Thursday, May 14, 2009

А.Батсүх өргөдлөө өглөө, дараагийн өчил хэнийх вэ?

А.Батсүх өргөдлөө өглөө, дараагийн өчил хэнийх вэ?

Төв банкны ерөнхийлөгч А.Батсүх албан тушаалаасаа огцрохоор өргөдлөө өглөө. Түүний оронд хэнийг томилохоо УИХ, намуудын хүрээнд улстөрчдийн дунд хэдийнэ танил болсон хоёр, гурван ч хүний нэрийг дэвшүүлэн ярилцаж буй. УИХ-ын экс гишүүн Л.Пүрэвдорж нарын хүмүүсийг энэхүү сунгаанд сойхоор яригдаж байгаа юм.

Тэдний хэн нэг нь энэ албыг хашлаа гэхэд бодлого, шийдвэрээрээ дамжуулан улсаа хямралаас гаргаж, бидний хэрэглээ өмнөх шигээ өснө гэсэн найдлага хэр байна вэ? Намын харьяаллаар эсвэл даалгавраар, бүр зоосны нүхээр харж ерөнхийлөгчийг нь УИХ-аас томилбол банк, санхүүгийн салбар одоогийнхоосоо дордоно хэмээн учир мэдэх эдийн засагчид сануулж байна. Тулхтай, мэдлэгтэй, мэдрэмжтэй, салбараа хэнээс ч дутуугүй мэдэж, төгрөгийн ханшийн уналтыг цаг алдалгүй зогсоож чадах хүнийг төрөөс томилохыг олон нийт хүлээж байна. Бас өнөөг хүртэл дэлгүүрийн лангуун дээрх талхны үнэ хэдхэн сарын дотор 300 төгрөгөөр нэмэгдэж, арилжааны банк дотроо сайнд тооцогддог “Анод” төлбөр гүйцэтгэх чадваргүй болсон гээд А.Батсүх өргөдлөө өгөхөөс өмнө болж өнгөрсөн бүхний буруутан хэн бэ. Яг энэ асуултыг иргэд асууж байна.

Буруутанг хаанаас хайх вэ?

Хямралд нэрвэгдсэний буруутанг зөвхөн Монголбанкны ерөнхийлөгчөөр тодруулах нь буруу алхам хэмээн зарим учир мэдэх хүмүүс үзэж байна.

Бүтцээр нь авч үзвэл аль 2006 оноос эхлэн уул уурхайн хөрөнгө оруулалтыг зэсийн үнэ өндөр байхад нь шийдэж чадаагүй УИХ, 2007 оноос эхлэн төсвийн бодлогыг эдийн засагтайгаа уялдуулж тодорхойлж, Монголбанктай уялдан ажиллаж чадаагүй Засгийн газар, Сангийн яам ч буруутны дансанд багтаж байна. 2007 оны дунд үе гэхэд Хятад-Монголын чиглэлтэй төмөр замын багтаамжийг цаг тухайд нь нэмэгдүүлж барилгын материал, жижиглэнгийн импортын үнийг хөөрөгдөхөөс хамгаалах ёстой байсан Барилга, хот байгуулалтын яам, банкнаас хэрээс хэтэрсэн зээл авсан хэрнээ ашиг олохоор хэт шунаж зарагдаагүй байраа зарагдсан гэж худлаа хэлэн үнээ хэт нэмсэн барилгын компанийн захирал, долларын ханшийг 1500- 2000 төгрөг хүрнэ гэж цуу яриа тараасан ченж. Өнөөдрийг хүртэл бидний амьжиргаа доройтоход тэд багагүй хувь нэмэр оруулсан билээ.
Өнгөрсөн оны турш төгрөгийн ханш бага багаар сульдаж, үнийн өсөлт нүүрлээд байхад Засгийн газар, УИХ юу хийв? Татвар төлөгчдийн хөрөнгөөс Засгийн газар ашиггүй зарлагадаж, халамжийн мөнгө хавтгайруулж тараахдаа инфляцийн өсөлтөд чамгүй нөлөөлсөн. Иймээс ч нэгэнт өссөн инфляцийг хазаарлахын тулд Монголбанк өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн бодлогын хүүгээ өсгөсөөр өнөөдөр арилжааны банкууд зээл олгох чадалгүй болтлоо туйлдлаа. Эцэст нь Төвбанкны ерөнхийлөгч А.Батсүх бүх бурууг өөр дээрээ үүрээд огцорч байна.

