Thursday, May 14, 2009

Мөнгөний алдаатай бодлогын хариуцлагыг Монголбанкны удирдлага хүлээх ёстой

Мөнгөний алдаатай бодлогын хариуцлагыг Монголбанкны удирдлага хүлээх ёстой

Монголбанкны удирдлагын алдаатай бодлого инфляцид нөлөөлсөн гэв

Ардчилсан намын УИХ дахь зөвлөлийн хуралдаанаар юу хэлэлцсэнийг тус зөвлөлийн дарга Л.Гансүхээс тодруулав.

- Зөвлөл УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2008 онд Монголбанкнаас хэрэгжүүлэх мөнгөний бодлого, 2008 оны төсвийн төслийн талаар ажлын хэсэг байгууллаа. Өмнөх ажлын хэсгийн мэдээллийг бас сонссон. Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүхийг дуудаж, 2007 оны мөнгөний бодлогын талаарх мэдээллийг нь сонслоо. Эндээс хоёр гурван дүгнэлт хийлээ. Монголбанк 2007 оны мөнгөний бодлогыг биелүүлсэнгүй. Монголбанкны удирдлагын алдаатай бодлого инфляци өсөх нэг хүчин зүйл болсон байна гэдэг талаар гишүүд байр сууриа илэрхийллээ. Мөнгөний алдаатай бодлогын хариуцлагыг Монголбанкны удирдлагууд хүлээх ёстой. Ардчилсан намын албан ёсны байр суурийг ойрын үед илэрхийлнэ.

Үндсэн чиглэл болон төсвийг хариуцлагагүй боловсруулсан байна гэж үзлээ. Ялангуяа төсвийн урсгал зардал маш их нэмэгджээ. Урсгал зардлыг тодорхой хэмжээгээр царцаах хэрэгтэй. Үүнээс хэмнэсэн мөнгийг хөрөнгө оруулалт болон инфляцийг тогтворжуулахад ашиглах ёстой. Төсвийн төсөлд орж ирсэн 2.6 триллион төгрөгөөс төсвийн зарлагыг царцаавал барагцаагаар 700 тэрбум төгрөг гарч ирнэ. Тиймээс хөрөнгө оруулалт 450-иад тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөн. Үүн дээр дахиад нэмж болох юм байна гэх зэргийг АН-ын зөвлөлийнхөн хэлэлцлээ. Нарийн тооцоог төсвийн, үндсэн чиглэлийн, мөнгөний бодлогын ажлын хэсгүүд ойрын хугацаанд боловсруулаад, энэ долоо хоногийн дундуур зөвлөлийн хурлаар дахин хэлэлцэхээр боллоо гэв.

МАХН-ын бүлэг үндсэн чиглэл, мөнгөний бодлогоо хэлэлцэв

МАХН-ын бүлэг өчигдөр хуралдаж ирэх оны үндсэн чиглэл, мөнгөний бодлогын талаар ярилцжээ. Энэ өдөр гишүүд Ерөнхий сайдаасаа үндсэн чиглэлтэй холбоотой асуулт асуусан бол Монголбанкны ерөнхийлөгч ирэх жилийн мөнгөний бодлогын талаар мэдээлэл хийж гишүүдийн сонирхсон асуултад хариулав. Гишүүд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, төгрөгийн ханш өссөн зэргийг сонирхон асууж байжээ. Мөнгөний бодлогыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг бүлгийн гишүүдийн олонх дэмжиж ажлын хэсэг байгуулсан байна. Эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх бодитой дэмжлэг болохуйц санхүү эдийн засгийн арга хэмжээнүүдийг тусгахыг олон гишүүн санал болгожээ. Бүлгийн зарим гишүүн хөдөө орон нутагт олон жил ажиллаж буй эмч нарт хагас жилийн цалинтай нь дүйцэхүйц нэмэгдэл олгох хуулийн төсөл санаачлах хэрэгтэй гэжээ.

Д.Хүслэн

No comments:

Post a Comment