Thursday, May 14, 2009

А.Батсүх: Арилжааны банкууд дампуурахгүй

Бичсэн О.СЭЛЭНГЭ
Бямба, 2008 Арванхоёрдугаар сар 13 02:05

Арилжааны банк тойрсон цаг үеийн асуудлаар Монгол банкны ерөнхийлөгч А.Батсүхээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Төв банк арилжааны банкуудад шалгалт хийсэн гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Төв банк санхүүгийн хямралаас сэргийлэхийн тулд хяналт шалгалт хийсэн. Жил бүр банкуудад ээлжлэн шалгалт хийдэг. Энэ жилийн хувьд бүх банкнуудыг шалгаж дууссан. Тэгээд ч хяналт шалгалтын ажил тасралтгүй үргэлжилж явагддаг. "Анод" банкны хувьд тодорхой зөрчлүүд илэрсэн. Тиймээс тодорхой арга хэмжээ аваад хадгаламж эзэмшигчдийн эрсдэлийг бүрэн дааж аюулгүй байлгана. Хүнээр бол өвчнийг нь илаашруулах эмчилгээ хийж байна гэсэн үг. Найдвартай үр дүн өгнө гэж бодож байгаа.
-Төрийн санд мөнгө байршуулах тухай яригдаж байгаа. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-15 банкинд асуудал гараагүй.

Эрсдэлийн сангаас тодорхой хөрөнгийг Төрийн санд байршуулаад түүнээс үлдэгдэл гарвал арилжааны банкуудад тодорхой нөхцөлтэйгөөр байршуулах асуудлыг ярьж байна. Үүнийг би дэмжиж байгаа. Учир нь төв банк яагаад хязгааргүй зээл өгч болдоггүй юм бэ. Ингэхийн тулд мөнгөний бодлого, үндсэн зорилт банк санхүүгийнхээ системийг тогтвортой байлгахын тулд хяналт шалгалт тавих ёстой. Хэрэв төв банк хязгааргүй зээл өгдөг байсан бол хөрөнгө оруулалтын банк болно шүү дээ. Нөгөөтэйгүүр, хэмжээ хязгааргүй зээл өгөхөөр төв банк зээлийнхээ чанарыг шалгадаг учраас хүндрэл үүснэ. Мөн төв банкны хуульд зээл олгох заалт бий. Үүнийг бодлого зохицуулалтын хүрээнд олгож байгаа. Цаашид ч олгох болно. Гэхдээ хэлбэр хэмжээтэй, эрсдэлтэй олгох нь чухал.

-Хөгжлийн банкуудад туслах болбол яаж туслах вэ. Өөрөөр хэлбэл, "Анод" банк шиг улсаас тусламж гуйх хэмжээнд орсон банк байгаа юу?

-Одоогоор "Анод" банк шиг улсаас тусламж хэрэгтэй болсон банк байхгүй. Ер нь хөгжлийн сангийн мөнгийг зохистой харьцааны үзүүлэлт хангасан банкууд л авна шүү дээ. Гэхдээ бүгдэд нь тэгш хуваах асуудал биш. Төлбөр түргэн хангах асуудалд дэмжлэг үзүүлэх явдал юм. Энэ нь дэмжлэг мөн үү гэвэл мөн.

-Банкуудын үйл ажиллагаа доголдсоор байхад тийм байдал гараагүй гэсэн буруу мэдээллийг өгсөн гэж чуулганы хуралдаанаар гишүүд таныг зэмлэж байсан. Үүнд хариулт өгнө үү?

-Хяналт шалгалт тодорхой төлөвлөгөөний дагуу тасралтгүй явагдах ёстой. Байдал ч тийм байгаа. Гэхдээ тайлан мэдээ буруу, зөв гарах эрсдэл байдаг л даа. Хамгийн гол нь буруудсан үйлдлийг илрүүлэх, бага дээр нь эрсдэлийг зогсоохын тулд л хяналт шалгалт хийдэг.

-"Анод" банкны хувьд байдал өчигдрийнхөөс яаж өөрчлөгдсөн бол. Тэдний хувьд "Төр өөрөө банкаа ав" хэмээн Ерөнхий сайдад захидал илгээсэн гэх мэдээлэл цацагдсан байсан?

-Би захидлыг уншаагүй. Бидний хувьд бүрэн эрхт төлөөлөгчтэйгөө очоод хуульд заасан удирдамжийн дагуу арга хэмжээ авсан. Тодруулбал, актив, тооллого, бүртгэл зэрэг зарим баримт нь тодорхой хугацаа шаардаж байгаа. Өнөөдөр газар дээр нь шалгалт хийсэн. Тиймээс уг шалгалтад үндэслээд үнэлгээ хийж, бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө зохионо.

-Улсаас тус банкинд яаралтай тусламж олгох уу?

-Бүтцийн өөрчлөлт болон бусад зүйлээр тусална.

-Энэ сарын 15 гэхэд "Анод" банкны үйл ажиллагаа хэвэндээ орно гэх юм. Энэ нь хэр боломжтой юм бол?

- Үйл ажиллагаа нь хэвэндээ орно. Үүнээс наана ч үйл ажиллагааг нь эхлүүлэх боломжтой.

-"Анод" банкинд гарсан байдал бусад арилжааны банкуудад нөлөөлөх болов уу гэсэн айдас байна ?

-Нөлөөлөхгүй гэж бодож байна. Иймэрхүү зохиомол цуурхлыг өнгөрсөн сараас эхлээд л сонслоо шүү дээ. Нөгөөтэйгүүр, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг богино хугацаанд авч чадсан учир үр дүнгээ өгөх байх гэж бодож байна. Түүнчлэн хадгаламж эзэмшигчдийн эрсдэлийг төр 100 хувь дааж байгаа учир иргэд маань тайван байх хэрэгтэй.

-"Анод" банкнаас одоогоор хэчнээн хадгаламж эзэмшигч мөнгө татсан байгаа бол?

-Арав, арваннэгдүгээр сард харьцангуй олон хүн хадгаламжаа татсан бай­сан. Үүнд сонин хэвлэлийн мэдээлэл, улс төр, биз­не­сийнхний яриа нөлөөлсөн.

-Тус банкыг солонгос эзэнтэй. Тиймээс тэнд­хийн бизнес нь дам­пуур­сан учир энд ийм нөлөө үзүүлсэн гэсэн яриа бай­на. Энэ асуултад та ямар хариулт өгөх вэ?

-Солонгос хөрөнгө оруу­лагчтай нь үнэн. Гэх­дээ тэнд байдал хүнд­рэхээр эндэх банкаа дам­пууруулна гэж байхгүй.

-Засгийн газар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар нууц хуралдаан хийсэн гэх юм. Монгол банкинд чиглэл өгсөн үү?

- Засгийн газар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл сонссон байх.

Мэдээллийн спонсор: Нийгмийн толь

No comments:

Post a Comment