Thursday, May 14, 2009

Ц.Одонгуа: Улсын валютын нөөцийг бүрдүүлэгч эх үүсвэр нь алт

Ц.Одонгуа: Улсын валютын нөөцийг бүрдүүлэгч эх үүсвэр нь алт

Монголбанкны Валютын газрын захирал Ц.Одонгуатай уулзаж төгрөгийн ханш, валютын нөөцийн талаар ярилцлаа.

- Сүүлийн үед төгрөгийн доллартай харьцах ханш чангарч байгаа тухай их ярих боллоо.

- Ер нь жил бүрийн эхний хагас жилд монгол төгрөгийн ханш чангардаг. Энэ нь манай орны эдийн засгийн улирлын байдалтай холбоотой гардаг өөрчлөлтүүд. Гэхдээ жил бүр энэ савлагаа гэх ханшийн өөрчлөлт багасаад байна. 2006 оны хувьд энэ онцлог нь төгрөгийн ханшны чангаралт хамгийн өндөр байгаа. Оны эхнээс ойролцоогоор гурав гаруй хувийн чангаралттай байна. Сүүлийн тав, зургаан жилд төгрөгийн ханшны уналт гурван хувьтай явж байсан бол 2005 онд зөвхөн нэг хувиар унасан. Энэ дүгнэлтээс харахад төгрөгийн ханш унах бус харин тогтвортой байна гэсэн үг.

- Монгол төгрөгийн ханш чангарахад юу ингэж нөлөөлж байна. Ханш чангарах нь ямар үр дагавартай вэ?

- Хамгийн гол нь дотоодын зах зээл дээр валютын нийлүүлэлт их байгаатай холбоотой. Төгрөгийн ханш чангарснаар сайнаасаа илүү муу үр дагавар учруулна. Ерөнхий эдийн засгийн байдлыг харвал ийм байх юм. Макро түвшиндээ төгрөгийн ханш чангарна гэдэг манай экспортын орлогод муугаар нөлөөлнө. Тухайлбал, нэг долларын экспорт гаргаад 1200 төгрөг авдаг байсан бол одоо 1168 төгрөг авах болж байна.

Тэгэхлээр дотоодын экспортлогчдын төгрөгийн орлого буурна гэсэн үг. Энэ нь манай экспорт гаргадаг үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлж байна шүү дээ. Нөгөө талаар импортыг урамшуулдаг. Хуучин нэг долларын импорт авахад 1200 төгрөг төлж байсан бол хямдарна. Иргэд хямдарлаа гээд бөөнөөр нь худалдан авалт хийнэ. Ингээд ирэхээр импорт ухаалаг биш болж төлбөрийн тэнцэл гадаад худалдааны алдагдал нэмэгдэнэ. Гадаад худалдааны алдагдал нэмэгдэнэ гэдэг Монгол орны төлбөрийн чадварт нөлөөлнө.

- Гэхдээ төгрөгийн ханшны чангаралт эдийн засагт дээр дурдсан сөрөг үр дүнг гаргах хэмжээнд хүрээгүй биз дээ?

- Түүхэнд үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш чангарснаар эдийн засаг нь муудсан баримт их бий. Дани улсын жишээг харахад мөнгөн тэмдэгт нь чангарснаар эдийн засаг нь хүндэрсэн. Өнөөдөр манай оронд ийм байдал нүүрлэсэн гэж хэлж болохгүй. Гэхдээ сэрэмжтэй байх ёстой. Ханш чангараад байна гээд баярлаж, сэтгэл хангалуун байж болохгүй. Ерөнхий макро түвшинд сөрөг дагавар гарна.

Аливаа ханшны огцом хөдлөл сайн зүйл авчрахгүй. Мэргэжилтнийхээ үүднээс тайлбарлахад ерөнхий эдийн засгийн байдлыг харахад манайх шиг 100 хувь импортоос хамаарсан оронд төгрөгийн ханш жилдээ бага зэрэг уналттай яваад байвал бизнесийн орчиндоо хэрэгтэй. Тэгэхлээр ханшны чангаралтаасаа илүү төгрөгийн ханш бага хэмжээгээр суларч явсан нь ашигтай.

