Thursday, May 14, 2009

Валютын зах зээлийн хамгийн бүдүүлэг хэлбэр Монголд хөгжиж байна

Валютын зах зээлийн хамгийн бүдүүлэг хэлбэр Монголд хөгжиж байна

Монголбанкны валютийн газрын захирал Ц.Одонгуатай манай улсын валютын арилжаа болон түүнтэй холбоотой зарим асуудлаар ярилцлаа.

- Манай төгрөгийн ханш яагаад унах болов? Цаад шалтгаан нь юу вэ?

- Мөнгөний ханш энэ оны 1-8 дугаар сард тогтвортой байсан учраас хүмүүс дассан байсан. Ханш огт өөрчлөгдөхгүй байна гэдэг нь тогтвортой гэсэн үг биш. Зах зээлийн жам ёсоор долларын эсрэг төгрөгийн ханш гэнэт 1.2 хувиар унасан. Үүнд хүмүүс нэг их эмзэглэх шаардлагагүй. Ханшийн савалгаа 20 хувиас дээш гарах юм бол тогтворгүйжлээ гэдэг. Төгрөгийн ханш унасан нь Монголын валютын зах зээлийн эрэлт хэрэгцээ өөрчлөгдөж байна гэдгийг л харуулсан.

- Манай улсад валютын зах зээл хэр сайн хөгжсөн бэ?

- Олон улсын стандартад нийцэж хөгжсөн гэж хэлж чадахгүй. Энэ бол хөгжлийн эхний шат. Арилжааны банкууд, Монголбанк, аж ахуйн нэгж гээд бүх оролцогчоос хамаарч байна. Санхүүгийн харилцаанд оролцож байгаа бүх хүнээс шалтгаалдаг. Манай улсад валютын зах зээл өнөөдрийн үнээр л явж байна. Валютын зах зээл хамгийн энгийн, бүдүүлэг хэлбэрээр оршиж байна гэж хэлж болно. Үүнийг Монгол банкнаас зохицуулах боломжгүй. Гол нь экспортлогч, импортлогчид үүн дээр анхаарах хэрэгтэй байна. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсвөл Монгол улс сэргэж, нефтийн үнэ өсвөл эдийн засаг нь уруудаж байгаа. Зэсийн үнэ гэнэт унавал манай эдийн засаг хүндхэн байдалд орохуйц хэврэг, эмзэг байна.

- Тэгвэл валютын зах зээлийг олон улсын төвшинд хүргэхийн тулд бид яах ёстой юм бэ?

- Өнөөдер Монголын валютын зах зээл олон улсын захаас хамаарахгүй, салангид байгаа. Энэ нь ханшийн хөдөлгөөнөөс харагддаг. Манай хөрөнгийн захын хөгжил сул, олон улсын хөрөнгийн захтай холбоогүйтэй их холбоотой. Юун түрүүнд хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түвшинг сайжруулах хэрэгтэй байна. Сүүлийн хэдэн жил аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар өндөр байгаа нь хөрөнгийн зах зээл хөгжихөд саад болж байна. Компаниуд өндөр орлогоос дайжиж жижигрэх үзэгдэл гарсан. Ер нь олонхи нь 500 сая төгрөгөөс доош орлоготой жижиг компани болсон гэсэн үг. Компани томорч нийтэд танигдаж, хөрөнгийн захаас хөрөнгө босгох асуудал хязгаарлагдмал байсан гэсэн үг. Арилжааны банктай өрсөлдөхүйц хөрөнгийн зах манай улсад хөгжих шаардлагатай байна. Тэгж байж хүмүүс арилжааны банкнаас зээл авах биш харин хөрөнгийн зах дээр хөрөнгө босгож өөрийн хөрөнгийн эх үүсвэрээ шийдэх боломж нээгдэнэ. Харамсалтай нь энэ ажил хоцроод байна. Хөрөнгийн биржийн ажил сүүлийн үед нэлээд идэвхжиж байх шиг байна. Хөрөнгийн зах, арилжааны банк хоёр зэрэгцэн өрсөлдөж байж улс орны эдийн засаг эрүүл "цусаар" сэлбэгдэдэг.

- Манай улсад эдийн засгийн таатай орчин бүрдэж чадсан уу. Эдийн засагч хүний нүдээр хараад ямар дүгнэлт хийж байна вэ?

- Энэ үе бол монголчуудын хувьд нэлээд азтай үе гэж бодож байна. Манайхаас экспортлож буй гол түүхий эдийн үнэ нэлээд өндөр байна. Сүүлийн 2-3 жил Монгол Улсын эдийн засгийн гадаад орчин таатай байгаа. Эдийн засгийн өсөлт нэлээд хурдтай явагдаж, төсөв анх удаа алдагдалгүй гарлаа. Төлбөрийн тэнцлийн урсгал данс мөн ашигтай гарсан. Монгол руу дэлхий нийтийн анхаарал чиглэчихээд байна. Саяхан олон улсын зэрэглэлийн "Фитч" компанийнхан манайд ирээд явсан. Ирэх долоо хоногоос дахин олон улсын зэрэглэл тогтоох өөр компани ирнэ. Ер нь манай улсыг гадаадын зэрэглэгч байгууллагууд ямар нүдээр харж байна гэдэг нь тодорхой болох байх. Эдийн засгийн зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлэх алтан мөч бидэнд ирээд байна гэж би хэлмээр байна. Эдийн засгийг цөөхөн хэдэн бүтээгдэхүүнээс хараат биш, олон талтай болгох арга хэмжээг зоригтой авах хэрэгтэй. Мөн сонгуулиас сонгуульд амьдардаг энэ хэмнэлийг өөрчлөх хэрэгтэй.

Ж.Цогзолмаа

No comments:

Post a Comment