -”Анод”-ын удирдлагуудыг өнөөг хүртэл хорих нь зөв байсан уу. Уг банк үнэхээр дампуурах хэмжээнд хүрчихсэн байв уу?
    -Би тэдгээр залуусыг хувь хүнийх нь үүднээс сайн мэдэхгүй юм. Гэхдээ эдийн засагч хүний хувьд дүгнэхэд, Монголбанкныхан маш буруу ажил эхлүүлсэн. Эздийг нь хорьж, банкны үйл ажиллагааг зогсоосон нь эхнээсээ ойлгомжгүй байсан.

    2008 оны дунд үед Монголын бүх банкны санхүү түгжрэлтэй байсан. Гэтэл бусадтайгаа ижил төвшинд байсан зөвхөн “Анод”-ыг нь ийм байдалд хүргэсэн Монголбанкны хуучин удирдлага буруутай. Уг нь “Анод” Монголын эдийн засагт маш их зүйл хийсэн чадвартай санхүүгийн байгууллага. Жишээ нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Мянганы зам”, “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрүүдэд их хэмжээний хөрөнгө гаргасан том компани.

    -Тэгэхээр энэ бүхний буруутан нь Монголбанкны хуучин удирдлага гэж хэлж болох нь ээ?
    -Тухайн үед хэн нэгний бурууг шүүхээсээ өмнө тэдэнд туслах үүргийг Монголбанк хийх ёстой байсан. Хэрэв тэд “Анод”-дод хийсэн шиг зүйлийг бусад банкууд дээр гаргасан бол өнөөдөр манай улсад үлдэх банк олдохгүй. Учир нь дэлхийн эдийн засгийн хямрал манайд дөнгөж нөлөөлж эхэлж байх үед бүх банк түгжээнд орсон байсан. Харин ч олон жилийн туршлагатай “Анод”-ын удирдлагууд бусдаасаа илүүтэйгээр хямралаас төвөггүй гарах байсан байх. Яагаад гэвэл тус банкинд БНСУ-аас мөнгө орж ирэх гэж байсан юм байна лээ.

    -Ингэснээрээ тэдний өмчид бүдүүлгээр халдсан гэх хүн олон байна?
    -Тэгэлгүй яахав. Олигархуудын захиалгаар Монголбанкныхныг ажиллачихлаа гэж боддог. Учир нь ямар нэгэн хохирогчгүй банкны удирдлагыг барьж хагас жилийн турш хорино гэдэг цаанаа ямар нэгэн шалтгаантай л байгаа. Эзгүй хойгуур нь үүсгэсэн банкийг нь дампууруулчихвал бусад өрсөлдөгчдөд нь ч ашигтай шүү дээ. Тиймээс л хүний хөрөнгийг булааж авахаар тэмцэж байна.

    -Бусад банк ардаа хамгаалалттай байсан болохоор тэдэнд халдаж чадалгүй ганцхан “Анод”-ыг шалгаж эхэлсэн гэдэг юм билээ?
    -Тийм шүү. “Анод”-оос бусад нь УИХ-ын гишүүдийн банк.

    -Хуурамч хувьцаа гаргасан тухайд?
    -Ямар ч банк нэмэлт хувьцаа гаргах бүрэн эрхтэй. Өмнө нь тус банкийг хувьцаа гаргана гэхэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хянаж үзээд хувьцаа гаргах чадвартай гэдгийг нь баталсан байдаг шүү дээ. Тиймээс тус банк дампуурлаа гэж үзэхэд эдийн засгийн хувьд ямар ч хамааралгүй. Үнэхээр сайн явж байсан банк. Хэрэв манай улсад ийм байдлаар банкуудыг шалгаад, эздийг нь хориод байвал буруу жишиг тогтох болно.

    -Ах дүү нартаа найдваргүй зээл гаргасан гэж яригдаад байгаа. Ингэлээ гээд банкны удирдлагыг залилан хийсэнд тооцох уу?
    -Ах дүү, найз нөхөддөө зээл гаргах явдал дурын банкинд гардаг асуудал. Үүнд нэг их ач холбогдол өгөөд байх шаардлагагүй. Зүгээр л тэднийг хорих гэсэн шалтаг байх. Жишээ нь Н.Даваа дүүдээ зээл гаргалаа гээд цаадах нь ямар нэгэн асуудал гараад мөнгийг нь эргүүлэн өгөхгүй бол Н.Даваагийн эзэмшлийн хувьцаанаас төлбөрийг нь барагдуулах арга бий. Нөгөөдүүлд нь ч ялгаагүй. Ийм аргаар асуудлыг зохицуулчихаж болдог юм. Тус банкны удирдлагууд үүнийгээ сайн мэдэх хүмүүс олон жил ажилласан туршлагатай залуус байдаг. Эдийн засгийн өндөр боловсролтой, валютын ченжээс ажил хэрэг нь эрчимтэй хөгжсөн чадварлаг банкирууд.

    -”Анод”-ын гүйцэтгэх захирал Д.Энхтөр өлсгөлөн зарлаад долоо хоночихлоо. Бусад нь ч ялгаагүй энэ бүхэнд эмзэглэж, юу ч хийхээс буцахааргүй болжээ. Энэ бүхнээс гарах ямар арга зам байгаа бол?
    -Өнөөдөр тэдгээр залуучуудыг хорьчихоод ямар ч эдийн засгийн мэдлэггүй хүмүүсээр байцаалт явуулуулж байна. Үүний оронд үнэхээр л шударгаар хэргийг шүүе гэж бодож байгаа юм бол хөндлөнгийн шинжээч томилох нь зүйтэй. Хэрэв энэ ажлыг хийгээч гээд надад хүсэлт гаргавал би банкны үйл ажиллагаатай танилцаад, тайлан балансыг нь нарийн гаргах бүрэн боломж байна. Ингэж байж, хувь хүмүүсийн эд хөрөнгө төдийгүй амь насыг нь аварч болох юм. Энэ бүгдийг би хийж чадна.

    Б.Өлзийдэлгэр

No comments:

Post a Comment