- Бусад улс орнууд дотоодын мөнгөн тэмдэгтийнхээ ханшны чангаралтаас эдийн засгаа хэрхэн хамгаалдаг вэ?

- Японы эдийн засгийн ерөнхий түүхийг аваад үзвэл иений ханш 300-гаас чангарсаар байгаад 115 болчихсон явж байна. Энэ хооронд тухайн улс эдийн засгийн сөрөг нөлөөллөө давахын тулд эх орондоо байршсан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан үйлдвэрүүдээ Зүүн Өмнөд Ази, Хятадад гаргасан.

Ер нь үйлдвэрийн зардлаа бууруулах арга хэмжээг эрчимтэй авч байгаа. Төгрөгийн ханш чангараад ирвэл манайх ийм арга хэмжээ авах арга байхгүй. Хөрш зэргэлдээ орондоо экспортын үйлдвэрээ байгуулна гэдэг боломжгүй. Яагаад гэвэл манай гол экспортын түүхий эд уул уурхай, хөдөө аж ахуй. Тэгэхлээр үйлдвэрийн онцлогоос хамаараад ямар ч боломжгүй л байх.

- Монголбанк алтыг дэлхийн зах зээлийн ханшаар авч байгаа. Заавал ийм өндөр ханшаар авах шаардлага байсан юм уу?

- Дэлхийн зах зээлийн үнээр л худалдаж авахгүй бол хэн ч бидэнд алтаа тушаахгүй шүү дээ. Өмнө нь ч ийм ханшаар авч байсан. Сүүлийн үед алтны компаниудыг Монголбанкинд алтаа тушаах сонирхлыг нь төрүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл гаргасан.

- Алт олборлогч компаниудад хандсан мэдэгдэл, мэдээ гарснаас хойш тушаах хэмжээ нь нэмэгдсэн болов уу?

- Бууралттай л явж байна. Энэ жил өнгөрсөн жил худалдаж авсаы алтныхаа тал хувийг л аваад байгаа. Ер нь бууралттай байна. Алт олборлолт буураагүй байтлаа тушаах хэмжээ буураад байна гэдэг нь хууль бус наймаа яваад байгаа гэсэн үг.

- Монголбанкинд орж ирж байгаа алтны хэмжээ буурахад улсын маань валютын нөөц мөн буурна гэсэн үг биз дээ?

- Улсын валютын нөөцөд сөрөг нөлөө үзүүлэх нь мэдээж. Өнөөдөр Монгол Улсын валютын нөөцийг бүрдүүлж байгаа хамгийн гол орлогын эх үүсвэр нь алт. Тэгэхлээр энэ хэмжээгээр улсын валютын нөөцийг бүрдүүлэхэд хэцүү байх болно.

- Алт олборлогчид Монголбанкинд алтаа тушаахаар бэлэн мөнгө шууд гаргаад өгдөггүй. Бас өндөр татвар авдаг гэж байсан.

- 2002 оны нэгдүгээр сарын 1-нээс алтны зах зээл чөлөөтэй болсон. Түүнээс хойш иргэд ямар ч арилжааны банкинд алтаа тушааж болно. Харин анхдагч алтны зах зээл дээр Монголбанкны байр суурь багассан байгаа. Нийт олборлосон алтын 50 гаруй хувийг арилжааны банкууд худалдаж авч байна. Эдгээр арилжааны банкуудад тушаасан алтны төлбөрийг бэлнээр гаргаад өгдөг үйлчилгээ байдаг юм билээ. Харин Монголбанк алт тушаагчид бэлэн мөнгө гаргаж өгдөггүй дансаар харилцдаг. Ер нь бэлэн бус төлбөр тооцоо хэрэглэж заншвал аюулгүй байдал гээд учирч болох эрсдэлээс хамгаалахад чухал хэрэгтэй.

- Арилжааны банкуудад тушаагдсан алт эргээд Монголбанкинд төвлөрч чаддаг уу?

- Арилжааны банкууд худалдаж авсан алтаа эргээд Монголбанкинд худалддаг. Тиймээс ерөнхийдөө Монгол Улсын бүх банкуудын худалдаж авсан алтны хэмжээ буурсан.