Улстөржилтийн “сүүдэр” банк, санхүүгийн салбарт туссан нь

Монголбанкны ерөнхийлөгч ийнхүү огцрох өргөдлөө өглөө. “Салбараа аврахын тулд би ийм шийд гаргасан” гэж хэлээд суудлаасаа буухыг хүссэн А.Батсүхийн хувьд энэ нь нэг талаар хожил ч байж мэдэхийг зарим эх сурвалж нуудаггүй. Yүнээс өмнө буюу хямрал газар авч эхлэх дохио дөнгөж мэдрэгдэж эхэлж байхад Засгийн газар, УИХ-аас “Хямрал Монголд огт нөлөөлөхгүй” гэж иргэдэд мэдэгдэж, санаа амар бай хэмээж байв. Сангийн сайд С.Баярцогт өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-нд манай сонинд өгсөн ярилцлагадаа “Сэтгүүлчид л Монголд хямрал болох юм шиг буруу мэдээлэл цацаад байна” гэж хэлж байсан. Засгийн газар, өөрсдийг нь хянадаг УИХ хүртэл ийнхүү тооноор шагайсан хямралыг үгүйсгээд байхад А.Батсүх тэдний адилаар “Монгол Улсад хямрал огт нөлөөлөхгүй” хэмээх тайлбар хэлэхээс ч аргагүй байсан гэж учир мэдэх зарим эдийн засагч үздэг. Гүйцэтгэх засаглалын хэтэрхий мэдрэмжгүй хэр нь мэдлэггүй мэдэгдлүүд энэ мэт өнгөрсөн хугацаанд банк, санхүүгийн салбарт оройтож “амь тариа” залгахад хүргэсэн байж мэдэх. Эргээд харахад, төр, засгийн хүмүүс иргэдэд хандаж хямралаас хэрхэн гарах, хямд төсөр аргаар туулах ямар зам байгааг хэлж ярьсан нь бас үгүй. Энэ тохиолдолд Монголбанкны ирээдүйн ерөнхийлөгчийг УИХ-аас хэрхэн томилох нь сонирхол татаж байна. “Х” ерөнхийлөгч бас биднийг хямралаас гарахад ямар нөлөө үзүүлж чадах бол. Хамгийн гол нь Засгийн газар, УИХ өмнөх шигээ алдаатай бодлого явуулж, үрэлгэн зангаа татахгүй бол хэн бэ гуай ч энэ суудалд залраад байдал өөрчлөгдөхгүй билээ. Иймд эцсийн дүнд А.Батсүх өргөдлөө өглөө, хямралд өртөхөд хувь нэмэр оруулсан бусдад нь харин хэн ямар дүн тавих бол.

Улс төрийн хямрал банкны салбарыг унагаана Эдийн засагч Я.Очирсүх:

- Манайд санхүүгийн хямрал гэхээсээ илүү улс төрийн хямрал банкны салбарыг татаж унагах эрсдэлийг бий болгож байгаа шүү дээ. Yүнийг л юун түрүүнд засварлах ёстой.

Сайн хyн ирвэл бидний амьдрал сайжирна

“Монгол” дээд сургуулийн захирал, доктор, профессор Н.Дашзэвэг:

- Монголбанкны ерөнхийлөгчөөр ямар хүн сонгогдох нь мэдэгдэхгүй байна. Сонин хэвлэлээр гарч байгаа хүмүүсийн нэрийг хараад сэтгэл дундуур л байна. Ер нь ерөнхийлөгчдөө байгаа юм биш. Топ менежерүүдийнх нь мэдлэг чадвар муу байна. Чадваргүй хүмүүсийн багаа өөрчлөх хэрэгтэй шүү дээ. Доод тал нь таван жил ажилласан хүмүүсийн баг өнөөдөр ирэх оны инфляц хэд байхыг хэлж чадахгүй сууж байна. Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалтаар авдаг шиг уралдаант шалгаруулалтыг одоо зарлах хэрэгтэй. Чадвартай баг нь ажлаа аваад хийг л дээ. Юу ч мэдэхгүй хүмүүсийг томилж болохгүй. Сайн хүн ирвэл бидний амьдрал сайжирна. Харин муу хүн ирвэл улам л дордоно доо.

Нөгөө талд нь сангийн яам бас бий шүү дээ

Монголын олон улсын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг:

- Энэ чинь А.Батсүх гэдэг хүнээс ганцхан хамааралтай юм биш. Бүгдээрээ дор бүрээ хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Зөвхөн Төвбанкийг буруутгаж болохгүй. Мэргэжлийн шүүмж, зөвлөгөө өгөлгүй яахав. Гэхдээ хэн нэгэнд хариуцлага тооцох гээд буруутгаад ирэхээр мэргэжлийн бус болж байна. Манай улсын эдийн засаг зөвхөн Монголбанкнаас хамаардаггүй. Нөгөө талд нь Сангийн яам бас бий шүү дээ. Тэд ч үүргээ ухамсарлах ёстой.

Ж.Цогзолмаа

No comments:

Post a Comment