Thursday, May 14, 2009

Монголбанк инфляцийг хүлээн зөвшөөрсөн хэрнээ түүнээс бултав

Монголбанк инфляцийг хүлээн зөвшөөрсөн хэрнээ түүнээс бултав

Үнийн өсөлт, түүнтэй холбоотойгоор инфляц нэмэгдсэн талаар Монголбанкныхан ямар хариу өгч байна вэ. Ямар ч байсан төв банкны удирдлага инфляцийн түвшин энэ оны долдугаар сараас өссөөр есдүгээр сарын байдлаар жилийн 13,2 хувьтай болоод байгааг хүлээн зөвшөөрч мэдэгдлээ. Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүх үүний шалтгааныг эрэлтийн талын хүчин зүйлс гэхээсээ илүү нийлүүлэлтийн хүчин зүйлстэй холбоотой болохыг анхаарах шаардлагатай байна гэж байлаа. Түүний мэдэгдэж байгаагаар шатахуун, мах, улаан буудай, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний гадаад зах зээл дээрх үнийн өсөлт, дотоод зах зээл дээрх нийлүүлэлтийн хомсдолоос үүдэлтэйгээр үнийн өсөлт нь инфляцийн өсөлтийн үндсэн шалтгаан болж байгаа аж.

Ингэхдээ Монголбанкны ерөнхийлөгч хэрэглээний үнийн индексийн сагсан дахь хүнсний бүтээгдэхүүний эзлэх хувийн жин 40 гаруй хувь байдаг нь мөнгөний бодлогоор нөлөөлөх боломжгүй, нийлүүлэлтийн талын хүчин зүйл инфляцийг тодорхойлж, инфляцийг бууруулахад чиглэсэн мөнгөний бодлогын үр ашгийг мэдэгдэхүйц бууруулж байна гэж инфляц өсчихөөд байгааг өөрсдийн үндсэн үйл ажиллагаанаас бултуулахыг хичээж байв.

Махны үнэ оны эхнээс 30,9, талх, гурил, будаа зэрэг бүтээгдэхүүний үнэ мөн оны эхнээс 28 хувиар тус бүр өссөн нь инфляцийн өсөлтийн 62,9 хувийг эзэлж байгаа аж. Инфляцтай холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүхээс зарим зүйлийг тодрууллаа.

- Инфляц өсч байгааг Монголбанк тухайн үед мэдсэн бол яагаад энэ талаар мэдэгдээгүй вэ. Одоо дуугарч байгаа нь хариуцлагагүй явдал биш үү?

- Инфляц өсөх дохио өгдөг, ийм сигнал бий. Үүнийг Засгийн газар ч мөн харж байсан байх. Бид хэн нэгний шахалт, шаардлагаар одоо дуугарч байгаа юм биш. Инфляцийн эсрэг арга хэмжээ авахад цаг хугацааны асуудал бий. Бид төв банкны үнэт цаасны хүүг долдугаар сараас эхлэн шинээр нэвтрүүлж жилийн 6,4 хувь, аравдугаар сараас 7,4 хувь болгох бодлого барьж байна. Ингэснээр банкны системийн илүүдэл нөөц, улмаар мөнгөний нийлүүлэлтийг бууруулна. Банк хоорондын зах дээрх зээлийн үнийг нэмэгдүүлж зээлийн өндөр өсөлтийг саармагжуулна.

- Цаашид инфляцийг яах вэ. Хэдэн хувьд ямар аргаар, яаж барих вэ?

- Ирэх жил 5,9-6 хувь байхаар тооцоолж байгаа. Инфляцид тодорхой хэмжээгээр нөлөөлдөг ханшийн сувгийг сар бүр хянана. Үнэт цаасаа үргэлжлүүлэн гаргаж хүүг бууруулснаар мөнгөний илүү нийлүүлэлтийг хязгаарлана. Энэ мэт макро эдийн засгийн бүтцийн загваруудыг хэрэглэж үр дүнг харна гэв.

Бодит эдийн засгийн суурь байхгүй, үүнийг харгалзан үзэлгүйгээр их хэмжээний мөнгийг төсвийн зардал талаасаа нийлүүлсэн. Хөрөнгө оруулалт нэрээр орж байгаа мөнгө хэдэн бүлэглэлд хуваагдан очиж байгаа зэрэг нь үнийн өсөлт, тэр дундаа инфляцид нөлөөлсөн эсэх, мөн төв банкны өөрийнх нь эрсдэлтэй олон үйл ажиллагаа хамааралтай эсэх талаар асуухад Монголбанкны удирдлага тоймтой хариу өгсөнгүй.

Б.Болд

No comments:

Post a Comment