- Удахгүй 20000-тын дэвсгэрт худалдаанд гаргах гэж байгаа. Мөнгөн дэвсгэртийн хэмжээ томрох тусам мөнгөний ханш сулардаг гэж байсан?

- Мөнгөн дэвсгэртийн хэмжээ томрохоор ханш нь суларч байна гэсэн дохио хүмүүсийн сэтгэхүйд төрдөг. Бид энэ 20000-тын дэвсгэртийг зүгээр л нэг өдөр шийдээд гаргаж байгаа юм биш. Монголд хамгийн их хэрэглэж байгаа ямар дэвсгэрт байна. Том дэвсгэртийн шаардлага байна уу, үгүй юу гэдгийг нэлээд удаан судалж үзэж байгаад гаргаж байгаа. Энэ дэвсгэрт гарснаар инфляцийг хөөрөгдчихгүй болов уу гэж бодож байна. 20 мянгатын дэвсгэрт гарснаар төлбөр тооцоо хийхэд илүү амар хялбар болох болно.

- Өнөөдөр худалдааны байгууллагуудад жижиг дэвсгэрт бараг байдаггүй. Үүнээс болж хэрэглэгчдэд хүндрэл учирдаг. Бас нэг, тавтын дэвсгэртийг гүйлгээнээс гарсан гээд авдаггүй?

- Жижиг дэвсгэрт байхгүй байна гэдэг банкны буруу биш. Үйлчилгээний байгууллага өөрсдөө үйлчилгээндээ бэлдэх хэрэгтэй. Тэд үйлчилгээгээ эхлэхдээ жижиг дэвсгэртээ нөөцлөөд соёлтой үйлчилж байх ёстой. Түүнээс биш жижиг дэвсгэрт цөөрөөгүй. Монголбанкинд хангалттай нөөц бий бусад арилжааны банкуудад нийлүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар гүйлгээнээс нэг ч төгрөгийг хасаагүй. Нэг, тавтын дэвсгэрт гүйлгээнд хүчин төгөлдөр хэвээр байгаа. Худалдааны байгууллагуудад нэгж үнээр тогтоосон үнэтэй бараа бараг алга байна. Тухайлбал 555, 346 гэх мэт. Тэгэхлээр үнийн байдал, хэрэглээнээсээ хамаараад жижиг дэвсгэртийн гүйлгээ арай багассан байх.

- Монголбанк болон арилжааны банкууд өдөр бүр валютын ханшаа гаргадаг. Гэтэл банкинд очоод 1-20 доллар солиулах гэхээр 1000 төгрөгөөр солино. Харин тухайн өдрийн 1167 гэх ханшаараа 50-100 долларыг л сольдог. Энэ ямар учиртай юм бэ?

- Нэг доллар ч байсан ижил ханштай байх учиртай. Дэвсгэрт жижигрэх тусам тоолох гэх мэт гүйлгээний зардлаа тооцоод өөр ханш тогтоох жишиг хаана ч байдаг үзэгдэл. Дэлхийн аль ч оронд очиход ийм ханш барьдаг. Гэхдээ ханш хэтэрхий зөрүүтэй байна уу гэдгийг хянаж байх учиртай.

- Улсынхаа нөөцийг бүрдүүлэх хамгийн оновчтой ямар аргууд байдаг вэ?

- Монголбанкны зорилго нь валютын бүрэлдсэн нөөцийн менежментийг зөв хийх. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах. Үнэгүйдлээс сэргийлэх ажил юм. Мэдээж нөөцөө нэмэгдүүлэх байна. Өнөөдрийн байдлаар валютын нөөцөө нэмэгдүүлж байгаа хамгийн гол арга нь алт худалдаж авах байна. Алт нь өөрөө хамгийн түргэн хөрвөдөг валюттай адил болсон. Тиймээс бид алт худалдан авалтаа нэмэгдүүлж өргөжүүлэх байгаа. Монголбанкны эцсийн зорилго нөөц нэмэгдүүлэхээр зогсохгүй төгрөгийн ханшийг тогтвортой байлгах.

Ц.Ургамал

No comments:

Post a Comment