Thursday, May 14, 2009

Р.Амаржаргал: Монголд хариуцлага тооцдог тогтолцоо байгаа юм уу

Р.Амаржаргал: Монголд хариуцлага тооцдог тогтолцоо байгаа юм уу

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.

- Монголбанк ирэх жил инфляцийг 12 хувь болгоно гэсэн. Энэ боломжтой юу.

- Үүнийг чинь Монголбанк л мэднэ шүү дээ.

- Та өөрөө УИХ-ын гишүүн, эдийн засагч хүний хувьд юу гэж үзэж байна вэ?

- Макро эдийн засгийн үүднээс аваад үзэх юм бол үзүүлэлтүүд бол нэг их сайн биш байгаа. Инфляц өөрөө үнийн дүнгээрээ 34.5 болчихоод байна. Энэ бол тодорхойлолтоороо муу үзүүлэлт шүү дээ. Монгол Улсын Засгийн газраас явуулж байгаа үйл ажиллагаанд ард иргэд болон зах зээл өөрөө дүн тавьчихаж байгаа байхгүй юу. Тавыг онц, хоёрыг муу гээд үзэх юм бол үндсэндээ муу болоод явчихаж байгаа хэрэг. Би бол макро эдийн засгийн үүднээс нь ярьж байгаа юм шүү дээ. Монголбанк, Засгийн газраас явуулж байгаа үйл ажиллагаанд миний хувьд бол хасах хоёр тавьчихлаа даа гэж ойлголоо. Одоогийн байдлаар бол улсын төсөв алдагдалтай гараад эхэлж байна. Дээрээс нь арилжааны банкуудын үйл ажиллагаа багагүй анхаарал татаад эхэлж. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр байдал маш түгшүүртэй болоод эхэллээ. Хамгийн наад зах нь үл хөдлөх хөрөнгөд зориулсан зээлийн эх үүсвэр алдагдаад эхэлсэн гээд олон зүйл бий.

Энэ чинь макро эдийн засгийн үүднээсээ болохгүй байна л гэсэн дохио. Энэ мэт чиг хандлагыг тодорхойлоод эхэлж байгаа учраас яг цаг үедээ тохирсон зүйлийг авч үзэх хэрэгтэй. Нөгөө талаар дэлхийн түүхий эдийн зах зээл дээр байдал ямар байгаа билээ. Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр хямрал бий болчихлоо. Тэгэхээр гадаадаас ирж байгаа тэр дохио гээд макро эдийн засгийн уялдаа холбоог нь авч үзэх нь зүйтэй. Ерөнхийдөө байдал нэг ийм л байна даа.

- Энэ байдлаас гарах боломж байгаа юу. Жишээ нь Засгийн газар төсвийг хумих тухай яриад, ямаанд 30 тэрбум төгрөгийг гаргалаа. Энэ чинь төсвийг хумих бодлоготойгоо хэр нийцэж байна вэ?

- Үгүй яахав дээ. Аман дээрээ нэг зүйлийг яриад ажил дээрээ өөр шийдвэр гаргадаг гэдэг нь харагдаж байна л даа. Макро эдийн засгийн байдал ийм түвшинд хүрсэнд Засгийн газар ч буруутай. Нөгөө талаар энэхүү бурууг УИХ өөрөө хүлээх хэрэгтэй юм. Энэ 76 гишүүн бол өөрсдөө хариуцлага хүлээх ёстой гэж би боддог. Яах гэж хэрэгтэй хэрэггүй амлалтууд өгсөн юм, яах гэж болох болохгүй заалтуудыг хийж өгсөн юм. Тийм биз дээ. УИХ, Засгийн газар яг улс орны эрх ашгийн үүднээс асуудлыг авч үзэж байна уу гэхэд учир дутагдал байна.

