Thursday, May 14, 2009

Голомт банкийг гүтгэсэн хэргийг эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байна

Голомт банкийг гүтгэсэн хэргийг эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байна

Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банкны удирдлагууд 2008 оны аравдугаар сарын 31-ний өдрийн Баасан гарагт хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж, сүүлийн үед Монгол Улсын арилжааны банкуудын үйл ажиллагааны талаар худал мэдээлэл, ор үндэслэлгүй цуурхлыг зохион байгуулалттайгаар тарааж, улмаар мессеж болон электрон шуудангаар банкуудын нэр хүндэд халдсан ноцтой гүтгэлгийг явуулж буй нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд халдаж буй гэмт хэрэг, хорлон сүйтгэх ажиллагаа гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэв.

Голомт Банк нь Айвенхоу Майнз компанийн хувьцаанаас алдагдал хүлээсэн, Иточу корпорацид их хэмжээний өртэй зэрэг мэдээллүүд нь ор үндэслэлгүй гүтгэлэг бөгөөд эдгээр цуу яриа, зохион байгуулалттай гүтгэлэг тарааж буй этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрын холбогдох албанд албан ёсоор мэдэгдээд байгаа ба гэмт этгээдийг ойрын үед олж тогтоон, зохих хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдэгт итгэж байгаагаа банкны удирдлагууд илэрхийллээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр Голомт банкны удирдлагууд харилцагчид, ард иргэдэд хандан банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа, цаашид ч тэргүүлэх байр сууриа хадгалж ард иргэд, байгууллагуудын итгэл хүлээсэн банк байх болно гээд "Голомт банк нь Монголбанкны зээлийн үнэлгээгээр дотоодын нийт 16 арилжааны банкнаас нэгдүгээр байранд явж байгаа нь Төв банкны зүгээс Голомт банкны санхүүгийн байдлыг маш сайнаар үнэлж байгаагийн баталгаа юм. Мөн манай банкны нийт өөрийн хөрөнгө 67.7 тэрбум төгрөг, нийт актив 700 тэрбум төгрөг, банкны хөрвөх чадвар 37 хувь, зээл хөрөнгийн харьцаа 65 хувьтай байгаа нь тус банкны санхүүгийн чадварт эргэлзэх зүйлгүйг харуулж байна. Эдгээр амжилт нь Голомт банкны 15 жилийн амжилттай үйл ажиллагааны үр дүнд болсон бөгөөд тус банкны олон зуун мянган харилцагчдын итгэл найдварыг хүлээж байгаагийн бодит илрэл юм" гэж онцлон тэмдэглэхийн зэрэгцээ "Монгол Улсын банк санхүүгийн салбарын нэр хүндэд халдах гэсэн иймэрхүү худал цуурхал, бүдүүлэг гүтгэлэг, аливаа гэмт үйлдэл нь цаашид тэргүүлэгч байр сууриа хэвээр хадгалах манай хамт олны тэмүүлэлд садаа болж чадахгүй" гэж мэдэгдлээ.

Дашрамд хэлэхэд Голомт банкны төлбөрийн чадвар Монголын арилжааны банкуудаас хамгийн өндөр байгаа бөгөөд Монголбанкнаас арилжааны банкуудад тавьдаг шаардлагыг байнга ханган биелүүлж ирсэн ба Голомт банкийг Монгол Улсын банк санхүүгийн зах зээлд нийт актив хөрөнгө, хадгаламжийн хэмжээгээрээ манлайлагч, Монгол Улсын банк санхүүгийн зах зээл дээр үргэлж шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санаачлан нэвтрүүлэгч бөгөөд тогтвортой өсөлттэй, сайн компанийн засаглалтай, санхүү төлбөрийн чадварын өндөр үзүүлэлттэй зэрэг үзүүлэлтээр нь дэлхийд нэр хүндтэй 30 гаруй банк санхүүгийн байгууллагууд, дотоод гадаадын олон төсөл хөтөлбөрүүд сонгон хамтран ажилладаг байна. Голомт банк нь өнөөдөр Монгол Улсын гадаад төлбөр тооцооны 70 хувь, картын төлбөр тооцооны 60 хувийг дангаар гүйцэтгэж, өдөрт дунджаар 150 тэрбум төгрөгийн төлбөр тооцоог гүйцэтгэдэг ажээ.

No comments:

Post a Comment