Тэр хэмжээндээ эдийн засгийн шийдвэр гаргаж чадаж байна уу гэдэг нь ч тодорхой бус байна. Нэг нь үнэ нэмдэг, нөгөө нь барих гэж оролддог худлаа зүйл байна. Нөгөө талаар зах зээлд төрийн оролцоо арай л их байна гэж би эдийн засагчийн хувиар хэлж байна. Өнөөдөр нэг буруу зүйл хийхэд нэг хувь хүн ч юм уу албан байгууллагыг буруутгах гээд байдаг. Гэтэл УИХ өөрөө шийдвэр гаргадаг гээд болохгүй асуудал байна шүү. Чухам өөрийгөө хаана нь тавьж байна гэдэг бол яригдах л ёстой асуудал. Улс орны эрх ашгийг хамгаалсан зүйл байна уу үгүй юу, тэр хүрээндээ эдийн засгийн бодлогын шийдвэр гаргах хэмжээний байна уу, үгүй юу гээд ярьж болно. Сая төсөв хэлэлцэхдээ бие бие рүүгээ чихээд л байна. Түүний ар дээр өөрсдөө айгаад байгаа байхгүй юу. Айх юм байхгүй биз дээ. Нэгэнт өөрсдөө хэлэлцэж шийдчихээд тийм үү.

- Өргөн хэрэглээний барааны үнэ гээд л бусад зүйлийн үнэ өсөхөөр л Засгийн газар мөнгө гаргадаг боллоо.

- Явуулж байгаа бодлогынх нь хүрээг аваад үзэхэд юмных нь үнэ өсөөд байдаг, эргэлтийнх нь хөрөнгө байдаггүй. Бодитой эх үүсвэр мөнгөний бодлого хийгээд эдийн засгийн бодлого нь харагдахгүй байна. Энэ нь эцэстээ явж явж өнөөх жижиг, дунд үйлдвэр явуулж байгаа хүмүүсийн хаалгыг нь хаалгах нэгэн үндэс болж байна. Тэр объектоо хаах, дампууруулах, тийм л юм руу энэ бодлого чинь түлхээд байна шүү.

- Монголбанкнаас явуулж байгаа бодлогыг та эдийн засагчийн хувьд юу гэж үзэж байна вэ?

- Монголбанкны өнөөдрийн явуулж байгаа бодлого бол цаг хугацааны хувьд ерөнхийдөө оройтсон бодлого. Одоо авч байгаа арга хэмжээнүүдийг өнгөрсөн оны сүүлчээр шийдэх ёстой байсан гэж би хувьдаа ойлгож байна. Нөгөө талаар өнөөдөр явж байгаа бодлогуудаа Монголбанк эдийн засгийн хүрээндээ бүрэн хүргэж чадахгүй байна. Тэд тэндээ л нэг юм хийгээд байгааг Сангийн яам нь ч мэдэхгүй, УИХ нь ч мэдэхгүй юм. Магадгүй энэ бол С.Баярцогтын онцгой анхаарах ёстой зүйл байх аа гэж бодох юм.

- МАХН-ын Эдийн засгийн бодлого нь зах зээлийн эдийн засаг уу, үгүй юу гэдэг дээр маргаж байна.

- Чухам эдийн засгийн бодлого нь хаана юу байгааг би тэдний өмнөөс хэлэх эрх надад байхгүй. Ер нь зүгээр өөрсдийнх зүгээс, өөрсдийнх нь хүмүүс тайлбарлана биз.

- Монголбанкны ерөнхийлөгч Батсүх ирэх жил инфляцийг 12 хувьтай байлгахад чухам юу хэрэгтэй байна вэ гэхэд миний энэ бодлогыг хэл амгүйгээр УИХ батлаад өгчих юм бол яг 12 хувьтай байлгана гэж яриад байна?

- Ямар ч байсан УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд ороод ирчихсэн байгаа. Тиймээс УИХ батлах үүрэгтэй. Түүнийг батлах явцад ямар ямар төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа юм. Завсарт нь ямар бодлого орж байгаа юм гэсэн зүйлүүд тодорхой болно доо.

- Монголбанк өнгөрсөн онд инфляцийг нэг оронтой тоонд барина гэж байсан. Одоо 35 хувьтай болсон байна. Үүнд УИХ ямар нэгэн хариуцлага тооцох уу?

- Ер нь Монголд хариуцлага тооцдог тогтолцоо байгаа юм уу.

Х.Баттөгс

No comments:

Post a Comment